Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Орос, Монгол, Хятадын Эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замын их бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр, “Та бид Ардын хувьсгалын түүхт 100 жил, 101 дэх жил рүү шилжиж, шинэ зуун эхлэх торгон заагт Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн Үндэсний төмөрзамын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигтийн 415 орчим километр төмөр замын их бүтээн байгуулалтыг эхлүүлэх түүхэн мөчийн гэрч болж байна.Төр, хув ийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлээр үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэх эрхийг Засгийн газраас “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид шилжүүлэх шийдвэрийг гаргасан билээ.
Монгол Улс саяхан бүх аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох “Мянганы зам” төслийг бүрэн хэрэгжүүлж чадсан. Одоо Монголчууд Та бидний өмнө бүх боомтоо хатуу хучилттай автозамаар холбох, стратегийн боомтуудаа Үндэсний төмөр замын сүлжээнд бүрэн холбох, Замын-Үүд-Алтанбулагийн боомтыг олон улсын зэрэглэлийн хурдны замаар холбох томоохон зорилт байна. Миний бие Улсын Их Хурлын танхимд “Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид цар тахлын энэ үед бүр ч илүү мэдэрч, эдийн засгийн цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүссэн боомтын боймыг тайлахгүйгээр хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй” гэж хэлж байснаа дахин энд онцолж байна.
Цар тахлын, бас дайны энэхүү цаг үед тээвэр логистик, хил хязгаарын удаашрал, үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол зэрэг олон сөрөг хүчин зүйлс бүтээн байгуулалтын ажилд бодитоор нөлөөлж байгаа боловч өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид чамлахааргүй олон ажлыг амжуулж чадлаа.
– Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, Монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал, Тэг гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж чадсан. Энэ бүтээн байгуулалт ердөө нэг жилийн дараа буюу 2023 оны эхний хагаст ашиглалтад орж, Монголчууд бид дэлхийд 4-т эрэмбэлэгдэх Гүний уурхайтай болно.
– Монгол Улсын Гашуунсухайт боомт БНХАУ-ын Ганцмод боомттой хил холболтын цэгээр холбогдож, экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр олон жил улс төржин маргаж, 80 гаруй их наяд төгрөгийн алдагдсан боломжийн өртөг шингэсэн Гашуунсухайтын төмөр замын ажил энэ намартаа бүрэн дуусна.
– Саяхан Ханги-Мандал, Зүүнбаян-Хангийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж байсан бол бүтээн байгуулалтын ажил хурдтай өрнөж, товлосон хугацаанаасаа өмнө дуусах таатай мэдээ ирж байна. Ингэснээр бид 2 дахь Замын-Үүдтэй болно.
– Удахгүй Шивээхүрэн-Сэхэ боомт хүртэлх төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлж, Арцсуурь-Шивээхүрэн боомтыг холбох Баруун босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж дуусч байгааг мэдэгдэхэд таатай байна.
– Мөн Ульхан-Хавиргын боомтыг автозамаар холбох ажил энэ сардаа багтаж эхэлнэ.
Харин өнөөдөр Та бидний хамтдаа эхлүүлж буй Зүүн босоо тэнхлэгийн Үндэсний төмөрзамын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Нэг үгээр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм. Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэгдэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ.
Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдож, зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын 5 гарцтай болж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварын үзүүлэлт 2 дахин нэмэгдэнэ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд зөвхөн боомтуудыг дэд бүтцээр холбох биш, цогцоор нь олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, боомт түшиглэсэн дагуул хотуудыг байгуулах болно. Бичигтийн боомтыг Монгол Улсын загвар боомт болон олон улсын жишигт нийцүүлэн хөрөнгө оруулалтын асуудлыг мөн шийдвэрлэж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Өнөөдөр эхлүүлж буй энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь Зүүн бүс нутагт боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс, хот бий болох суурь нөхцөлийг бүрдүүлж, 800 орчим ажлын байр шинээр бий болж, жилд ойролцоогоор 12 сая тонн дотоодын ачаа тээвэрлэх боломж бүрдүүлэхээс гадна эрчим хүч, аж үйлдвэрийн парк, аялал жуулчлал, худалдааны салбарын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, зүүн бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавина. Энэхүү хөгжлийн таатай боломжууд нь нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад томоохон түлхэц үзүүлнэ.
Эрхэм хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд ээ,
Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангахад түүхэн чухал алхам гэдгийг Ерөнхий сайдын хувьд онцлон тэмдэглэж байна.
Эрхэм хүндэт Монголчууд аа,
Дэлхий даяар цар тахал, геополитикийн хямралаас улбаалж, үнийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, эдийн засгийн амаргүй сорилтууд үргэлжилсээр байна. Гэвч Та бид хямралын үеийн сэтгэлзүйд автаж, Монгол Улсын шинэ сэргэлтийн төлөө дэвшүүлсэн зорилтуудаасаа ухарч няцах ёсгүй ээ. Та бид хичээвэл ямар ч сорилтыг даван туулж чаддагийн бодит илэрхийлэл бол өнгөрсөн нэг жилийн хугацаа байлаа. Ердөө л нэг жил гаруй хугацааны өмнө вакцинжуулалт эхлээгүй, хатуу хөл хориотой, үсчин, гоо сайхан, барааны захууд, ресторан, зоогийн газар, фитнесс клубээс эхлээд хичээл сургууль, олон нийтийн бүхий л арга хэмжээ хязгаарлагдаж, Улсын Их Хурлын чуулганаас эхлээд бүхий л байгууллага цахимаар ажиллаж, Үндэсний их баяр наадам ч зохион байгуулах боломжгүй байсан хүнд өдрүүд байлаа.
Харин өнөөдөр Монгол Улс цар тахлыг даван туулж, цар тахлын хязгаарлалтуудыг цуцалж, жуулчдыг нээлттэй урьж чадсан цөөн улсуудын нэг болж чадлаа. Та бид хамтдаа хичээж чадвал нэг жилийн дараах Монгол Улсын эдийн засаг одоогоос огт өөр түвшинд очсон байх болно. Яагаад гэвэл тэр үед бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортын төмөр замын 5 гарцтай улс болсон байх болно. Өнөөдрийн түүхэн бүтээн байгуулалтад оролцож буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр7 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр7 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа