Улс төр
Б.Мөнхбаатар: Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 47 хувьтай байна
Геодиз зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
“Бид өнгөрсөн хугацаанд газрын харилцаатай холбоотой хуулийн шинэчлэлийг хийж ирсэн. Тодруулбал Хот байгуулалтын тухай хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг Газрын багц хуультай уялдуулах юм. Энэ хүрээнд Геодиз зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Уг хуулийг 1997 онд баталсан. Өнгөрсөн хугацаанд 11 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Ингээд уг хуулийн 30 гаруй хувь нь нэмэлт өөрчлөлт орсон учраас шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсан.
Геодиз бол улс орны хөгжлийн үндсэн суурь байдаг. өөрөөр хэблэл өндөр, налуу, хүндийн зэрэг тоон хэмжээст тулгуурлаж бүтээн байгуулалт өрнөдөг. Ялангуяа хот суурин газрын төлөвлөлт, томоохон төсөл геодизийн тэмдэгт цэгт тулгуурлдаг. Улаанбаатар хотод 360 гаруй геодизийн цэг, тэмдэг байсан. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хийгдсэн барилга, замын бүтээн байгуулалтаас шалтгаалан үүний 50 хувь нь устаж үгүй болсон. Энэ нь хот төлөвлөлтийн ирээдүйд маш сөрөг нөлөөтэй. Барилгын компаниуд газрын урууд байшин, барилга барьсаар ус зайлуулах хоолойнууд маань авто зам болон хувирсан байх жишээтэй.
Мөн нийтийн аж ахуйн салбар социализмийн үед цогц байсан. Тэгээд 1990 оноос хойш энэ салбар доголдож, орон сууцны айлууд цонхоороо яндан гаргаад гал түлдэг байлаа. Өнөөдрийн байдлаар 21 аймгаас арвынх нь дулааны станц ямар нэг байдлаар хувьд шилжсэн. Харин цэвэр, усны бүх сүлжээ улсын “Чандмань” нэртэй нэг байгууллагад бий.
Засгийн газар сүүлийн зургаан жилд 1960-1970 онд Улаанбаатар хот болон бүх аймгийн төвд баригдсан цэвэрлэх байгууламжуудыг улсын төсөв болон олон улсын зээл тусламжаар үе шаттай шинэчилж байна. Тухайлбал,
Улаанбаатар хотод 1966 онд баригдсан Төв цэвэрлэх байгууламж өдөрт 160 мянган шоо метр бохир ус хүлээн авах хүчин чадалтай. Гэтэл өнөөдөр 170 мянган шоо метр бохир ус хүлээн авч байна. Ингээд хүчин чадал хүрэхгүй, технологи нь хоцрогдсон тул БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хоногт 250 мянган шоо метр бохир ус хүлээн авах хүчин чадалтай Төв цэвэрлэх байгууламж барьж байна. Барилгын явц 47 хувьтай байна. Цемент нийлүүлэх урт хугацааны гэрээг хийсэн тул хүндрэл гараагүй. Одоо бидэнд үүсэх хүндрэлтэй асуудал гэвэл энэ төсөлд 800 гаруй чингэлэг орж ирэх ёстой.
БНХАУ-тай зохицуулалт хийхээр ажиллаж байна. Мөн чингэлэгт багтахгүй том төхөөрөмжүүд бий. Төлөвлөгөөнөөс 10 хувийн хоцрогдолтой явна.Бүтээн байгуулалтаас гадна боловсон хүчнийг сургаж бэлтгэх асуудал тулгамдаад байгаа. Төв цэвэрлэх байгууламж болон хаягдал усыг боловсруулах нарийн технологитой үйлдвэрүүд ашиглалтад орно. Гэтэл тэнд ажиллах ихэнх боловсон хүчин ЗХУ-д боловсрол эзэмшсэн хүмүүс байдаг. Шинээр боловсон хүчин сургахгүй бол шинэ технологийг ажиллуулах боломжгүй юм. Тиймээс цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын усан хангамжийн чиглэлээр сурах оюутнуудыг төрөөс бодлогоор дэмжиж бэлтгэхгүй бол байшин болсон ч дотор ажиллах хүчний хомсдолд орох вий гэдэг эрсдэлийг тооцоолж, одооноос анхаарч байна” гэлээ.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр3 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа