Улс төр
Д.Тогтохсүрэн: Сонгуулийн ямар ч тогтолцоо тогтоох эрх УИХ-д бий
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж буй. Тухайн асуудлаар УИХ-ын гишүүдээс зарим зүйлийг тодрууллаа.
Д.Тогтохсүрэн:
/УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/
-УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан дүн, тайланг нэг бүрчлэн цаасаар авч нэгтгэж, цуглуулах бүлгийн ажлын хэсэг гарсан. Энэхүү тайлан дүнг авсныхаа дараа бүлгийн ажлын хэсэг хэлэлцэж байнгын хороонд өгнө. Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг энэ бүлгүүд, гишүүдийн санал ирсний дараа нэгтгээд байнгын хороогоор хэлэлцэнэ. Байнгын хорооны дараа шаардлагатай гэвэл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ, шаардлагагүй гэвэл хэлэлцэхгүй. Байнгын хорооны шийдвэр гарсны дараа УИХ-ын дарга байнгын хорооны шийдвэр эсвэл УИХ-ын шийдвэрийг үндэслээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэртэй байгаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх манай намын бүлгийн хэлэлцүүлэг дууссан гэж болохгүй. Хэвлэл мэдээлэл бусад мэдээллийн хэрэгслүүдээр хэлэлцүүлгийн санал бодол чөлөөтэй явж байна. Тодорхой хэмжээнд судалгаа хийгдэж байгаа. Иргэдийн санал бодлыг тандан судлах ажил хийж байгаа гэдгийг хэлье. Намын гишүүдийн дунд эсрэг тэсрэг байр суурь байхгүй. Гагцхүү хэлэлцүүлгийг түлхүү хийж, иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй юм. Иргэд бүрэн мэдээлэлгүй байгаа учраас шууд санал өгөхөд бэлэн биш байна. Тийм учраас иргэдэд хүрэх мэдээллийг илүү сайн өгч, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх санал манай намын гишүүдийн дунд зонхилсон.
Монгол Улсын 1992 онд батлагдсан Үндсэн хуульд, сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн байдаг. Ингээд явцын дунд дандаа мажоритар тогтолцоогоор явуулж ирсэн. Анх 2012 онд холимог тогтолцоог сонгуульд ашигласан, түүнийх нь дараа маргаан үүссэн. Тэр үед Үндсэн хуулийн Цэц болно гэдэг шийдвэр гаргасан, дараа нь 2016 онд холимог тогтолцоог болохгүй гэх шийдвэр гаргасан. Ингээд үүнээс хойш манайх холимог буюу пропорциональ тогтолцоо авч болохгүй юм байна гэдэг байр суурьд хүрсэн. Тэгтэл Үндсэн хуулийн Цэц саяхан өмнө гаргасан 2012, 2016 оны шийдвэрүүдээ хүчингүй болгосон. Үүнийг би УИХ-ын гишүүний хувьд Үндсэн хуулийн Цэц 1992 оны Үндсэн хуулиа баримтлаад аль ч тогтолцоо сонгохоо хуулийн дагуу шийдээд л яв гэсэн шийдвэрт хүрсэн гэж харж байна. Хуулиараа сонгуулийн ямар ч тогтолцоо тогтоох эрх УИХ-д байгаа.
Б.Бейсен: Иргэд бараа бүтээгдэхүүн, бензин түлшний үнийг эхлээд шийдэхийг хүсэж байна
/УИХ-ын гишүүн/
-УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо очоод иргэдтэй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хүний эрх, Парламентын чадавхыг дээшлүүлэх, Цаазын ялыг сэргээх, Төрийн сүлдийг өөрчлөх гэсэн асуудлаар уулзаж ярилцаад ирлээ. Иргэд юуны өмнө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бензин түлшний үнэ нэмэгдсэн асуудал хурц байхад та нар яагаад Үндсэн хуулийг өөрчлөх тухай яриад байгаа юм бэ гэж их ярьж байна. Жишээ нь Төрийн сүлдний асуудал дээр бол сүлдийг өөрчилж болно гэхдээ энэ хямралын үед яагаад өөрчилж байгаа юм энд маш өндөр зардал гарна.
Бараг бүх байгууллагын албан бичгийн хуудас, тамга тэмдэг өөрчлөгдөн тэрний мөнгө байн уу, хил хаалттай байхад хэвлэх цаас байн уу гэх мэтийн асуудал тавьсан. Парламентын чадавхыг сайжруулана гээд УИХ-ын гишүүдийн тоог 150 болгох нь хэмнэлтийн горимд шилжсэн цаг үед авцалдаагүй шийдвэр хэрэг биш үү хэмээх санал дэвшүүлж байлаа.
Мөн өнгөрсөн долоо хоногт ЭЕШ-ууд орон даяар явагдсан. Манай Баян-Өлгий аймгийн хүүхдүүд монгол хэл бичгийн шалгалтад хангалтгүй оноо авсан талаар мэдээлэл гарсан. Үүн дээр ард иргэд Казах, Тува хүүхдүүдэд гуравдугаар ангиас нь эхэлж монгол хэлний хичээл ордог мөн тэдэнд зориулсан сурах бичиг энэ жилээс хэвлэгдэж эхэлсэн. Нөгөө талаас багш нарын сургалтын чанар муу, монгол хэл бичгийн шалгалтын оноог ялгавартай тогтоож өгөхийг асуудлыг ярсан” гэлээ
Ш.Адьшаа: Иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх дээр маш шүүмжлэлтэй хандаж байна
/УИХ-ын гишүүн/
-УИХ-аас тогтоол гарч, Монгол Улсын Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийн талаар гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, ард иргэдэд танилцуулга хийж байгаа. Би Ховд аймагт ажиллаад ирлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн баригдаагүй учраас иргэдэд танилцуулах тодорхой зүйл, асуудал байхгүй. Ийм учраас иргэд янз бүрийн ойлголттой байна. Тодорхой мэдээлэлгүй танилцуулга хийсэн нь үр дүнгүй ажил боллоо .
Ард иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал дээр маш шүүмжлэлтэй хандаж байна. Мөн сонгуулийн тогтолцооны асуудал дээр ч таагүй хандаж, таалагдахгүй байгаагаа илэрхийлж байсан. Миний хувьд гишүүдийн тоог нэмэх тал дээр дэмжихгүй байр суурьтай байгаа.
С.Чинзориг: Монгол Улсын үндсэн хуульд яг ямар өөрчлөлтийг оруулах талаар иргэд мэдээлэл муутай байгаа
/УИХ-ын гишүүн/
-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хоёр асуудал гарч ирж байна. Нэгдүгээрт: Үндсэн хуулийн тухай иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, Хоёрдугаарт: Монгол Улсын Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах гэж байгаа тухай тодорхой мэдээлэл өгч байж саналыг сонсох нь зүйтэй санагдсан. Учир нь иргэд энэ талаар мэдээлэл муутай байгаа учраас санал бодлоо хэлэх нь хүндрэлтэй байна.
Ерөнхийдөө УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, цаашид УИХ-ын гишүүдийн насны асуудлыг авч үзэх ёстой зэрэг олон асуудлыг ярж байгаа юм.
Өвөрхангай аймгийн иргэдийн тухайд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэггүй. Хэрэв нэмсэн тохиолдолд зуугаас хэтрүүлэхгүй байх саналыг хэлж байгаа юм. Сонгуулийн тогтолцоог холимог болгохтой холбоотой асуудалд иргэдийн санал гээгддэггүй байх үүднээс пропорциональ тогтолцоог авч болно. Гэхдээ намуудад бооцоо тавих нь зүйтэй. Нийт эхчүүдийн гуравны нэгээс дээш хувь нь пропорционалиар сонгогддог байх хэрэгтэй гэсэн хязгаарлалтуудыг байлгах ёстой гэсэн саналуудыг хэлж байсан.
Засаг захиргааны удирдлагыг боловсронгуй болгох асуудал дээр орон нутагт олон шатны сонгууль болдог, орон нутгийн удирдлагын сонгууль болдог. Иймээс орон нутагт улс төржих, талцах, хуваалцах асуудал их гардаг.
Тиймээс багийн даргыг сумын засаг дарга нь томилдог байх нь зүйтэй байх. Ер нь сумын засаг даргыг иргэд сонгох асуудал яригдаж байгаа. Гэхдээ үндсэн хуулиар Монгол улс нэгдмэл улс гэсэн хуультай үүнтэй зөрчилдөх үү гэдэг асуудал, нөгөө талаасаа удирдлагын ижил зарчим байхгүй бол нэг шатны засаг даргыг томилдог нөгөө шатны засаг даргыг сонгодог байх нь хэрвээ гэдэг асуудлыг анхаармаар юм байна.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр8 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр8 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа