Улс төр
З.Мэндсайхан: Маханд хяналт тавьж чадаж байгаа тул иргэд итгэлтэй байхыг хүсэж байна
–Мах экспортлож байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоов-
Мах бэлтгэлийн хяналт шалгалтын ажлын хэсэг “Эмээлт” дэх махны үйлдвэрүүдэд шалгалт хийж, зөрчил илэрсэн зарим үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоон, хаалгыг нь лацадсан ч МХЕГ-ын алба хаагчид тэргүүтэй хүмүүс очиж махыг чанаж, шалгаж байгаа мэдээлэл олны шүүмжлэлийг дагуулсан. Мөн нийслэл рүү найман тонн өмхий мах оруулахыг завдсан гэх мэдээлэл буй.
Тиймээс мах бэлтгэх үйлдвэрүүдэд хийсэн шалгалт болон олны анхаарлыг татаад буй өмхий махны асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан мэдээлэл өглөө.
С.Амарсайхан: Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан
/Монгол Улсын Шадар сайд/
-Мах бэлтгэх үйлдвэрүүдийн хяналт, шалгалтын ажлын хэсгийг холбогдох яамд, ШӨХТГ, цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн гээд томоохон бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газар томилсон.
Эмээлтэд өнөөдрийн байдлаар махны чиглэлээр 32 ААН үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 173 ААН бий. Үүнээс гадаад руу 61 тэр дундаа Хятад руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр бий. Тавдугаар сарын 11-нээс хяналт, шалгалт хийж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 31 үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацадсан. Махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож нэг нэгээр нь эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл ахуйн стандартыг мөрдөж байвал үйл ажиллагааг нь хэвийн ажиллуулна. Стандарт мөрдөөгүй бол зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнсний аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийсэн. Үүнд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Ард иргэдэд тодруулах зүйлс байгаа учир ХХААХҮЯ, ГИХГ-аас сайд, дарга нар хамт мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн хугацаанд мах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудал ноцтой яригдаж, хөндөгдсөөр байсан. Ил, далд хяналт шалгалт хийж байгаа нэртэй үгсэн хуйвалдсан хяналт шалгалт, асуудлууд үе үеийн ашиг сонирхолтой албан тушаалтнуудтай холбоотой байсаар ирлээ. Тиймээс олон нийтэд нээлттэй, иргэдийн оролцоотой, зохион байгуулалттайгаар шалгалт хийж байна. Экспортын зөвшөөрөлтэй нь ч бий. Зарим нь зөвшөөрөлтэй хэр нь үйл ажиллагаа явуулдаггүй нь ч байгаа. Тиймээс цэгцлэх шаардлагатай болсон. Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан. Асуудал их, хариуцлага дутуу байсан тул холбогдох хоёр байгууллагын удирдлагуудыг нь сольсон. Бүх төрлийн шалгалтыг аль болох иргэд, ААН-үүдэд дарамтгүй хийхийг зорьж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна. Сургууль цэцэрлэгийн хүнс, махны хангамжид стандартад нийцсэн мах, хүнс нийлүүлж байна уу гэдгийг шалгадаг. Төр аливаа асуудлыг хяналтгүй орхисон зүйл байхгүй.
Төлөвлөгөөт хяналт шалгалтыг багасгана гэдэг нь хяналтгүй болж байгаа хэрэг огт биш. Ялангуяа хүнсний болон хүний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэргэжлийн байгууллага цаг тухайд нь хяналтаа хийж явна. Энэ нь төлөвлөгөөт хяналт шалгалт нэрийн дор явуулдаг цаг үрсэн, шаардлагагүй, давхардсан шалгалтуудыг багасгаж, мэргэжлийн хяналт нь хяналт тавих цагтаа хяналт тавьдаг байх тухай асуудал юм. Түүнээс биш огт хяналт тавихгүй байж болохгүй.
Б.Баасандорж: Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд төлөвлөгөөт шалгалт хийгээгүй
/Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга/
-МХЕГ-аас Мал эмнэлгийн газартай хамтран төлөвлөгөөт хяналт шалгалт улирал, хагас жилээр хийдэг. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд төлөвлөгөөт шалгалт хийгээгүй. Төлөвлөгөөт бус шалгалтыг тавдугаар сарын 18-наас улсын хэмжээнд махны үйлдвэрүүдэд хийж байна.
“Эм Ди Си Пи” компанийн удирдлагуудад зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Мөн “ХКҮ” компани манай мах биш, нэр, хаяг шошиг ашигласан байна хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тус компани 2014 онд махны чиглэлийн үйл ажиллагааны зөвшөөрөл авсан ба 2018 оноос эхлэн ажиллахгүй байсан юм. Тэгээд энэ оноос үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхдээ чиглэлээ өөрчилж, мах экспортод гаргаж байсан зөрчил илрүүлсэн. Прокурорын хяналт дуусахаар олон нийтэд мэдээлэх болно.
Мөн “Өргөө Мийт” ХХК-ийн үхрийн найман тонн махны асуудал яригдаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага үүнд шалгалт хийж байгаа. Нэг бүрчлэн тоолоход дулааны аргаар боловсруулсан шошгогүй буюу хаяг, огноо байхгүй 20 кг-аар савласан 464 хайрцаг буюу 9.3 тонн орчим мах, мөн 20 кг-аар савласан 20 хайрцаг дайвар бүтээгдэхүүнээс Мал эмнэлгийн лабораториуд дээж аван шинжилж эхэлсэн. Шинжилгээний үр дүнгийн дараа тухайн мах өмхийрсөн байна уу үгүй юу гэдгийг хэлэх боломжтой. Энэ хэрэг прокурор дээр хянагдаж дуусвал манайх шууд устгана. Хэдэн тонн, хэдэн төгрөгийн өртөгтэй байхаас үл хамаарна. Хэрвээ лабораторийн дүн шинжилгээ, хууль хяналтын байгууллагын шийдвэр нь гарах юм бол манайх шууд устгалын ажиллагаа явуулна. Ингэх ч ёстой. Гол нь процесс үргэлжилж байна.
Мах чанасан асуудалд Мэргэжлийн хяналтын байгууллагын даргын хувьд би өөрөө шүүмжлэлтэй байгаа. Ер нь байцаагч ч бай, иргэн ч бай, хэн ч байсан бүтээгдэхүүнд ямар нэгэн асуудал байна гэж үзвэл лабораторид шинжлүүлэх ёстой. Түүнээс биш махыг чанасан хүмүүс нь лабораторийн ажилтнууд биш юм. Лацыг прокурорын зөвшөөрөлгүйгээр иргэн, хөндлөнгийн хүн хөндөж болохгүй. Хэрэв тэгвэл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид хариуцлага хүлээлгэх асуудлыг дотооддоо хатуу хяналтаар шийднэ.
З.Мэндсайхан: Монгол Улсын 60 ААН-д импортын зөвшөөрөл олгосон
/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд/
-Махны асуудал олон жил хуримтлагдсан. Одоогоор 15 аж ахуйн нэгж дулааны аргаар мах боловсруулах эрхтэй. Энэ эрх өгч буй ойлголтыг цэгцэлж, нэг болгох ёстой. Тодруулбал, мах боловсруулж экспортод гаргах эрхийг Монгол Улсын ХХААХҮЯ болон Мэргэжлийн хяналтын байгууллага ч өгдөггүй. Махыг экспортод гаргах хүсэлтээ илэрхийлсэн ААН-үүдийн ажлын байрны дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага гаргаж, тухайн дүгнэлтийг ХХААХҮ-ийн сайд Хятадын гаалийн байгууллагад уламжилдаг.
Хоёр улсын экспорт, импортын мах махан бүтээгдэхүүн дээр тохирсон протоколоор импортлогч орон өөрийн улсад хийх импортын зөвшөөрлийг олгодог юм.
БНХАУ-ын Гаалийн байгууллага өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор Монгол Улсын 60 ААН-д импортын зөвшөөрөл олгосон байна. Үүнээс адууны мах төхөөрөх, экспортлох эрхтэй найм, дулааны аргаа үхэр, хонь, ямаа төхөөрөх арван ААН, экспортлох 15 ААН байгаа. Энэ ААН-үүдэд мал эмнэлгийн гарал үүсэл дээр үндэслэж, олон улсад экспортлох гэрчилгээ өгдөг. Харин одоо зөрчил илэрсэн байгаа ААН-үүдэд ямар нэг байдлаар экспортод гаргах болон мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ авахаар хандсан зүйлгүй. Учир нь тэд бүтээгдэхүүнээ экспортод гаргах зөвшөөрөлгүй ААН-үүд. Мөн Улаанбаатар хотод орж ирж байгаа бүх маханд хяналт тавьж чадаж байгаа тул иргэд итгэлтэй байхыг хүсэж байна.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм15 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр15 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа