Улс төр
Л.Энх-Амгалан: Үйл ажиллагаа нь зогссон их, дээд сургуулиудын нэг ч оюутны эрх ашиг хөндөгдөхгүй
Энэ жилийн хувьд их, дээд сургууль тойрсон асуудлууд, зоригтой өөрчлөлтүүд ар араасаа хөвөрсөөр. Энэ тухай БШУ-ы сайд Л.Энх-Амгалангаас тодруулсан юм.
Их, дээд сургуулиудын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн тухайд болон цаашид их, дээд сургуулиудыг эрэмбэлэх асуудал яригдах уу?
-Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2,564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1,656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай байна. Гэтэл энэ чиглэлд өнгөрсөн таван жилд 14,874 мэргэжилтнийг бэлтгэжээ. Өнгөрсөн таван жилд 55,736 оюутныг эрх зүй, бизнес, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр бэлдэж төгсгөсөн. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдах юм. Цаашид их, дээд сургуулиудыг эрэмбэлнэ. Бас зарлана. Их дээд сургуулийн буруу тогтолцоог засаж залруулах зайлшгүй шаардлага бий
МҮИС-ийн нэртэй холбоотой шүүхийн асуудлын талаар яривал?
-МҮИС-ийн нэртэй холбоотой асуудал бий. Энэ бол цэвэр оюуны хулгай гэдгийг албан ёсоор мэдэгдье. Энэ сургуулийн удирдлагууд надтай шүүхдэж байгаа. Эвлэрье гэдэг санал надад ирсэн. Би үүнтэй эвлэрэхгүй гэдгийг хатуу хэлье. Түүнчлэн шүүх хурлын хугацаагаа дандаа хойшлуулж байгаа. Есдүгээр сарын 15-наас өмнө шүүх хурал зарлаж хуралдахгүй бол энэ асуудлыг удааж байгаа тухайн шүүгчийг олон нийтэд нэр устай нь зарлана. Монгол Улсын Ардын их хурлын тогтоолоор олгосон МҮИС-ийн нэрийг хулгайгаар авсан асуудлыг зөвтгөсөн шүүгч байвал түүнийг ёс зүйн хороонд өгнө. Арай ч авлигад идэгдсэн, цөөнхийн эрх ашигт үйлчилсэн шүүх, шүүгч манай улсад байхгүй болов уу гэж итгэж байна.
Манай улсад ер нь хичнээн их дээд сургуульд хичнээн оюутан суралцдаг юм бэ?
-Монгол Улсад 147,393 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг. Цаашид шаардлага хангасан их, дээд сургуультай байх бодлого барьж байгаа.
Энэ олон сургуулийн сургуулийн оюутнуудын төлбөр гэж нэлээдгүй л тоо яригддаг байх даа?
-Их, дээд сургуульд дөрвөн жил сурахад дунджаар 12-15 сая төгрөг зарцуулж байна. Ингэхдээ оюутнууд төлбөрөө ихэвчлэн зээлээр гаргадаг. Дээр дурдсан 140,000 гаруй оюутан нь сургуулийнхаа төлбөрийг төлөхөд ойролцоогоор 3-3.5 сая төгрөгийг арилжааны банкуудаас эцэг эхийнхээ цалингийн зээл, тэтгэврийн зээлээр авдаг. Тодруулбал, 440-460 тэрбум төгрөгийн цалингийн зээл намар гарч байна. Их хэмжээний зээл гардаг ч эргээд төлбөр төлөөд сурсан оюутнууд маань ажлын байргүй болдог асуудал бий. Тиймээс их, дээд сургуульд тавих шаардлагыг өндөр болгох нь чухал.
Жилийн жилд л оюутны хотхоны тухай яригддаг шүү дээ. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Их, дээд сургуулиудын хотхон барих ТЭЗҮ-ийн ажлууд эхэлсэн.Цаашид нэгдүгээр курсдээ хөдөө орон нутагт сураад, хоёр гуравдугаар курсдээ Улаанбаатарт сурах. Улаанбаатар хотод сурч байгаа оюутнууд үлдсэн хоёр жилээ хөдөө орон нутагт мэргэжлээрээ суралцах 1+3, 1+2, 2+1 гэсэн шаталсан тогтолцооны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
Нэлээд хэдэн их, дээд сургуулийн үйл ажиллагааг хүчингүй болголоо. Ямар сургуулиуд багтаж байгаа вэ?
-Их, дээд сургуулийн шаардлага хангаагүй 13 сургуулийн үйл ажиллагааг зогсоож байна. Эдгээр сургууль нь 163 багш, 1,567 оюутантай. Өөрөөр хэлбэл, сургууль тус бүр 40 хүрэхгүй оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс энэ 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа юм. Үүнд: Газарчин дээд сургууль, Зүүн хүрээ коллеж, Маргад дээд сургууль, Монголын менежмент, технологийн дээд сургууль, Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль, Номэра дээд сургууль, Рафлес олон улсын институтын УБ дахь салбар сургууль, Түшээ дээд сургууль, Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль, Чингис хаан дээд сургууль, Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль, Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль гэсэн эдгээр сургууль байгаа.
Төрийн өмчийн их сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт гэж яригдаж байна?
-Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны 293 дугаар тогтоолоор дараах өөрчлөлтүүд орсон.
ШУТИС-ийн харьяанд: “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, Политехникийн коллож, МУИС-ийн харьяанд: Завхан аймаг дахь салбар сургууль, Дорнод их сургулуь /салбар /, Ховд их сургууль /салбар/, Худалдаа үлйдвэрлэл их сургууль /Бүрэлдэхүүн/, Улаанбаатарын их сургууль /Бүрэлдэхүүн/, ХААИС-ийн харьяанд: Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Баянхонгор аймаг дахь салбар сургууль, АШУҮИС-ийн харьяанд: Говь-Алтай салбар, Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Дорноговь аймаг дахь салбар сургууль, МУБИС-ийн харьяанд: Архангайн багшийн сургууль, Баян-Өлгий салбар сургууль, Монгол Улсын Консерватор, Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж, ДХИС-ийн харьяанд: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, ҮБХИС-ийн харьяанд: Цэргийн хөгжмийн политехник коллеж, Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэж зохион байгуулсан.
Мөн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан гэх?
-Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа. Өнгөрсөн 1.4 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр тогтоол гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 147,393 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг тооцоо байгаа. Үүнээс 14 их, дээд сургуульд 108,000 оюутан суралцаж байна. Цаашдаа бидний баримтлах бодлого нь шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байхад чиглэнэ. Их дээд сургуулиуд дээр тавих шаардлагыг өндөрсгөнө.Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурч байна. Өөрөөр хэлбэл, 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. 13 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, найман сургуулийг бусад сургуультай нэгтгэсэн. Мөн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн бөгөөд цаашид шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. Ер нь бол 40 хүрэхгүй оюутантай, подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай байж болохгүй.Тиймээс л эдгээр их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа юм.
Бусад сургуультай нэгтгэсэн: -Дүрслэх урлагийн академи дээд сургууль, Техник технологийн дээд сургуулийн харьяа Монгол Коосен технологийн сургууль, Шинэ монгол технологийн коллеж, ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТСЭШХ-гийн харьяа Агро-Экологийн бизнесийн сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Улаанбаатарын их сургууль, Ховд их сургууль, Дорнод их сургууль нэгтгэгдэж байна.
Үйл ажиллагаа нь зогссон их, дээд сургуулийн багш оюутнуудыг яах вэ?
-Нэг ч оюутны эрх ашгийг хөндөхгүй. Харин ч 1,500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг бид олгож байна. Харин багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг ч нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.Манай их, дээд сургуулиудын бодлого хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй сул талтай. Их, дээд сургууль төгссөн төгсөгчид маань ажилгүй болдог нийтлэг асуудал бий.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр42 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Улс төр42 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм39 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна