Улс төр
ТБХ:Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө”-д хийсэн аудитын тайланг хэлэлцлээ
Хуралдааны эхэнд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2021-2024 онуудад хамтран ажиллах стратегийг тохирч, 2022-2023 онд Монгол Улсад 655.0 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсныг тодотгоод энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс нь ашиглах хэмжээ 2022-2023 онд 655.0 сая ам.доллароос тус тус хэтрэхгүй байхаар урьдчилан тохиролцоод байна гэв.
Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулснаар Азийн хөгжлийн банкнаас хуваарлисан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг заавал авч ашиглах үүрэг хүлээхгүй бөгөөд хэлэлцээрийн төслийг УИХ-аар соёрхон батлуулж, тус Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тухай бүр Засгийн газрын түвшинд хэлэлцэн зээлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж ажиллахаар төлөвлөж байна гэж байлаа.
Азийн хөгжлийн банкны 2022-2023 оны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт багтаж буй төслүүдийг Азийн хөгжлийн банкнаас хамтран санхүүжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн бөгөөд “Шинэ сэргэлт”-ийн бодлоготой уялдаж буйн дээр уг Ерөнхий хэлэлцээрт багтаж буй аюулгүй шуурхай худалдааг дэмжих, уян хатан нэгдсэн хилийн үйлчилгээ төсөл, “Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай” эрчим хүчний дамжуулах шугам зэрэг төслүүд нь боомтын сэргэлт болон эрчим хүчний сэргэлтийн чиглэлтэй уялдаа холбоотой байна. Түүнчлэн энэхүү Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр батлагдсанаар 2022-2023 онуудад төсвийн дэмжлэгийн зориулалтаар 200 хүртлэх сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авч ашиглах боломжтой хэмээн Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.
Зээлийн хэлэлцээртэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн төслийн танилцуулгад зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэчнээн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хүрэх үр дүн ямар байх талаар тодорхой бус байгааг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Азийн хөгжлийн банкны 655.0 сая ам.доллар гэдэг бол нэн хөнгөлөлттэй зээлийн эрхийг л нээж байгаа гэдгийг тодотгоод урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай монголчуудад алсдаа үр өгөөжтэй, хөгжлийг тэтгэх төсөл, хөтөлбөрүүддээ чиглүүлэхийг анхааруулж байлаа. Харин Улсын Их Хурлын Ц.Сандаг-Очир хэлэлцээрийн төслийг тэр дундаа төсвийн алдагдлыг нөхөх гэж зээл авахыг дэмжихгүй гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ нүүрсний экспортоо нэмэгдүүлэх, далд эдийн засгаа ил болгох, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллавал төсвийн алдагдлаа зээл авахгүйгээр төлөх боломжтойг анхааруулж байлаа.
Гишүүдийн зүгээс өнгөрсөн хугацаанд Засгийн газраас Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг хэдэн зээлдэгчээс авсан нийт зээлийн дүн, чиглэл, өр төлбөр, үр ашигт нь дүн шинжилгээ хийдэг эсэхийг илүүтэй тодруулж байв.
Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир хариултдаа, Засгийн газрын гадаад өр 8,7 тэрбум ам.доллар байгаагаас 2.8 тэрбум ам.доллар нь бондууд үлдсэн хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нь 5.7 тэрбум ам.доллар байна. 5.7 тэрбум ам.доллароос сүүлийн 30 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны хүрээнд 97 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээс, өрийн үлдэгдэл 1.8 тэрбум ам.доллар байна. Дэлхийн банкнаас 53 төсөл хэрэгжүүлж байгаагаас өрийн үлдэгдэл нь 800 сая ам.доллар, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 2 төсөл 110 сая ам.доллар, Олон улсын валютын сан зэрэг олон талт харилцаануудаас нийт 2.9 тэрбум ам.доллар байна. Хоёр талт харилцааны хүрээнд 1990 оноос хойш хамгийн их зээлийг Япон улс 24 төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд үүний өрийн үлдэгдэл 1.3 тэрбум ам.доллар, БНХАУ 23 төсөл хэрэгжүүлж өрийн үлдэгдэл нь 1 тэрбум ам.доллар гэх зэрэг нийтдээ 15 зээлдэгч улсуудаас төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байдаг гэв. Мөн тэрбээр, өнгөрсөн хугацаанд 1990-2000 онд авсан зээл нь шилжилтийн хүндрэлийг давах барааны зээлүүд байсан бол 2000-2010 онуудад дэд бүтцийн салбарт илүүтэй зээл авснаас гадна мөн нийгмийн шинж чанартай зээлүүдийг авсан байдгийг тодотгоод Үндэсний аудитын газраас төсөл, хөтөлбөрийн үр ашигт жил бүр хяналт, шалгалт хийдэг хэмээн хариулж байлаа.
Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон 63,6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болов.
“Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө”-д хийсэн аудитын тайланг хэлэлцлээ
Хуралдааны төгсгөлд “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө”-д хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцлээ.
Энэ талаар Үндэсний аудитын газрын Аудитын гуравдугаар газрын захирал Д.Энхболд танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, аудитад Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Төвийн болон Баруун, Зүүн бүсийн нэгдсэн сүлжээ, Алтай-Улиастайн нэгдсэн сүлжээ мөн эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, дамжуулах тусгай зөвшөөрөл бүхий бусад холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны мэдээлэл, тайлан, тоон өгөгдөл бусад нотлох баримт материалд үндэслэн дүн шинжилгээ хийн аудитыг гүйцэтгэснийг тодотгоод дүгнэлтээ танилцууллаа.
Тухайлбал, Төрөөс эрчим хүчний салбарт баримталсан урт, дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хугацаа, хамаарлыг оновчтой тодорхойлоогүйгээс зорилт, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх байгууллагын оролцоог хангаагүй, хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлээгүй, бодлогын хэрэгжилтийн явцыг өнөөгийн үр дүнгээр хэмжихүйц, үнэлэхүйц ахиц дэвшил гараагүй байна. Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилтийг хангах тогтолцооны тухайлбал, хөндлөн чиглэлийн шинжилгээгээр Сангийн, Барилга, хот байгуулалтын, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Зам, тээврийн хөгжлийн яамд хоорондын уялдаа холбоо, оролцоо бүрэн хангагдаагүй, босоо чиглэлийн шинжилгээгээр Засгийн газар нь салбарын тулгамдсан асуудлыг үр дүнд хүрэхүйц байдлаар дэмжиж ажиллаагүй зэргээр харилцан хамаарал бүрэн хангагдаагүй байна гэж дүгнэснийг Д.Энхболд дарга танилцуулгадаа онцолсон.
Мөн тэрбээр, нийт эрчим хүчний хэрэглээний 80.7 хувийг дотоодын эх үүсвэрээс хангаж бодлогын зорилтод хүрээгүй, импортоос хамааралтай хэвээр, эрчим хүчээр найдвартай хангах чадамж алдагдсан, бодит өртөг, ашгийн зохих түвшнийг хангасан үнэ тарифын тогтолцоо бий болоогүй, салбарын хэмжээнд санхүүгийн тогтвортой байдал алдагдсан нь эрчим хүчний тасралтгүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахааргүй болжээ. Эрчим хүчний үнэ тарифыг бүрэн индексжүүлээгүй нь төрөөс, тухайлбал Засгийн газар “хууль дээдлэх” зарчмыг баримтлаагүй, Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхээ хараат бусаар хэрэгжүүлэхэд нөлөөлсөнтэй холбоотой байна. Үнэ тарифыг өртгөөс багаар тооцож байгаа тохиолдолд алдагдлыг татаасаар бүрэн санхүүжүүлэхгүй байгаа нь төрийн бодлогын цогц байдал алдагдсаныг харуулж байна гэж дүгнэснийг дурдлаа.
Урт хугацааны бодлогоор тодорхойлсон нийт хэрэглээний 85.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж чадаагүйгээс импортоор авсан 377.9 сая кВт.цаг эрчим хүчийг дотоод үйлдвэрээс хангаж жилд 49.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэх, Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулж, Оюутолгой ХХК-ийн хэрэглээг хангаж жилд 349.0 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломжийг алдаж байна. Эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр ажиллаж буй төрийн өмчит компаниудын алдагдал жилд дунджаар 35.7 хувиар нэмэгдэж, 2020 оны байдлаар 62.4 тэрбум төгрөгт хүрсэн нь нэгдүгээрт эрчим хүчний үнэ тарифыг өртгөөс нь багаар тогтоосон, хоёрдугаарт хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл сайн засаглалыг бий болгоогүй, өөрийн үйл ажиллагааны зохион байгуулалтаар үр дүнг дээшлүүлээгүй, ил тод, хариуцлагатай, үр нөлөөтэй ажиллаж чадаагүйтэй холбоотой байна. Нарны болон салхин цахилгаан станц ашиглалтад орж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ нэмэгдэх хэрээр сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф нэмэгдэж, хэрэглэгчийн төлбөр нэмэгдэх нөлөөлөл үзүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний салбарын санхүү, эдийн засагт дотоодын үйлдвэрлэгчийн орлого буурах сөрөг нөлөөллийг үзүүлж байна.
Хот, хөдөөгийн гэр хороолол, малчин өрх төвлөрсөн дулаанд холбогдсон өрхүүдээс илүү өндөр зардлаар хүйтний улиралд дулааны хэрэгцээгээ хангаж байгаа ч амьдралын чанар ялгаатай байгаа бөгөөд айл, өрхийн цахилгааны дундаж тарифыг 28.7 хувиас дээш хувиар нэмсэн тохиолдолд дулааны алдагдлын хөндлөн татаас шингэж эхлэхээр тооцоолол гарч байна гэж дүгнэснийг аудитын танилцуулгад дурдсан байлаа.
Аудитаар илэрсэн зүйл, аудитын дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд 2, Монгол Улсын Ерөнхий сайдад 2, Эрчим хүчний сайдад 4, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Зохицуулагч нарт 2 асуудлаар аудитын зөвлөмжийг хүргүүлсэн гэв.
Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авснаар хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр9 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа