Улс төр
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цар тахал, улс орны эдийн засаг, дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, үүнээс үүдсэн хүндрэлүүд, авч буй арга хэмжээний талаар ярьж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулан, авилга, хүнд суртлын эсрэг тэмцэл, ҮХНӨ хийх хэрэгцээ шаардлага, Завхан аймгийн хөгжлийн талаар танилцууллаа.
Аймгийн иргэд Монгол Улсын Ерөнхий сайд 12 жилийн дараа Завхан нутагт ирсэнд, 12 жил хүлээгдсэн Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн зам ашиглалтад орсонд баяртай байгаагаа хэлж, “Шинэ сэргэлтийн бодлого”, шударга бусын эсрэг хийж буй Засгийн газрын тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. Харин цаашид төрийн албан хаагчдын нийгэм, эдийн засгийн байдалд анхаарах, Завхан аймагт хийхээр төлөвлөсөн томоохон төслүүдийг дэмжих, барилгын материалын үнэ ханш өссөнтэй холбоотой барилгын компаниудад үүссэн асуудлыг шийдвэрлэх, бензин шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах, дулаан цахилгааны нэмэлт эх үүсвэртэй болох зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна гэж ярилаа. Завхан аймаг 73.8 мянган хүн амтай. Эдийн засгийн тулгуур салбар нь мал аж ахуй, энэ онд 3.7 сая мал тоолуулжээ.
Гэхдээ дэд бүтэц, дулаан, цахилгааны дутагдал нь тус аймгийн хөгжлийг чөдөрлөж иржээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдэхээр Засгийн газар ажиллаж, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоог хангаж, санал авч байна. Завхан аймгийн иргэд дараах төсөл, ажлуудыг нэн тэргүүнд хийх шаардлагатай гэж үзлээ. Үүнд Улиастай суманд баригдаж буй дулааны станцын хоёрдугаар хэлхээний гадна дулааны 9.8 км шугамын ажлыг 2023 оны төсөвт тусгаж эхлүүлэх, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлж, Арцсуурь хилийн боомтын зэрэглэлийг нэмэгдүүлэх, Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай автозамаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км хатуу хучилттай авто зам барих, “Шинэ Завхан” төслийн хүрээнд Улиастай сумын Өлзийт багт 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заал, 150 хүүхдийн цэцэрлэгийн байр шинээр барих, Улиастай сумын Богд-Чигэстэй голын 290.3 м урт төмөр бетон гүүрийн барилга барих ажлууд багтаж байна. Засгийн газар энэ зун Бичигт-Зүүнхатавч, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт, Ульхан, Хавиргын боомтыг авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд энэ үеэр хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллах үеэрээ МУИС-ийн Завхан салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль 960 оюутны хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар бакалавр, магистрын ангид 225 оюутан суралцаж байна. Их, дээд сургуулийн элсэлтийн квотод хязгаар тогтоодоггүйгээс оюутны тоо орон нутагт буурчээ. Тиймээс дээрх зохицуулалтыг өөрчлөх, орон нутагт чадварлаг багш, боловсон хүчнийг татах, оюутнуудын сурах идэвхийг дэмжих шаардлагатай байгааг сургуулийн удирдлагууд хэллээ. Ерөнхий сайд орон нутаг дахь их, дээд сургуулиудын тулгамдсан асуудлуудыг судлах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэж, саналыг хэлэлцэхээр боллоо.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр9 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа