Нийгэм
1200 ГАРУЙ ЗАГАСЫГ ТОРООР ШҮҮН УРСГАЛД ТАВЬЖ, ГУРВАН ГОЛЫН ЦУТГАЛЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ
Хөвсгөл нуурын цутгал голууд загас үржлийн үеэр ус багатай байсантай холбогдуулан 5-6 дугаар сард тус голуудад загас өгсөж үржжээ.
Зургаадугаар сарын сүүлээр усархаг бороо орж, нуурын цутгал голуудын усны түвшин нэмэгдэж, загас дахин өгссөн байна.
Загас уруудаж амжаагүй байхад цутгал голуудын зарим салаа цутгалууд тасарч, тасарсан гол, салаануудад загас ихээр үлдсэн учир Хөвсгөл аймгийн хамгаалалтын захиргаанаас хоёр дахь жилдээ загас үржлийн үеийн биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Ингэхдээ Хөвсгөлийн БЦГ-ын Алагцарын гол, Шарилжилтын гол, Нарийны голуудын цутгал салаануудад урсгалыг чөлөөлж, чөлөөлөх боломжгүй газраас загасыг эрвээхэйн тороор шүүх, суйлах зэргээр барьж зөөвөрлөн урсгалд тавьж байгаа юм.
Загас үржлийн үеийн биотехникийн арга хэмжээний үеэр 1,200 гаруй загасыг тороор шүүн урсгалд тавьж, гурван цутгал голын урсгалыг чөлөөлжээ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.