Нийгэм
Засаг захиргааны бүх нэгжийн удирдлагууд анх удаа чуулж, асуудлаа хэлэлцэж байна
Монгол Улсыy нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, шийдэл хайх зорилготой “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулган өнөөдөр эхэллээ. Энэхүү чуулганыг УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийслэл, 21 аймаг, есөн дүүрэг, сум, багийн Засаг дарга, ИТХ, ИНХ-ын төлөөлөгчид оролцож байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга бөгөөд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн гишүүн илтгэл тавихдаа “Монгол Улсын засаг захиргааны бүх нэгжийн төлөөлөл өнөөдрийнх шиг нэг дор цуглаж асуудлаа ярьж байсангүй. Тиймээс хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү чуулга уулзалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. УИХ-ын Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн байдлыг судалж дүгнэлт гаргасан. 1992 онд анх баталж, 2006 онд өөрчлөлт оруулж байсан энэ хуулийг илүү боловсронгуй болгох шаардлагатай болсон. Тухайлбал, ИТХ, Засаг дарга хоорондын зааг ялгаа тодорхой бус болсон нь судалгаанаас харагдсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох том хууль. Учир нь, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 1600 гаруй засаг захиргааны нэгжийн үйл ажиллагааг зохицуулдаг хууль. Сүүлийн үед орон нутаг төсвийн болоод шийдвэр гаргах эрх мэдэл өгч байгаа ч энэ хуульд өөрчлөлт оруулахгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн юм.
Г.Ганболд: Аймгуудад төсвийн тэгш бус байдал үүсч байна
Орон нутагт төсвийн эрх мэдэл өгөх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш нэлээд хэдэн жилийн хугацаа өнгөрч байна. Улмаар энэ онд ашигт малтмалын лицензийн төлбөрийн 30-50 хувийг орон нутагт нь олгохоор болсон юм. Энэ мэтээр орон нутагт төсвийн эрх мэдэл өгсөөр байна. Гэвч нь аймаг бүрт харилцан адилгүй, ашигт малтмал ихтэй аймгуудад л үр дүнгээ өгч байна гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд “Орон нутгийн хөгжлийн сан бол сайн жишиг болсон. Сум орон нутгууд энэ сангийн хөрөнгөөр юу хийх шаардлагатай байгаагаа иргэдтэйгээ ярилцаад шийдэж байна. Гэхдээ энэ сангийн хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа нь нууц биш. Тиймээс төсөвт орон нутгийн хүн ам, байршил, сумдын тоотой уялдуулсан хөрөнгө оруулалтыг тусад нь тавьж өгдөг болмоор байна. Энэ оноос ашигт малтмалын лицензийн төлбөрөөс тодорхой хувийг нь орон нутагт олгохоор болсон нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь аймаг бүрт харилцан адилгүй үйлчилж байгаа. Тухайлбал, Өмнөговь аймаг 80 мянга гаруй хүн амтай хэрнээ орон нутгийн хөрөнгө оруулалт нь 110-120 тэрбум төгрөг. Гэтэл 117 мянган хүн амтай манай Өвөрхангай аймгийн хөрөнгө оруулалт 8-9 тэрбум төгрөг байгаа нь төсвийн хөрөнгө оруулалт иргэдэд жигд хүрэхгүй байгаагийн илэрхийлэл. Тиймээс Орон нутгийн хөгжлийн сангаас гадна орон нутгийн хөрөнгө оруулалтуудыг жигдэлж тэгшитгэх зарчмаар явахгүй бол болохгүй байна. Санхүүжилтээ барж ядсан хэдэн аймаг бий. Гэтэл санхүүжилт нь хүрэхгүй, тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй аймаг олон байна. Тиймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж энэ тэгш бус байдлыг арилгах нь зөв” гэж байлаа.
Х.Булгантуяа: Иргэд, аж ахуйн нэгжийн зөрчлийг зөөллөх үүднээс лицензийн төлбөрийн тодорхой хувийг орон нутагт өгдөг болсон
Ийнхүү орон нутагт төсвийн тэгш бус байдал үүссэн тухай шүүмжлэлийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлэхдээ 2019 оноос ашигт малтмалын лицензийн төлбөрийн 50, газрын тосны лицензийн төлбөрийн 30 хувийг орон нутагт төвлөрүүлж байна. Ингэснээр Өмнөговь, Дорноговь зэрэг ашигт малтмал ихтэй аймагт орлого нэлээд төвлөрнө гэсэн үг. Ашигт малтмалтай аймгуудад машины тоо нэмэгдэх зэргээр дэд бүтэц дээр ирж байгаа ачаалал нэмэгддэг. Орон нутгийн зүгээс байгаль орчноо сэргээх, хамгаалах, иргэдээ ажилтай болгох гэх мэт ажлыг давхар хийж байхгүй бол иргэд, аж ахуйн нэгжүүдийн хооронд зөрчил үүсдэг. Энэхүү зөрчлийг зөөллөхийн тулд дээрх орлогыг орон нутагт төвлөрүүлэхээр тусгасан” гэлээ.
Орон нутагт төсвийн эрх мэдлийг олгож байгаагаас гадна шийдвэр гаргах эрх мэдлийг бага хэмжээгээр өгч байгаа нь төрийн ажилд эергээр нөлөөлж байгааг орон нутгийн удирдлагууд онцолж байв. Тухайлбал, өнгөрсөн онд аймаг, дүүргийн хөдөлмөр, халамж, цаг уур, боловсрол, нийгмийн даатгалын газрын удирдлагыг хэвтээ тогтолцоонд шилжүүлж, удирдлагуудыг нь тухайн орон нутгийн Засаг дарга нь томилдог болсон юм. Энэ нь төрийн албаны уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ, захирах захирагдах ёсонд нийцсэн шийдвэр болжээ.
Монгол Улсын бүх засаг захиргааны нэгжийн удирдлагууд ийнхүү нэг дор чуулж туслгамдсан асуудлаа хэлэлцэж байгаагийн цаад зорилго нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа шинэчлэх явдал юм. Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Д.Тогтохсүрэн гишүүн ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа, Ж.Батзандан зэрэг долоон гишүүн байгаа ажээ. Энэ удаагийн чуулганаас хамгийн их давтагдсан саналуудыг хуулийн төсөлд тусгана гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хэлж байлаа. Уг хуулийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын сэтгэгдлийг сонслоо.
Д.Лүндээжанцан: Хаврын чуулган эхлэхээс өмнө төслөө өргөн барих үүрэг өгсөн
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. Ингэхдээ орон нутгийн чиг үүрэг, зорилго, хариуцлага, байгаль орчны асуудал, санхүү, эдийн засгийн эрх мэдэл зэргийг цогцоор нь авч үзнэ. Өнөөдрийн зөвлөгөөнд Монгол Улсын засаг захиргааны бүх нэгжийн төлөөлөл ирсэн. Эдгээр хүмүүс хуульд тусгах шаардлагатай саналуудаа хэлнэ. Маш үнэтэй саналууд гарах байх гэж бодож байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх хаврын чуулган завсарлахаас өмнө өргөн барихыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэгт үүрэг болгож байна. 2019 ондоо багтааж энэ хуулийн өөрчлөлтийг батлах зорилготой байна.
Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцвэл энэ төслийг түр хойшлуулна
-УИХ-ын Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн байдлыг судалж дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтийн дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Энэ ондоо багтаад хуулийн төслөө батлах зорилт тавин ажиллаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцвэл энэ төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулна. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж амжихааргүй болбол одоогийн Үндсэн хуульдаа нийцүүлээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна