Улс төр
Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал байгуулагдсаны 30 жилийн ойд
ОЛОН ЖИЛИЙН ОНЦГОЙ НӨХӨР МИНЬ
1950-иад онд ихэнх сумд дөрвөн жилийн сургалттай бага сургуультай байсан цаг. Сумандаа бага сургууль төгссөн хүүхдүүд долоон жилийн сургалттай сум дундын сургуульд, эсвэл аймгийн төвийн дунд сургуульд шилжин суралцах хэрэг гарна. Ийм шаардлагаар Өлгий хотын дунд сургуульд суралцахаар хөдөөнөөс аймгийн төвд шилжин ирсэн 1957 оны намар Ажыханы Болаттай танилцаж, 6 дугаар дамжаанаас нэг ангид хамт суралцах болж билээ. Тэр хүүхэд байхын бүрэг томоотой, жожигдуу юмсан. Дандаа ном тэвэрч, уран зохиол унших дуртай нэгэн. Сурлагандаа ч гоц байв.
Дунд сургууль төгсөгчдөөс онц сурлагатнууд голцуу гадаадын их, дээд сургуулиудад хуваарь авдаг байлаа. Бид А.Болатыг гадаадад хуваарь авна гэлцдэг байв. Гэтэл бидний таамаг талаар өнгөрч, дарга, даамал, багш, захирлуудын хүүхдүүд түүний урдуур нь орж, А.Болат маань Улаанбаатарт суралцах болсон. Ингээд бид хоёрын дахин нийлэх замын уулзвар Улаанбаатар хотын Эдийн засгийн дээд сургууль байх учиртай юмсанж. Тэр Хөдөө аж ахуйн эдийн засагчийн мэргэжлийг сонгож, надад Худалдааны эдийн засгчийн хуваарь оногдов.
А.Болат маань дөрвөн жил дараалан бас л онцсайн суралцсан. Сургуулийн номын сан, чөлөөтэй анги, танхимуудад үүр цайтал хамт сууж, хичээл давтана. Номоос уйдна гэж үгүй. Биднийг дээд сургууль төгсөх жил “Хөдөө аж ахуйн нэгдлүүдийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах” тухай Намын Төв Хорооны шийдвэр гарч, банк, санхүү, ня-бо, эдийн засагчийн мэргэжилтэй бүх оюутнуудыг Хөдөө аж ахуйн яам, Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн мэдэлд шилжүүлэв. Зөвхөн онцсайн дүнтэй төгсөгчдийг мэргэжлийн дагуу тухайн салбарын яамдын мэдэлд үлдээсэн. Бас танил талтай хашрууд хот бараадаж үлдсэн байх.
А.Болат төрөлх Баян-Өлгий аймагтаа очиж, Алтай сум-нэгдлийн эдийн засагч, аймгийн Төлөвлөгөөний комиссын орлогч, Дэлүүн сум-нэгдлийн дарга зэрэг албыг гялалзтал хашиж, улмаар аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын дарга бөгөөд АДХ-ыг гүйцэтгэх захиргааны орлогч даргаар дэвшин ажиллаж, хоёр албан тушаалыг хавсран гүйцэтгэж байлаа. Эл он жилүүдэд бидний зам дахин нийлж, түүний амьдралын төгсгөл хүртэл бид хоёр зуузай зэрэгцэн зүтгэсэн дээ.
Тэр хөдөө аж ахуйн асуудлыг гартаа бүрэн оруулсан, малчдын өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны байдлыг гойд сайн судалсан, бараг аймгийн бүх малчдын нэр ус, мал маллах арга ухааныг цээжиндээ хийчихсэн, аймаг, яамны удирдлагуудын итгэл, талархлыг хүлээсэн, шилдэг удирдагч болсон байв. Хөдөөгийн ардын дунд тод танигдаж, олны хүндэтгэлийг хүлээсэн аж. Тэр үед миний бие Баян-Өлгий аймгийн Намын хорооны даргын албан тушаалыг хашдаг байсан тул А.Болатын нэр хүндээр дөрөөлөн 1990 онд АИХ-ын депутатаар нэрийг нь дэвшүүлсэн.
А.Болат төрөлх Алтай сумынхны итгэлийг хүлээж, АИХ-ын депутатаар сонгогдож, Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэн, батлалцахад 70 гаруй хоног хоол нойроо хугаслан хүчин зүтгэж, улмаар Монгол Улсын анхны байнгын парламент-Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад амжилттай ажилласан юм.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, 1992 оны 7 дугаар сард Улсын Их Хурлыг сонгох болоход бид нэр дэвшигчийн хомсдолд орж сандрав. Тэр үед УИХ-ын гишүүнээр сонгогдохын төлөө одоогийнх шиг ар, өврийн хаалга, өнгө мөнгө болж зусардан зулгуйдах явдал байгаагүй. Хамгийн шилдэг боловсон хүчнийг намын нэрийн өмнөөс төр түшилцэх ажилд зүтгүүлэх эрмэлзэлтэй байсан цаг.
А.Болат маань УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс эрс татгалзан, ихэд цааргалав. Түлэгдсэн хүүгээ сахиж байхад нь Гэмтлийн эмнэлэгт эргэж очиж гуйв. Барсангүй. Дараа нь гэрт нь очиж учирлаж, арай ядан зөвшөөрүүллээ.
1992 оны УИХ-ын сонгуульд Баян Өлгий аймгийн 2-р тойрогт А.Болат, Х.Володя, бид гурав нэрээ дэвшүүлэн, ялалт байгуулав. Ингээд багын найз Ажыханы Болаттай Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын танхимд хоёр ч удаа сонгогдож, 8 жилийн турш хамтран зүтгэх хувь тавилан тохиосон юм.
А.Болат УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийх, хуучин мөрдөж байсан бүх хууль, тогтоомжуудыг шинэ Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх, шинэчлэн боловсруулж батлуулах үйлст харамгүй сэтгэлээр, цуцалтгүй зүтгэсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдож, тус хорооны ажлыг ч чадамгай удирдсан.
1996-2000 онд эрх барьсан Ардчилсан нам дотроо толхилцон, Засгийн газраа дөрвөн ч удаа огцруулж, улс төрийн тогтворгүй байдал бий болж, нэр хүнд нь унсанаас 2000 оны сонгуулийн жилд МАН-ын рейтинг эрс өссөн байлаа. Бид дахин сонгогдох бололцоо нээлттэй байлаа. Гэсэн ч миний бие А.Болаттай ярилцаж, өөрсдийн оронд чадварлаг залуусыг дэвшүүлж, боловсон хүчний шинэ үеийг бэлтгэх тухай санал тавихад анд маань дуртайяа зөвшилцөн тохиролцов.
Уг сонгуулийн дараа бидний хэн нь ч хохироогүй, хариуцлагатай албанд томилогдсон. А.Болат маань Байгаль орчины дэд сайдаар дөрвөн жил амжилттай ажиллаж, Гавъяат ажилтны цол тэмдгийг энгэртээ зүүж, гавьяаныхаа амралтанд гарч, үр хүүхэд, ач нарынхаа дунд айван тайван амьдарч байлаа.
А.Болат сурч, боловсрохын төлөө насан турш өөрийгөө дайчилсан оюунлаг, олон талын мэдлэгтэй, амьдралын баялаг туршлагатай, сэтгэлийн хаттай, цагт харам, хувийн тооцоо сайтай хүн байлаа. Сүүлийн жилүүдэд уран зохиолоос гадна түүх сонирхох болж, “Амьдралын маань гүнзгий гармууд” нэртэй дуртгалын сайхан ном бичсэн. Олон жилийн онцгой анд, бараг насан турш гэмээр зуузай холбож зүтгэсэн нөхрийн маань бүтээлч үйлс, сэтгэлгээний царааг илтгэх оюуны бүтээл нь бидэнд дурсгал болон үлджээ.
Таукейн СУЛТАН (1992-1996, 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан, зохиолч, орчуулагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр14 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр15 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа