Улс төр
Ерөнхий сайдаа албатууд чинь ажлаа хийж байгаа юм уу
Саявтар энэ жилийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, бага ангийн сурагчдыг заавал дархлаажуулалтад хамрагдсан байхыг шаардах юм уу, цэцэрлэгийн насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын системд хамруулах гэдэг нь юу болж байна, сурах бичгийг улирал улирлаар нь хэвлэнэ гэсэн үү, сургууль цэцэрлэгийн засвар энэ тэр нь яаж байгаа юм бол гэх зэрэг асуудлаар Боловсролын яам руу очвол “бид энэ асуудлаар удахгүй хэвлэлийн хурал хийж иж бүрэн мэдээлнэ” гэсэн хариу өгөв. Нягталбал энэ талаар яг энэ асуудал хариуцсан яам нь багцаа тоо баримтаа нэгтгээгүй, магадгүй хариуцсан ажилтнууд нь амраад, аялаад эзгүй байгаа болохоор очсон сурвалжлагчийг нэг удаа ийн аргалж байгаа нь энэ бололтой.
Энэчлэн өнөөдөр аль ч яам, агентлагаар очсон “хариуцсан хүн нь амраад явсан, эзгүй байна, хэд хоногийн дараа хүрээд ир”, “одоохондоо энэ мэдээллийг хараахан нэгтгээгүй байна, удахгүй бид бүх хэвлэлийг цуглуулаад бүрэн мэдээлэл өгнө” гэсэн хариу тасрахгүй.
Уг нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь “шөнө өнгөрч үүр цайж байгаа мэдрэмж төрж байна”, “шинэ сэргэлтийн бодлого амжилттай хэрэгжиж байна”, “21 аймгаа засмал замаар холбочихлоо”, “400 сая жуулчин хүлээж авна” гээд энд тэнд ганц км замын нээлтэд оролцож тууз хайчлаад, Хэнтийдээ Андлалын, Сэлэмний хөшөө босгоод яваад байдаг, доод албат, засгийн газрын бүрэлдхүүн яам, агентлагууд нь энэ их өрнүүн ажилд нь чагт болоод, ажилтнууд нь ийм янз янзын тайлбар хийгээд байх нь хэр юм бол.
Хэвлэлийнхэн ч хэрэгт дуртайдаа биш, Л.Оюун-Эрдэнэ сайдын тэргүүлсэн засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” хэрхэн амжилттай явж , хэрэгжиж байгааг мэдээлэх гээд л ажил үүрэг хариуцсан яам агентлагаар нь орж асууж сураглаж яваагаас биш зарим нэгэн шиг муу муухайг нь уудлан илрүүлэх гэж атгаг санаа өвөрлөөгүй байлтай. Даанч эрхэм Ерөнхий сайд таны тэргүүлсэн засгийн газрын ажил хариуцсан яам, агентлагуудын ажилтнууд улс даяар давалгаалж байгаа өөр өөр нэртэй олон наадам, баяр ёслол руу алга болоод, үгүй юм гэхэд үнэтэй тансаг машинаараа аялж зугаалаад хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх байтугай, хэвийн ажлаа хавтас, ширээндээ хийж орхичхоод эзгүй байхад ганцхан та зүтгээд энэ улс орны их ажлыг амжуулах уу.
Өмнө дурдсан боловсролын салбар гэхэд л ид ажил ачаалал нь хоолой дээр тулчихсан, эцэг эхчүүд хүүхдээ заавал харьяаллын сургуульдаа өгөх юм уу, өмнө жил өгч байсан сургуульдаа өгөх юмуу, их дээд сургуулийн оюутнууд нь тариан талбайд ажиллаад кредитээ бөглүүлэх юм уу, шууд хичээлдээ орох юмуу гэдэг нь тодорхойгүй олон хүн гайхаад тов тодорхой хариу хүлээж байна. Хөдөөгийн оюутнууд нийслэлийг зорих болчихсон, ажлын хувцас авч гарах юм уу, үгүй юу гэдгээ мэдэхгүй байхад Боловсролын яам сайд Л.Энх-Амгалангийнхаа хавар хэлсэн үгийг мартчихсан, энэ талаар тайлбар өгөх хүнгүй л байгааг юу гэх вэ.
Энэчлэн намрын ургац хураалт, төмс хүнсний ногооны хүрэлцээ, үнэ ханш, нийслэлийн зам, ус зайлуулах далан сувгийн засвар, Дарханы зам гээд олон асуудлаар яг тодорхой мэдээлэл өгчих хүн олдохгүй байгааг юу гэж ойлгох вэ.
Сайд, агентлагийн дарга гээд гол хүн эзгүй болохоор нарийн бичгийн даргаас нь эхлээд дараа дараагийн хүмүүс нь бүр амраад хол алс явчихдаггүй юмаа гэхэд, өдөртөө хагас дутуу харагдаад хувийн ажил амжуулаад ойр дөт газар амарч аялаад аргалаад байдаг дүр зураг л анзаарагдаад байх…..
Улс орны гүйцэтгэх засаглалын тэргүүн хүн, эрхэм Ерөнхий сайд та ганцаараа улаан гараараа зүтгээд байх биш, дор дороо байгаа яам тамгын газар, агентлагуудаа, төрийн албаны цалин хүртэж суугаа хүн бүрээ жигд, хариуцлагатай ажиллуулж байж гэмээнэ, эхлүүлсэн, хийж бүтээхээр санаж сэдэж яваа ажил тань бүтэмжтэй баймаарсан.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр3 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм2 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна