Нийгэм
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫГ ХАВАР, НАМРЫН ДҮРЭМТ ХУВЦСААР ХАНГАЛАА
Байгаль орчин, аялал жуулчлалын яам салбарынхаа албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, техник хэрэгслээр хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх шат дараатай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд 210 байгаль хамгаалагчийг туулах чадвар сайтай, шинэ мотоциклоор хангаж хангаж ажиллах нөхцөлийг сайжруулж байсан.
Харин өнөөдөр Улсын төсвийн хөрөнгөөр Тусгай хамгаалалттай газар нутгийн 31 хамгаалалтын захиргаа, усны сав газрын 21 захиргаадын 241 байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийг хавар, намрын дүрэмт хувцсаар хангалаа. Ингэснээр онгон дагшин байгаль, түүхт өв, соёлоо хамгаалахад хүчин зүтгэж байгаа байгаль хамгаалагчид албан үүргээ тав тухтай гүйцэтгэхээс гадна энгийн иргэдээс ялгарах, иргэдэд шаардлагатай тавин ажиллах боломж бүрдэх юм.
Дээрх арга хэмжээний үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан ТХГН-ийн Хамгаалалтын захиргаадын дарга нартай цахимаар уулзаж салбарт тулгамдаж буй цаг үеийн асуудлуудыг сонсож, чиглэл өглөө. Хамгаалалтын захиргаадын дарга нар дараах асуудлуудыг салбарын сайдад уламжилсан юм. Юун түрүүнд ТХГН-ын хуулийг батлуулах, эрхзүйн орчныг сайжруулах, байгаль хамгаалагчдын зэрэг, дэв, цалин, хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарах, вакцинжуулалт хийх, байгаль хамгаалагчдыг биеэ хамгаалах зэвсэг, техникээр хангах, тэтгэврийн насыг сайн дураар 55 нас болгох зэрэг асуудлуудыг хөндөн ярилцсан.
Сайд Н.Уртнасан Байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдтэйгээ цаашид эргэх холбоотой, ойр ажиллаж тулгамдаж буй асуудлуудыг тухай бүрт нь хурдан хугацаанд шийдвэрлэн ажиллана гэдгээ энэ үеэр хэлсэн юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.