Нийгэм
ХҮҮХЭД, БАГАЧУУДЫГ “НОГООН ДЭЛХИЙ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “НОГООН ДЭЛХИЙ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” сэдвийн хүрээнд хүүхдийн гар зургийн уралдааныг зарлаж байна.
Уралдааны зорилго:
Уран зургийн төрөл бүрийн арга, хэлбэрээр, насны хоёр ангилалтайгаар 16 хүртэлх насны хүүхдүүд дунд өөрсдийн чөлөөт уран сэтгэмжийг ашиглан мод тарих, ургуулах, хайрлан хамгаалахын ач холбогдлыг дүрслэн зурж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ирээдүй хойч үеийн төлөөлөлд таниулах; уралдаанд шалгарсан бүтээлүүдийг ашгийн бус зорилгоор олон нийтэд толилуулахад оршино.
Уралдааны сэдэв:
“НОГООН ДЭЛХИЙ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ”
Шагналын сан:
I байр 1.5 сая төгрөг.
II байр 1 сая төгрөг
III байр 0.5 сая төгрөг
Тусгай байр хоёр, тус бүр 250,000 төгрөг.
НИЙТ: 3.5 сая төгрөг /8 хүртэлх настай хүүхдүүд/
I байр 1.5 сая төгрөг.
II байр 1 сая төгрөг
III байр 0.5 сая төгрөг
Тусгай байр хоёр, тус бүр 250,000 төгрөг.
НИЙТ: 3.5 сая төгрөг /9-16 хүртэлх настай хүүхдүүд/
Бүртгэл:
– Бүртгэлийн хураамж төлөхгүй
– Бүртгэлийг fcymgl99@gmail.com холбоосоор илгээнэ.
– Бүтээлийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт эсхүл өндөр чанартай файлыг WeTransfer, Dropbox зэрэг үйлчилгээг ашиглаж татаж авах холбоосоор хүргүүлнэ.
– Бүтээл хүлээн авах хугацаа 2021 оны 10 сарын 15-наас 11 сарын 15-ны 18:00 цаг хүртэл.
Бүтээлд тавигдах шаардлага:
– Зургийн хэмжээ 40*60 см,
– Бүтээлийн хамт зураачийн овог, нэр, нас, хүйс, хаяг, сургууль, цэцэрлэгийн нэр, эцэг, эхийн холбоо барих утас, имейлийг тодорхой бичсэн байх,
– Заасан хугацаанд бүтээлээ ирүүлсэн байх,
– Нэг оролцогч нэг бүтээлээр оролцох,
– Шалгарсан бүтээлийг байгууллагын албан ёсны сайт, пэйжид байршуулан олон нийтэд сурталчилна.Бүтээлүүдийг нийтийн хүртээл болгох үүднээс зурган дээр бүтээгчийн овог, нэрийг хамт сурталчилна.
– 2021 оны 1 сарын 1-ээс хойш бүтээгдсэн, шаардлагад нийцсэн, урд өмнө олон нийтэд толилуулаагүй, цахим орчинд болон телевизийн сувгаар түгээгээгүй бүтээлээ ирүүлж болно.
– Бусад төрлийн гар зургийн уралдаан тэмцээнд оруулсан зураг, бүтээл ирүүлэхийг хориглоно.
Шалгаруулах комисс, зохион байгуулагч:
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР
БАЙГАЛЬ, ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.