Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замын их засвар шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа. Тус авто замыг таван багцад хуваан, дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчилж буй юм.

Одоогоор Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн багц 1, 3, 5 дугаар хэсгийн 113.53 км замыг шинээр асфальтбетоноор хучиж, 2, 4 дүгээр хэсгийн багцын 90 орчим км түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.

Замын гол ажил болох далан суурь бүтцийн гүйцэтгэл 70, нийт ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай явагдаж байна. Энэ оны аравдугаар сарын 30 гэхэд эхний 2 эгнээ бүхий хатуу хучилттай авто замаар тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж буйг Ерөнхий сайдад холбогдох албаныхан танилцууллаа.

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын ажлыг 7 компани гүйцэтгэж байна. 4, 2, 3-р багцыг гүйцэтгэж буй БНХАУ-ын “Чайна-Жео Инженеринг” болон “Жунмэй Инженеринг” групп компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна.

Ерөнхий сайдыг газар дээр нь ажиллахад БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй байлцаж асуудлыг ярилцлаа. Ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа БНХАУ-ын компаниудыг дахин асуудал үүсгэвэл гэрээг цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хатуу сануулав. Мөн Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон бүх төрийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа хэллээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг сар бүр шалгана. Энэ ганц Зам тээвэр, хөгжлийн яамны асуудал биш. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын стратегийн 47 төсөлтэй адилтган Засгийн газар бүх төвшинд анхаарч ажиллана гэв.

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар санхүүжилт саатсан шалтгааныг гүйцэтгэгч компаниуд тайлангаа цаг тухай бүрт нь хүргүүлэхгүй асуудал үүсгэж байсан гээд Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны удирдлагуудтай санхүүжилтийг тасалдуулахгүй байхаар тохиролцсоныг Ерөнхий сайдад энэ үеэр танилцуулж байлаа.

Ажлыг хурдасгахын тулд гүйцэтгэл хангалтгүй байгаа багцууд дээр Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу ЗХЖШ-ын барилга инженерийн цэргийн анги бүрэлдэхүүн хүч нэмэгдүүдэн ажиллаж байна. Ирэх аравдугаар сарын 30 гэхэд хатуу хучилттай авто замаар тээврийн хэрэгслийг зорчуулахын тулд 4 дүгээр багцын ажилд Зэвсэгт хүчнээс дахин хүч нэмэгдүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт үүрэг болголоо.

Мөн Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт замын бүтээн байгуулалтад шаардагдах цементийг тасалдуулахгүй, дараалал харгалзахгүй хангахыг даалгав.

Улаанбаатар- Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замыг 2023 оны аравдугаар сарын 30 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.