Улс төр
Улаанбаатар хот анх удаа бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй боллоо
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 49.1-д “Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллана” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улаанбаатар хот анх удаа бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй боллоо. Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв хэмээх нэрээр өрхөө татсан шинэхэн байгууллагын судлаачид өнөөдөр зарим судалгааны дүнгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт танилцууллаа. Энэхүү төв нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг судалж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох төдийгүй уг судалгааны дүн шинжилгээг үндэслэн Улаанбаатар хот өөрийн бие даасан эдийн засгийн хэлбэрээ тодорхойлох учиртайг Нийслэлийн Засаг дарга онцолсон.
Тус төв нь “Алсын хараа-2050” бодлоготой судалгаагаа уялдуулж буй бөгөөд урт хугацааны бодлогын “Улаанбаатар хот ба дагуул хот” гэх есдүгээр бүлэгт хүн төвтэй хот, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжил, хотын сайн засаглал гэсэн дөрвөн үндсэн зорилтыг дэвшүүлсэн байдаг. Эдгээр зорилтын хүрээнд 80 дэд үзүүлэлтээр Улаанбаатар хотоо үнэлээд, дэлхийн аль нэг хоттой харьцуулан жишиж байгаагаараа онцлог юм. Одоогоор Япон улсын нийслэл Токио хоттой харьцуулан индексжүүлэх нь зүйтэй гэж тус төвийнхөн үзжээ. Учир нь, Токио хотын хувьд хот байгуулалтын процесс нь яг одоо өрнөж буйн дээр ололт ихтэй, мөн алдаа ч олонтой гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байлаа.
Дэлхий нийтийн хэмжээнд хотын иргэний хэрэгцээт зүйлсийн эн тэргүүнд орон байр, ажиллах сайн нөхцөл, хоол хүнс, сайхан орчин, боловсрол, эрүүл мэнд зэрэг үзүүлэлт оржээ. Эдгээр хэрэгцээт зүйлсийг олж авах радиус нь бага байх тусмаа иргэдийнх нь амьдралын чанар сайн байдаг аж. Өөрөөр хэлбэл, хэрэгцээгээ хангахын тулд хотын нэг захаас нөгөө рүү зорин очдог бус ойр орчимдоо 15 минутад багтаагаад хэрэгцээт зүйлсээ олчихдог байхаар хотоо төлөвлөх нь иргэн төвтэй, хүртээмжтэй хотын хамгийн чухал зорилт гэдгийг судлаачид танилцууллаа. Тус төвийн судлаачид нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны чиглэлийг нарийвчлан судалж үзжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 34 чиглэлийн 323 автобус өдөр тутам зорчиж, 851 автобусны буудал, зогсоолыг дайран өнгөрдөг байна. Тэдгээр автобуснууд хотын зүүн хязгаар Офицеруудын ордон, Ботаник, Улаанхуаран хүртэл зорчдог. Харин Баянзүрх дүүргийн нутагт 27 чиглэлийн 256 автобус нийт 960 автобусны зогсоолд иргэдийг буулгаж суулгадаг. Тэд ч мөн хотын баруун зах Сонгинохайрхан дүүрэг хүртэл үйлчилгээ үзүүлдэг. Ингэж зорчихдоо нийтийн тээврийн сүлжээнд маш их давхцал үүсгэдэг бөгөөд тэдгээр давхцалаас хэрэгцээ шаардлагагүйг нь тогтоож, зөв шийдэл гаргах нь тус судалгааны төвийнхний нэгэн зорилго байх юм. Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс “Нийтийн тээвэр болон авто замын түгжрэлийн систем динамик загварчлал”-ыг боловсруулжээ. Энэ мэтчилэн салбар тус бүрээр судалгаа хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлон Улаанбаатар хотоо иргэн төвтэй, амьдрах орчин сайтай хот болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм. Судалгаанд үндэслэсэн бодлого боловсруулах эхлэл нийслэл хотод ийнхүү тавигдлаа.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр30 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Улс төр29 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм26 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна