Нийгэм
“1000+ СЭРГЭН ХӨГЖИХ ГОЛУУД” ОУ-ЫН САНААЧИЛГАД АЗИ ТИВЭЭС “ТУУЛ ГОЛ” АНХЛАН НЭГДЛЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон Улсын голуудын сан байгууллага хамтран ‘’ТУУЛ ГОЛ ФОРУМ’’-ыг цахимаар зохион байгуулж байна.
Форумын хүрээнд ‘’1000+ Сэргэн хөгжих голууд’’ олон улсын санаачилгад Ази тивээс анхлан Туул гол нэгдэх арга хэмжээ боллоо. Энэхүү санаачилгад нэгдсэнээр Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах шинэлэг арга барил бүхий загвар төслийг хэрэгжүүлж, Монгол орны бусад сав газруудын экосистемийг сэргэн хөгжихөд чиглэсэн өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг эхлүүлж байна.
“Сэргэн хөгжих 1000 гол санаачилгад Туул гол нь Ази тивийн голуудаасаа анхных болж нэгдэн орж байгаа нь бидний хувьд сав газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх тэргүүний туршлагыг нэвтрүүлэх томоохон боломжийг нээж өгч байгаа” гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр хэлсэн үгэндээ онцоллоо.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөгөөр дэлхийн нийт гол мөрөн, усны сан бүхий газрууд асар их ачаалалд өртөж, хэт ашиглалт, бохирдол болон уламжлалт түүх соёл хоорондын холбоо алдагдсан. Энэ нь сав газрын доройтол, усны бохирдол, тогтворгүй хэрэглээнд хүргэж, цаашилбал бүхэл бүтэн хот, бүс нутагт нөлөөлж байна. Гол мөрөн, усны сан бүхий газруудыг хамгаалах, зохистой ашиглахаас гадна ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сэргэн хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал. Тиймээс Олон улсын голуудын сан байгууллагаас санаачлан “1000+ Сэргэн хөгжих голууд” олон улсын санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын хувьд Усны тухай хуулийг 2012 онд шинэчлэн баталснаар сав газраар нь усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн.
БОАЖЯ-ны зүгээс Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө болон 29 сав газрын менежментийн төлөвлөгөөг тус тус баталж, хэрэгжилтийг 21 сав газрын захиргаад хариуцан ажилладаг.
Форумд БОАЖЯ, Сав газрын захиргаад, Олон Улсын голуудын сан байгууллага, Туул голын сав газрын оролцогч талууд, усны салбарын мэргэжилтэн, судлаачид оролцож байна.

Нийгэм
Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ЗГХХГ-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдэх тал дээр хамтарч ажиллахаар санал солилцсон билээ. Хамтын ажиллагааны ажлын хүрээнд өнөөдөр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тамгын газрын дарга Г.Бүүвэйхүү, нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан нар хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурахад ЗГХХГ-ын дарга Ч.Өнөрбаяр, Хууль, эрх зүйн газрын дарга Б.Аз, Нийслэлийн ЗДТГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, Нийслэлийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Баттулга нар оролцлоо.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: Нийслэлийн ЗДТГ-тай гурван чиглэл дээр хамтарч ажиллахаар тогтсон. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь зөвхөн хянадаг шалгадаг биш тандалт, судалгаа хийдэг. Төрийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тулгамдаад байгаа асуудлууд дээр хяналт шалгалтын хүрээнд тодорхой зөвлөмжүүд гаргасан. Мөн төрийн захиргааны нийт байгууллагуудад иргэдээс ирсэн гомдол хүсэлтийг нэгтгээд Засгийн газар танилцуулдаг. Энэ хүрээнд өргөдөл гомдлыг танилцуулаад өнгөрөх биш дүрэм журмыг мөрдүүлэхэд хамтарч судалгаа, дүн шинжилгээ хийгээд асуудлуудыг шийдэж технологийн дэвшлийг нэвтрүүлэх санал хүргүүлсэн.
Мөн хуулиас давсан дүрэм журам, бүртгэл, зөвшөөрлийг цэгцлэх, иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэлгүй хүргэдэг болоход хуулиар харьяалуулсан чиг үүргийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд чухал ажлын эхлэл тавигдлаа. Мөн Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамтын үйл ажиллагаагаа уялдуулах, төлөвлөгөө гарган хамтарч ажиллахаар санал солилцлоо.
Нийгэм
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга эхэллээ.
Саналыг 2025 оны 04 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд хүлээн авах ба та энэ хугацаанд саналаа өөрчлөх боломжтой!
Харин 2025 оны 4 дүгээр сарын 10–16-ны өдрүүдэд таны өгсөн саналд үндэслэн баталгаажуулалт хийх юм.
Энэхүү санал асуулга нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн таны эзэмшлийн хувьцааны 2024 оны нэгж хувьцааны үлдэгдэл ногдол ашиг ₮87.22 /татвар суутгасан дүн/-ийг хэрхэн хүлээн авах тухай юм.
Жишээ нь: Та 1,072 ширхэг хувьцаа эзэмшдэг бол танд олгох ногдол ашгийн үлдэгдэл ₮93,499.8 байна.
“Чингис Хаан Үндэсний баялгийн сан”-ийн “Хуримтлалын сан” дахь иргэний нэрийн дансанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн орлогоо төвлөрүүлэхээр сонгосон тохиолдолд иргэн та цаашид орон сууц худалдан авах, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйлчилгээг авах боломж бүрдэнэ.
Хэрэв та хандив цэсийг сонгосон бол таны “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг “Чингис Хаан Үндэсний баялгийн сан”-ийн “Хөгжлийн сан”-д хуримтлагдах бөгөөд Нийслэлийн дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр болно. Үр дүнг иргэн танд ил тод тайлагнана.
Нийгэм
Онлайн худалдаа хийх нэрийдлээр иргэдийг залилж байна

Онлайн худалдаа өргөжиж байгаа энэ үед иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Тодруулбал, Иргэд фэйсбүүк сүлжээгээр дамжуулан онлайн дэлгүүрээр бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа төлбөрөө бүрэн шилжүүлснээр тухайн гэмт хэргийн хохирогч болсоор байна.
Тодруулбал өнгөрсөн 1 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад энэ төрлийн гомдол мэдээлэл 12 бүртгэгдсэн.
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт онлайн шопоос бараа материал худалдаж авахаар 700,000 төгрөг шилжүүлээд залилуулсан, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт онлайн шопоос гутлын тавиур худалдаж авахаар 490,000 төгрөг шилжүүлж залилуулсан мөн олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкээр хөргөлтийн контенер худалдаж авахаар 2.400.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан гэх гомдол мэдээллүүдийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, танд хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгож залилах гэмт хэргийг үйлдэж байгаа тул иргэд та бүхэн цахим орчинд тэр дундаа онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа төлбөрөө бүрэн шилжүүлэхгүй байх мөн энэ төрлийн залилах гэмт хэргийн арга, төрөл нарийсаж байгаа учир мэдээллээ сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.