Улс төр
Улстөрийн тэтгэвэр ба МАН-ын бэлэг
Улстөрчдийн анхаарлыг татаж, амбицыг нь хөдөлгөн, унтах нойр, идэх хоолноос нь гаргасан асуудал өрнөлөө. Эцэг хуулийн манаачид их суудлын хуралдаанаараа Засгийн газрын гишүүд давхар дээлтэй байж болохоор шийдвэр гаргачихсанд бүх учир оршино. Цэцийн гаргасан тогтоол, шийдвэр улстөрчдөд бэлэг мэт санагдан албан тушаалын дажин МАН-ын цагаан ордон дотор ид дундаа өрнөж байна. Сайдын сэнтий мөрөөдсөн олон ч хүний шуналын галыг бадрааж эхэллээ.
Ялангуяа, төрийн түшээд сайдын сэнтийг зүүдлэнхэн явна. Тодруулбал, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, С.Бямбацогт, Ж.Бат-Эрдэнэ гээд урт дараалал үүсээд эхэлж. Бүгд л сайд болохоор хэл амаа билүүдэж, хэн нэгэнд хандах болж. Ардын намд зүтгэсний хариу болгож сайдын суудалд зал гэж ч саагиж байгаа сурагтай. Гэхдээ тэдний энэхүү мөрөөдөлд МАН-ын удирдлагууд ямар хариу барих бол гэдэг олны анхаарлыг татсан хэвээр.
Улс төрийн хүрээнийхний ярьснаар сайдын суудалд залах хүмүүст намаас нь барьж буй сүүлчийн бэлэг энэ байх бололтой. Нэг үгээр хэлбэл, төрийн ордонд залрах цаг нь дуусаж, улстөрийн тэтгэвэрт нь суулгах үдэлтийн бүжиг буюу өргөлийн сэнтий гэхэд болох аж. Дахиж МАН-ын нэр дор сонгуульд дэвшихгүй, мөр мөрөө хөөж, тэтгэврийн замдаа шулуудах нь. Мэдээж хэрэг, сайдад залрах эрхмүүдийн намтар түүх нь нэгэн хуудсаар баяжих л юм. Тэтгэвэрт нь суулгах шалтгаантай тул тэдэнд намаас нь өгч буй сүүлчийн бэлэг энэ байх юм уу даа.
Аль хэдийн давхар дээл өмссөн хэдэн сайд бий.
Өнөөгийн засагт ажиллаж буй давхар дээлтнүүд буюу Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар суудалдаа хэвээр үлдэх нь гарцаагүй. Энэ ноёдын зөөлөн суудалд санаархах хэн нэгэн 62-ын бүлгийнхэнд алга гэдэг тодорхой харагдана. Ерөнхийдөө дээлээ давхарлаагүй сайд нарыг том жижиггүй толгой дарааллан тонших бололтой.
Нэгдүгээр суудал болохо ЗГХЭГ-ын даргаар МАН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг очих сураг гарч байгаа бөгөөд энэ суудлыг булаалдах зоригтон бүлэгт одоогоор алга. Харин БОАЖ-ын сайдад Б.Саранчимэг, Батлан хамгаалахын сайдын суудлыг Л.Мөнхбаатар яригдаж, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нар ч бас сонирхож буй сураг чих дэлсэв. Тэгвэл Гадаад харилцааны сайд болохоор УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан зүтгэсэн ч намын удирдлагуудын таашаалд нийцээгүй учир тоглоомын тойргийн гадна үлдээж, уг суудалд гишүүн Ц.Мөнх-Оргилыг товлосон тухай яриа гарч байна.
Эдийн засаг хөгжлийн сайдын сэнтийд санаархаж буй цөөнгүй гишүүн байгаагийн нэг Ч.Хүрэлбаатар бөгөөд түүнтэй өрсөлдөхөөр хөрөнгө чинээгээрээ зартай “Оргил”-ын гэх тодотголтой Ж.Ганбаатар, “Хурд”-ын эзэн Б.Чойжилсүрэн нарын нэр ч бас дуулдав. Магадгүй Б.Чойжилсүрэнгийн хувьд нутгийн нутгийн анддаа зам тавьж өгвөл Эрчим хүчний сайдаар залрах төлөвтэй. Энэ суудалд Ц.Даваасүрэн санаатай байсан бас л бэлгийн жагсаалтаас хасагдсан тул тун ч ууртай яваа гэнэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Ж.Сүхбаатар яригдаж байгаа ч түлхэгдэх магадлал өндөр байна. Учир нь, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайдын суудалд заларч чадахгүй бол гэсэн бодолтойгоор зүтгэх аж. Нэг ёсондоо давхар бодолтой яваа нэгэн. Тэрбээр, “Намд зүтгэсний хариуд Эрүүл мэндийн сайд болго” гэж тулгасан тухай бор шувууд төрийн ордны булан тохой бүрд шулганалдана. Бүр 20 мянган төгрөгөөр твитрт “Би бол энэ хүнийг дарааггийн ерөнхий сайд байх хүн гэж бодож итгэж сүслэж явдаг. Тэр чадна. Тэр дэлхийн удирдагч” гэсэн пост бичүүлсэн тухай ч жиргээд эхэллээ.
За тэгээд, Барилга хот, байгуулалтын сайдаар Г.Тэмүүлэн, Зам, тээврийн хөгжлийн сайдын суудалд Ж.Бат-Эрдэнэ суух магдалал тун өндөр. Соёлын сайд болох гишүүнээр яруу найрагч Г.Мөнхцэцэгийн нэр тууж явна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ж.Мөнхбатын нэр гарч байгаа бол Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад Н.Учралтай өрсөлдөх гишүүн төрийн ордонд байтугай улс төрд байхгүй ажээ.
Ийнхүү Засгийн газрын гишүүний зөөлөн сэнтий тийш зүтгэх төр түшилцэгчид цэцийн тогтоолтой зэрэгцэн Засгийн газрыг бужигнуулахаар хор найруулан, улс төрийн тэтгэврийнхээ хаалгыг татан яваа юм байна. Дээрх түшээдийн улстөрийн каррьер өндөрлөж буй нь ч хэн бүхэнд ойлгомжтой. Тэднийг түмэн олон ч андахгүй. Үйлдсэн зүйл нь улс орон даяар байтугай сошиал орчноор дэлхий нийтэд цацагдсан алдар цуутнууд.
Ямартай ч МАН өртэй эрхмүүддээ бэлгээ гардуулж, тэтгэврийн замд үдэх цаг ойртож байна.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр54 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр55 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм52 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна