Нийгэм
“УУР АМЬСГАЛ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА, ХАРИН БИД?” УРИАТАЙ МЭДЭЭЛЛИЙН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
БОАЖЯ-наас “Уур амьсгалын долоо хоногийг” “Уур амьсгал өөрчлөгдөж байна, харин бид?” уриатай мэдээллийн 7 хоногийг 05 дугаар сарын 17-ноос эхлэн орон даяар цахимаар зохион байгуулж эхэлээд байна.
Үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулагдах тус арга хэмжээнд өөрсдийн үг, үлгэр жишээ үйл хэрэг, үр өгөөжтэй мэдлэг, сайн туршлагуудаасаа хуваалцан, олон нийтэд таниулан сурталчилж идэвхтэй оролцохыг БОАЖ-ын сайд Н.Уртнасан онцолсон юм.
Учир нь Дэлхийн нийтээр байгалийн гамшигт үзэгдэл олширч, эрчимжиж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бөгөөд нэн эмзэг манай орны хувьд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.25 хэмээр буюу дэлхийн дунджаас даруй 2 дахин нэмэгдэв. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад Монгол Улс ч мөн нэгдэж, олон талын оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлж, хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна.
Хэрэв хүн төрөлхтөн энэ хэвээр хүрэн эдийн засгийг дэмжсээр байвал дэлхийн агаарын дундаж температур зууны төгсгөл гэхэд 4 – 6 хэмээр дулаарах аюул тулгарахыг олон орны эрдэмтэн судлаачид тооцоолоод байна. Иймд, дэлхийн дулаарлын гол шалтгаан болж байгаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц дэлхий улс орнуудаас хүсч, уриалаад байгаа юм.
Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал дэлхийн жишигтэй харьцуулахад бага боловч, нэг хүнд ногдох хэмжээгээрээ эхний 10 улсын тоонд ордог. 2019 оны байдлаар 8 дугаарт буюу дэлхийн дундаж болон Ази-Номхон далайн бүсийн дунджаас харьцангүй өндөр байгаа тул үндэсний хэмжээнд энэ асуудлыг хэлэлцэх цаг иржээ.
Сүүлийн тавиад жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас Монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, энэ нь байгаль, цаг агаарын гаралтай гамшигт үзэгдэл болон ган, зудын давтагдал ихсэх, цөлжилт, усны нөөц, биологийн олон янз байдал, хомсдох зэргээр нийгэм-эдийн засаг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж байна.
Манай орны газар нутагт ган, зуд, аадар бороо, мөндөр, хүчтэй цасан болон шороон шуурга, уруйн үер зэрэг байгаль, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж, эрч хүч нэмэгдэж, улмаар хүн амын осол, эндэгдэл мэдэгдэхүйц өсөн нийгэм, эдийн засагт учруулах хор хохирлын хэмжээ сүүлийн 20 гаруй жилд 2-3 дахин нэмэгджээ. Тодруулбал, 2009 оноос хойш гамшгийн улмаас 11.5 сая мал хорогдож, 2,789 хүн эндэж, 1.2 их наяд төгрөгийн хохирол учирсан байна.
Иймд олон нийтэд тодорхой ойлголт өгөх, Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухааны судалгаа, мэдээллийг түгээх, зөвлөгөөг, Шилдэг туршлагуудыг дамжуулах, үр дүнтэй шийдлийг дэмжих, хамтрын ажиллагааг тэлэх зорилгоор энэхүү мэдээллийн цахим 7 хоногийг өрнүүлж эхэллээ.
Үйл ажиллагааний хүрээнд төрийн, төрийн бус байгууллагууд, гадны элчин сайдууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд, залуучууд болон олон улсын байгууллагууд хуваарийн дагуу мэдээллээ хуваалцах зарчмаар оролцох юм.
#УУР_АМЬСГАЛЫН_ЦАХИМ_7_ХОНОГ:
“УУР АМЬСГАЛ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА, ХАРИН БИД!”
#УУРАМЬСГАЛЫН7ХОНОГ #MONGOLIANCLIMATEWEEK #CLIMATEWEEK2021 #ШИЙДЭЛОЛЪЁ #BEPARTOFSOLUTION #MINISTRYOFENVIRONMENTANDTOURISMMONGOLIA #БОАЖЯ
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.