Улс төр
Г.Занданшатар: Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох эрх Цэцэд байхгүй
-Хууль зөрчиж, УИХ–ын бүрэн эрх, Үндсэн хуульт байгуулалд халдан, буруу жишиг тогтоолоо–
УИХ-ын ээлжит бус хуралдаан нээлээ. ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас гаргасан 02 тоот тогтоол болон ирэх оны төсөв, Засггийн газрын зарим сайд нарыг томилох зэрэг асуудлыг энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүн дотроос хамгийн их анхаарал татаж буй нь ҮХЦ-ийн 02 тоот тогтоол. Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ ҮХЦ-ийнхнийг бут ниргэсэн гэхэд хилсдэхгүй. Тодруулбал,
“Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоолоор Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсний хууль эрх зүйн үр дагаврыг үнэлэн цэгнэж, яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдлыг үүсгэлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байх талаар Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлийн 4-т заасан байдаг.
Түүнчлэн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд бий. Мөн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд тов тодорхой заасан.
Гэтэл Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ноцтой үр дагавар үүсгэж болох томоохон алдаа бөгөөд Цэц Үндсэн хуулиас бусад хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй болохоос Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох эрх байхгүй. Харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү Улсын Их Хуралд бий. Тиймээс Цэцийн энэхүү шийдвэр хууль зөрчсөн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын бүрэн эрхэд, Үндсэн хуульт байгуулалд халдсан үйлдэл болж, буруу жишиг тогтоолоо гэж зарим судлаачид, түүний дотор Үндсэн хууль тогтоогчдын холбоо үзэж, эсэргүүцлээ илэрхийлж, саналаа албан ёсоор бичгээр ирүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй ээ” гэсэн юм. Гэвч Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх тул парламентаар хянан хэлэлцэх боломжгүй аж.
Тиймээс тогтоолыг хэрхэн шийдвэрлэх талаар эрхэм гишүүд оюун ухаанаа дайчилж, олон нийт, эрдэмтэн судлаачидтайгаа зөвшилцөж, нухацтай хандах шаардлагатайг дуулгалаа.
Цэцийн тогтоолтой холбоотойгоор төр түшилцэх гишүүдийн тоог ямар хэмжээнд нэмэгдүүлэх, гүйцэтгэх засаглалд багтах давхар дээлтнүүдийн хувь хэд байх вэ гэсэн асуулт ч урган гарч байгаа. Энэ бүхнийг мэргэн түшээд өөрсдийн бодолдоо тунгаан намын бүлгээрээ хэлэлцэн нэгдсэн байр суурьт хүрэх ёстой боллоо. Үүнийг шийдэхийн тулд ажлын хэсэг байгуулж, ярилцах хэрэгтэй гэдгийг УИХ-ын дарга онцлов.
Цаашид Үндсэн хуулийн цэц буюу эцэг хуулийн манаачдад холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага ч үүссэн тул эрх зүйн орчныг эргэн харж, боловсронгуй болгох ажилд ханцуй шамлан орох нь.
Хууль тогтоох дээд байгууллага 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд арван удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн 1997 онд батлагдсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан юм байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдгээр хуулиудыг шинэчлэн найруулаагүй бөгөөд Цэцийн гишүүнийг санал болгох, томилох үйл явц нь хаалттай, ил тод бус, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэргэжлийн бус хүнийг томилдог, олон нийтийн санал бодлыг сонсдоггүй гэх мэт шүүмж гарсаар ирсэн гэдгийг чуулганыг нээж хэлсэн үгэндээ дурдсан.
Ийнхүү удтал амарч, зугаалсан эрхэм түшээд ээлжит бусаар хуралдахаар цуглалаа. Улс төрийн тогоо халуухан байх нь ч гарцаагүй. Харин төр түшилцэх хууль тогтоогчдын тоо хэд болон өсөж, Засгийн газарт давхар дээлтэнг ямар хувь хэмжээнд барьж оруулахыг ирэх өдрүүдийн хуралдаанаар шийдвэрлэх төдийгүй улс орны эдийн засгийн нөхцөл байдлаа хэрхэн өөд татах арга замаа эрж хайхаар болж байна.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр49 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр49 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм46 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна