Нийгэм
Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжууллаа
Монгол Улсын Засгийн газраас гаргасан Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах арга хэмжээний тухай тогтоолоор олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийг цахимжуулж буй. Энэ хүрээнд нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамж авах явцыг арваннэгдүгээр сарын 1-нээс цахимжуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоонд ажиллалаа.
Нийслэл хот руу орж, мөн гарч байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авдаг уламжлалт төлбөрийн харилцааг халж, товчоодын ажилтны цалингийн зардал, орон тоог хэмнэх, түүнчлэн тээврийн хэрэгслийн нэвтрэх хугацааг 10 дахин багасгаснаар дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр гурван секундэд нэвтэрч гарах боломж олгох шинэ системийг Улаанбаатарын шалган нэвтрүүлэх найман товчоонд суурилуулаад байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, ингэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхээр зам тээврийн нэгдсэн ухаалаг системийг бий болгох ажлыг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд авто замын төлбөр авах цэгийг цахимжууллаа. Өөрөөр хэлбэл, татвараа төлөөгүй, даатгал, оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгсэл хот руу нэвтрэх, хотоос гарах үед цахим системээр цагдаагийн албан хаагчид хяналт тавьж, хууль журмын дагуу зохих хариуцлагыг хүлээлгэдэг болж байна. Энэ маш чухал.
Улаанбаатарт 1.6 сая хүн амьдарч, 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнд оролцдог. Тэгэхээр энд дүрэм журам, хариуцлагын асуудал өндөр түвшинд яригдах ёстой. Бүгд зорчих хөдөлгөөнд соёлтой оролцож, зөрчил гарахаас сэргийлж, татвар хураамжаа хугацаанд нь төлөн, дүрэм журмаа мөрдөх ёстой. Дэлхийн хотуудын адил хөгжинө гэвэл ингэж л таарна. Нийслэл рүү орж, гарч буй тээврийн хэрэгслийг товчоод бүртгэж хянаснаар, зөрчлийг арилгана” гэж онцоллоо.
Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах төслийг бид зургаан сарын хугацаатайгаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хот руу шалган нэвтрүүлэх найман товчоонд шинэ төхөөрөмж суулгаж, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг хянах боломж бүрдүүллээ. Төлбөр авах цэгийг ийнхүү цахимжуулснаар нэг талаас замын хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах боломж гарна. Нөгөө талаас, төлбөр тооцооны уламжлалт хэлбэрийг халаад, цаг, ачаалал бууруулах хэмнэсэн шийдлийг нэвтрүүлж байгаа юм” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баярхүү “Өнөөдөр шалган нэвтрүүлэх товчоогоор 1200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрсний 10 шахам хувь нь зөрчилтэй байна. Зөрчилтэй тээврийн хэрэгсэлд энэ талаар сануулж, анхааруулж байгаа” гэлээ.
Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар тээврийн хэрэгсэл товчоогоор нэвтрэх үед улсын дугаарыг таньж, төлбөрийг смарткар систем болон банкны карт, банкны аппликейшнээс автоматаар суутгана. Хэрэв жолооч аппликейшн татаж суулгаагүй, картын дансанд мөнгөгүй бол тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системд бүртгэгдэж, нэхэмжлэх үүсэн, дараа нь төлбөрөө төлж болно. Нэг үгээр хэлбэл, жолооч, төлбөр хураагч ажилтан хоёр харилцахгүй, шууд товчоогоор нэвтэрнэ. Мөн оношилгоо, даатгал, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг газар дээр нь илрүүлж, зохих арга хэмжээг авах боломжтой болсон. Энэ нь цаашид нийслэл хотын хөдөлгөөнд хууль зөрчсөн тээврийн хэрэгсэл оролцох боломжийг хязгаарлаж, хяналт зохицуулалтыг сайжруулах боломжийг бүрдүүлэх юм.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм12 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр12 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр12 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа