Улс төр
Ц.Даваасүрэн: Төрийн эрх ард түмний мэдэлд байдаг. Гэтэл тэр эрх нь улс төрийн намд шилжих нь
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Үндсэн хуулийн Цэц, сонгуулийн тогтолцооны асуудлаар тодрууллаа.
-Та Үндсэн хуулийн Цэцийг буруутгаж гишүүдийг нь огцорхыг шаардсан. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр эцсийн байх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Цэц хэдхэн хоногийн өмнө хуралдаад байж боломгүй шийдвэр гаргасан. Тодруулж хэлбэл 2012, 2016 онд гаргасан шийдвэрүүдээсээ няцаж Үндсэн хуультай зөрчилдөөгүй байна гэсэн шийдвэр гаргаад байгаа юм. Цэц өмнө нь дунд суудлын хуралдаанаараа “Сонгуулийн холимог тогтолцоо хэрэглэж болохгүй юм байна. Ардын Их Хурал сонгуулийн холимог тогтолцоог дэмжээгүй “ гэж үзсэн хурлын протокол нь бий. Тэгээд “Сонгуулийн холимог тогтолцоо нь Үндсэн хуулийн зөрчилтэй байна” гэсэн шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр энэ шийдвэрээ өөрчиллөө. Тухайн үед УИХ Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны энэ шийдвэрийг хүлээж авсан. Ингээд эцсийн шийдвэр болж байгаа юм. Гэтэл УИХ-ын хүлээж авсан шийдвэрийг өнөөдөр өөрчилнө гэдэг нь байж боломгүй асуудал. Ер нь төр өмнө нь гаргасан шийдвэрүүдээ зургаа, арван жилийн дараа эргэж хараад өөрчлөөд байвал утаггүй юм болно. Тэгэхээр төрийн шийдвэр гэж зүйл байхгүй болно гэсэн үг. Жишээ нь хувьчлагдсан обеъктыг хэдэн жилийн дараа эргээд авч хэлэлцээд хураагаад аваад байвал юу болох юм. Энэ чинь утгаа алдсан асуудал болно шүү дээ. Иймд Үндсэн хуулийн Цэц өмнө нь гаргасан эцсийн шийдвэрээ өөрчилж буй нь буруу. Эцсийн шийдвэр бол эцсийнх л байх ёстой.
-Яагаад. Алдаа мадаг байвал засах ёстой биз дээ?
-Үндсэн хуулийн Цэцийн одоо гаргасан шийдвэр нь нэг талаараа төрийн эргэлт гэж хэлж болно. Учир нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Ингэхдээ өөрсдийн төлөөллөө сонгож байгуулсан УИХ-аар дамжуулж төр барина гэж тусгасан юм. Өнөөдөр УИХ-ын гишүүдийг ард түмэн сонгодог. Нүүр царайг нь харж байгаад нэрийг нь дугуйлдаг. Тэгвэл энэ холимог тогтолцоо гэдэг чинь нам дугуйлдаг юм. Өөрөөр хэлбэл нам сонгодог гэсэн үг. Эд нар одоо худлаа, үнэн ярьж байгаад намыг хүнтэй нь дугуйлна гээд хуурч магадгүй. Үгүй, нам дугуйлдаг. Хүн дугуйлах юм бол тэр нь нөгөө сонгуулийн мажоритар тогтолцоо болно. Одоо яриад байгаагаар бол нам дугуйлаад л дуусна. Ингэсэн тохиолдолд УИХ-ыг сонгуульд ялсан улс төрийн намын дарга л бүрдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр төрийн эрх мэдэл ард түмнээс улс төрийн нам руу шилжих гээд байна. Энэ чинь төрийн эргэлт шүү дээ. Үндсэн хуулийн Цэц өнөөдөр ийм зүйл хийчихээд суудалдаа хувалз шиг шигдээд байж таарахгүй. Би тэднийг огцор гэдэг шаардлага тавьсан. Үүгээр зогсохгүй гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгох асуудлыг УИХ-ын гишүүний хувьд гаргаад байгаа.
-Таны тавьсан энэ асуудлын хариу хэд хоногийн хугацаанд гарах ёстой юм бэ?
-Хуульд зааснаар уг асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Ингээд тус хорооны дүгнэлт гарсны дараа долоо хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх учиртай. Тэгээд гарсан шийдвэрийг УИХ-ын дарга албан бичгээр миний тэр хүсэлтийг Үндсэн хуулийн Цэцэд уламжилна. Цэц гаргасан шийвэрээ эргэж хэлэлцэх ёстой. Ийм л үйл явцтай асуудлыг тавиад байгаа юм.
-Тэгвэл энэ хаврын чуулган таны тавьсан асуудлыг хэлэлцэж амжих юм болов уу. Наадмын өмнөхөн УИХ-ын хаврын чуулган завсарлах гэж байгаа шүү дээ?
-Хуульдаа ингээд заасан учраас харж, хүлээж л байна.
-Үндсэн хуулийн Цэц ямар ашиг сонирхолын үүднээс уг шийдвэрийг гаргасан гэж харж байгаа вэ?
-Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр биш МАНАН байдаг болсон. Энэ МАНАН гээд байгаа нь нөгөө л намын холилдсон бизнесийн олгархи бүлэглэлүүд, оффшорчид, банкны болон ЖДҮ-гийн дээрэмчид байгаа шүү дээ. Тэд өнөөдөр УИХ-д сонгогдох боломжгүй болчхоод Үндсэн хуулийн Цэцийг гар хөл болгон ашиглаад байна.
-Тэгэхээр хэдэн жилийн өмнөөс л МАНАН-г устгана гэж ярьж байгаа. Өнөөдөр бүрэн устаагүй гэсэн үг үү?
-Наад асуултаа МАНАН-г устгана гэж гарч ирсэн Ерөнхий сайдаас асуу. Тийм биз. Би тухайн үед дэмжээд оролцоод явсан. Эд нар шударга ёс тогтооно гэсэн. Тэднээс л асуу даа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гээд өнөөдөр явж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа асуудлыг дэмжихгүй.
-УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар тойрогтоо буюу орон нутагт ажиллаад ирсэн. Иргэд ямар байр суурьтай байгаа юм бол?
-Иргэд “Үнийн өсөлтөөс үүдээд амьдрал тартагтаа туллаа. Ийм байхад юун Үндсэн хуулийн өөрчлөлт вэ. Ингэлээ гээд үнэ бууруулах уу” гэж ярьж байна лээ.
-Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөд нийцүүлж шинэчлэх ёстой хуулиудаа баталж чадсан уу?
-Чадаагүй. Нийт 42 хууль шинэчлэх ёстой. Үүнээс наймыг нь шинэчилсэн. Тэгэхээр өмнө нь нэмэлт өөрчлөлт хийсэн Үндсэн хуулийнхаа хэрэгжилтийг бүрэн хангаад үр дүнг нь үзээгүй байна гэсэн үг.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр7 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр7 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа