Нийгэм
Н.Уртнасан: Ариун цэврийн байгууламж, төсвийн үр ашигтай зардалд анхаарах хэрэгтэй

Өнөөдрийн байдлаар Байгаль орчны салбарт гадаадын хөрөнгө оруулалттай 20 төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Үүний нэг нь ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг сайжруулах “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төсөл юм.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан төслийн баг, бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж төслийн явц, хэрэгжилтийн үр дүнтэй танилцлаа. Төслийн I шат 2015 оноос эхлэн 10 аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн 11 Хамгаалалтын захиргаадад хэрэгжиж эхэлсэн. Дээрх аймгуудад төсөл хэрэгжсэнээр Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, орон нутгийн ард, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үүргийг гүйцэтгэж байгаа.
Төслийн нэгдүгээр шатанд 4 төрлийн суурь судалгааг хийх, Хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагчдыг шаардлагатай техник хэрэгслээр хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн шат дараатай ажлыг хийж хэрэгжүүлээд байгааг төслийн зохицуулагч Г.Эрдэнэбаясгалан танилцуулсан юм.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлэхдээ Хоёр улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа уг төсөл ТХГН-ийн Хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагчдад үр өгөөжөө өгч байгаа боловч нөгөө талаараа учир дутагдалтай, анхаарах зайлшгүй шаардлагатай хэд хэдэн зүйл байгааг онцоллоо. Тухайлбал, байгаль хамгаалагчдын орон сууц болон сургалт мэдээллийн төвүүдийн ариун цэврийн байгууламжийн асуудал, төсвийн үр ашигтай зардал, байгаль хамгаалагчдын дүрэмт хувцасны стандарт зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй байгааг хэлсэн.
Цаашид төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хөрсөн дээр буусан бодлого, шийдвэрийг хамтран гаргаж, байгаль орчны салбарын хүндийг үүрч байгаа байгаль хамгаалагчдын бодит асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах чиглэл өглөө.

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

