Нийгэм
БХЯ: АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТАРСАН ЦЭРЭГ-СТРАТЕГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Сүүлийн хоёр жил цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн завсардаад байсан аймаг, нийслэлийн засаг дарга нартай хамтарсан цэрэг-стратегийн бэлтгэл сургалт Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу өнөөдөр буюу 8 дугаар сарын 26-ны өдөр эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх сургалтын нээлтэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, хорин нэгэн аймгийн засаг дарга нар оролцоо.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, “Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш дайчилгааны тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу аймаг, нийслэлийн засаг дарга нартай хамтарсан цэрэг-стратегийн сургалтыг анх удаа зохион байгуулж байна. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилт, Батлан хамгаалах хууль эрх зүйн шинэчлэлийг орон нутагт гардан зохион байгуулах, орон нутгийн хамгаалалтыг улс орны хэмжээнд зохион байгуулдаг гол хүмүүс бол удирдлагууд та бүхэн байдаг. Дэлхийн улс орнуудын цэрэг улс төрийн байдал эмзэг, мэдрэмтгий байгаа нь манай орны эдийн засаг, иргэдийн зорчих хөдөлгөөнд тодорхой нөлөө үзүүлж байна. Иймд энэ удаагийн сургалтаар Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагатай холбоотой олон асуудлыг хөндөж, тэр дундаа Аюулгүй байдлыг хангах үндсэн асуудлууд, нөлөөлөх хүчин зүйлс; Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчны өөрчлөлт; Орон нутгийн хамгаалалтын үндэс, удирдлага, зохион байгуулалт; Дайчилгааны үндэс, төлөвлөлт, нутгийн захиргааны байгуулалтын үүрэг зэрэг сэдвээр манай эрдэмтэн багш нар онолын мэдлэг олгоно.
Мөн эдгээр өдрүүдэд 21 аймаг, 9 дүүргийн шилдэг хүүхэд залуусын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй цэрэгжилтийн-спортын “ДӨЛ-2022” тэмцээнд аваргаа тодруулахаар хурд, хүч авхаалж, самбаа, оюун ухаанаа уралдуулж байна. Энэхүү тэмцээн бол хүүхэд, залууст цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх өндөр ач холбогдолтой. Үүнд БШУЯ, ЕБС-иуд, аймаг, нийслэлийн орон нутгийн удирдлага та бүхэн нарийн зохион байгуулалттайгаар хамтарч ажиллаж байгаад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.
Маргааш аймаг, нийслэлийн орон нутгийн удирдлагууд Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болж буй “ДӨЛ-2022” тэмцээний хаалтын үйл ажиллагаанд оролцож, тэмцээний оролцогч хүүхэд залуучууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн хамтаар “Тэрбум мод” төслийн хүрээнд мод тарих юм.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.