Энэ удаа бид хамгийн хүмүүнлэг бус, харгис шүүгчдийн тухай өгүүлж байна. Манайд ч гэсэн 10 мянган төгрөг хулгайлсан, нялх хүүхэдтэй эхийг шоронд илгээж байсан ШҮҮГЧ бий. Ер шүүгчийн ял оноосон хийгээд ялаас чөлөөлсөн шударга бус шийдвэрийн ард санхүүгийн сонирхол, нэг үгээр хэлбэл авлига ямагт байдгийг дараах жишээнээс уншиж болно.
Засаглалын хамгийн дээд хэлбэр шүүхийн шийдвэр хамгийн шударга, хуулийг, хүний эрхийг дээдэлсэн байх ёстой нь зүй. Ийм ч учраас шүүгчид тангараг өргөдөг. Гэтэл харамсалтай нь шүүгчдийн эрх мэдэлдээ эрдэн гаргасан шийдвэр олны дургүйцлийг хүргэх нь аль ч улс оронд нэг биш. Аль ч улс оронд шүүх хараат бус байхаар хуульчлагдсан байдаг ч эрх баригчид, улс төрийн нам, эрх мэдэлтний дуулгавартай гар хөл болох нь энүүхэнд.
Орост Москвагийн шүүгч Ольга Боровкова гэгчийг сөрөг хүчний тэмцэгчдийг байнга шүүж, захиргааны хуулиар баривчлуулдаг хэмээн нэг хэсэг олон нийт шүүмжилдэг байлаа. Хатагтай Боровкова /нөхөрт гарахаасаа өмнө Затомская/ оросын сөрөг хүчний Алексей Навальный, Борис Немцов нарыг эрх баригчдыг шүүмжлэн цуглаан хийх бүрт нь зөвшөөрөлгүй гээд л 15 хоногоор хорих ялаар шийтгэчихдэг хүн. Борис Немцов “Түүнийг Москва хотын шүүхийн дарга биш чекистүүд хянаж байдаг. Түүний дээвэр бол Путин. Тэр энэ бүх ажлынхаа төлөө Кремлийн хар хайрцагнаас тэтгэлэг авдгийг би үгүйсгэхгүй” гэж байжээ.
Насанд хүрээгүйчүүдэд хамгийн харгис, хатуу ял оноодог, жинхэнэ хүмүүнлэг бус гэдгээрээ Марк Чьяворелла гэгч нэрд гарсан байдаг. Тэр 1997 оноос шүүгч хийхдээ 2010 он хүртэл 13 жилд насанд хүрээгүй 4000 хүүхдэд ял оноосон байдаг. Эхлээд түүнийг Пенсильвани мужийнхан дараа нь бүх америк даяараа мэддэг болж “Юуг ч тэвчдэггүй хүн” гэж хочилдог болсон гэнэ. Чьяворелла гэм буруутай л бол гэмт хэрэгтний нас хамаагүй, хамгийн хатуу шийтгэл оноож залхаах ёстой гэж хатуу итгэсэн нэгэн.
Бусдын байшинг санамсаргүй шатаасан 10 настай охиныг, байшингийн эзэн гомдолгүй гэсээр байхад нэг жилийн хорих ялаар шийтгэж байсан нь зөвхөн нэг удаагийн хэрэг. Өөр бас 10 настай жаал хүүг дэлгүүрээс дөрвөн долларын үнэ бүхий ууттай самар хулгайлсных нь төлөө зургаан сар хорих ялаар шийтгэсэн бол түүний хамтрагч найзыг сургуульд нь явуулахгүйгээр хоёр сар хорих ялаар шийтгэж байжээ.
Ийм жишээ даан ч олон. 11 настай хүү ээжийнхээ машиныг зөвшөөрөлгүй жолоодсоны төлөө хоёр жилийн ял өгсөн бол MySpace сүлжээнд багшийгаа гутаасан бичвэр нийтэлсэн 14 настай хүүд гурван сарын хорих ял өгсөн байна.
Хамгийн аймшигтай нь Чьярворелла энэ хүүхдүүдэд өмгөөлөгч өгөлгүйгээр хэргийг дунджаар дөрвөн минутад л алх цохиод хувь заяаг нь шийддэг байсан гэнэ. Ээж рүүгээ гутал шидсэн 12 настай охины хэргийг ердөө нэг минутад шийдэж хоёр сар шоронд хорих ялаар шийтгэж байсан нь шүүгч Чьявореллагийн “дээд амжилт”.
Гэтэл шүүгч Чьявореллагийн энэ “шударга” шийтгэлийн цаана санхүүгийн сонирхол байсан нь гэнэт илэрчээ. Тэр насанд хүрээгүй багачуудыг PA Child Care компанийн эзэмшлийн хувийн шорон руу илгээдэг байж. АНУ-д хувийн шорон хоригдол бүрийнхээ төлөө улсаас татаас авдаг болохоор шорон нь хэдий л олон хүнтэй байна, ашиг орлого нь төдий их байдаг. Нөгөө талаар шорон шүүгчид 997 мянган доллар төлсөн байдаг. Гэмт хэргийг тэвчиж чаддаггүй “Шударга” шүүгч Чьяворелла энэ мөнгөө оффшороор дамжуулан Майамид харш худалдаж авсан байжээ.
Энэ бүхний төлөө Марк Чьявореллаг 2011 оны хоёрдугаар сард 28 жил шоронд хорих ялаар шийтгэсэн бол өнөөх PA Child Care компанийн менежер, нягтлан бодогч зэрэг 30 хүнд дунджаар долоон жилийн ял оноосон байна.
Хамгийн гол нь Чьявореллагийн шийдвэрээр ял явсан 4000 гаруй хүүхдийг цагаатгаж, тухайн үед шоронд сууж байсан хүүхдүүдэд өршөөл үзүүлэн суллажээ. Харамсалтай нь хоёр хүүхэд л шоронд байхдаа амиа хорлосон байдаг.
Америкийн өөр нэг шүүгч бол Огайо мужийн Лейк-каунти торгийн шүүгч Майкл Чиконтти. Хамгийн хүмүүнлэг бус, бас инээдэмтэй шийдвэр гаргадаг шүүгч гэж АНУ даяар нэрд гарсан нэгэн. Нэг эрэгтэйг секс-шопоос хулгай хийснийх нь төлөө тэр дэлгүүрийн нь өмнө “Би үүнийг харахгүй” гэсэн пайз бариулан буруу харуулан тав хоног зогсоохоор шийтгэж байсан гэнэ. Цагдаагийн ажилтныг доромжилсон өөр нэг залууг “Энэ бол цагдаа биш” гэсэн пайз бариулан гэгээн цагаан өдрөөр гахайтай байх ялаар шийтгэжээ. Иисус бурхны баримал дээр 666 гэсэн тоо бичсэн хоёр хүүхдийг хоёр хоног хотоор илжигтэй хамт туух ял өгсөн байна. Задгай машинаараа шөнийн цагаар хөгжим чанга тавин давхисан нэг залууг гурав хоног ойд ганцаар суух ялаар шийтгэж байж.
Өөрийнхөө нохойг толгой руу нь буудан хөнөөсөн нэгэн эрийг зургаан сарын хорих ялаар шийтгэснээ 20 хоног нохойн баг өмсч хүүхэд багачуудад замын хөдөлгөөнийн дүрэм болон хар тамхи мансууруулах бодис хэрэглэхийн аюулыг сурталчлах ялаар сольжээ. Ер нь Чиконетти гэмт хэрэгтэн хоёр төрлийн ял санал болгоод өөрийн нь сонголтоор тогтоол гаргадаг байсан гэнэ. Бага насны хүүхэд зодсон нэгэн эмэгтэйд гурван сарын хорих ял, хүүхэдтэй зүй бус харьцахыг хориглосон сонин сэтгүүлийн өгүүлэл цуглуулж үдсэн дөрвөн хавтас материал унших ял санал болгосноос эмэгтэй мэдээж хоёрдахийг нь сонгосон байдаг. Аврах хантаазгүйгээр усанд сэлж явсан залуу хосыг Чиконетти шүүгч нэг бол шоронд ор, эсвэл усны хувцас, аврах хантааз өмсөн бямба гараг бүр 15-17 цагт усанд аюулгүй сэлэх дүрэм журам уншин зогсох ялаар шийтгэсэн байна. Хосууд мэдээж хоёр дахь хувилбарыг нь сонгосон байдаг.
Хамгийн аймшигтай нь Чиконеттийн ялласан гэмт хэргийн ердөө долоохон хувь нь л хуулийг давтан зөрчсөн хэрэг байжээ. Энэ бол хуульд заасан анхны үйлдэл, гэм буруугаа хүлээж байгаа эсэх гээд хөнгөрүүлэх зүйлийг үл харгалзан эрх мэдлээ ашиглан хуулиар далайлган бусдаар тохуурхаж, хувь заяагаар нь тоглон сэтгэл санааны дарамтад оруулж байгаа хэрэг. Харин энэ бүхний ард санхүүгийн ямар нэг сонирхол байсан эсэх нь тодорхойгүй.
ххххх
Монголчууд “Хэнд эрх мэдэл байна, түүнд хилэнц бий” хэмээдэг билээ. Манайд ч гэсэн шүүгчдийн эрх мэдлийг өндөрсгөж, цалинг нь хэт өндөр тогтоосон нь авлигаас холдуулж шударга болгох нь бүү хэл харин ч шуналыг нь улам дэвэргэсэн хэрэг болсон биш үү.
2021 оны нэгдүгээр сарын 18. Даваа. №005 (5410)