Нийгэм
ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД 2000 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон даяар амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын эрдэмтэн мэргэд, мэргэжилтэн судлаач, ойн аж ахуй эрхлэгчид болоод уялдаа холбоо бүхий салбарын төлөөллүүд дөрвөн удаагийн хуралдаан, аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарыг оролцуулсан семинарыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгууллаа.
Цахимаар болон биечлэн 2000 гаруй төлөөлөл оролцож санал, зөвлөмжөө, туршлага, судалгаа, тооцоонд үндэслэн ирүүлсэн. Чуулганаас гарсан нэгдсэн зөвлөмжийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав. Зөвлөмжийг ажил хэрэг болгоход салбарын яам бүх анхаарлаа хандуулан ажиллахыг онцлов.
Чуулганы хүрээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 21 аж ахуй нэгж байгууллага 608,5 сая мод тарьж ургуулахаа батламжилсан бол өнөөдөр Аймаг, Нийслэлийн засаг дарга нар 680 сая мод тарьж, ургуулах хариуцлагын гэрээг үзэглэлээ.
“ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-аас “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг бүрэн дүүрэн дэмжихээ илэрхийлж, чуулганд тавигдсан илтгэл, салбар хуралдаанаас дэвшүүлсэн саналд үндэслэн 8 бүлэг, 28 заалт бүхий зөвлөмж гаргасан байна. Тухайлбал: ойгоор бүрхэгдсэн талбай 9.0 хувьд хүрэх, нэн хүчтэй цөлжсөн газрын хэмжээ 4.0-с доошгүй хувиар бууруулах, Сум, суурин газар бүрд 3-аас доошгүй ойжуулагч байхаар тооцож, “1000 сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг 2022 онд багтаан хэрэгжүүлэх, мэргэжилтэй ажилчдыг тоог 7000-д хүргэх, Үрийн нөөцийг жилд 290.0 мянган кг, жилд ургуулах тарьц, суулгацын хүчин чадлыг 30-100 сая ширхэгт хүргэхээр тусгасан байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.