Эдийн засаг
Дэлхийн ураны уурхайн 50 гаруй хувьд нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн газар дор уусган олборлох /ГДУО/ аргыг ашигладаг
М.ДАВААДУЛАМ
Ашигт малтмал газрын тосны газар, Бадрах Энержи ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд тухайлбал, орд ашиглах гэрээний дагуу уран, түүнийг газар дор уусган олборлолт (ГДУО) сэдвээр сургалтыг зохион байгууллаа. Дэлхийн дулаарлын эсрэг улс орнууд хүлэмжийн хий, нүүрснээс татгалзаж байна. Харин сүүлийн үед атомын цахилгаан станц сэргэх хандлага ажиглагдаж , дэлхий нийтээр ногоон эрчим хүчийг сэргээж, ихээхэн сонирхож байгаа энэ үед уг сургалтыг зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой юм.
Газар дор уусган олборлох/ ГДУО/ технологийн тухайд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн шилдэг технологи юм. Манай монголчуудын хувьд “Уран” гэх химийн элементийг ЕБСийн химийн хичээл дээр үзэж, сонссон нь ихэнх байдаг. Гэтэл бид олборлолт, туршилтын үйлдвэрлэл явуулаад багагүй хугацааг үджээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралтай холбоотой энэ бодисыг эцсийн бүтээгдээхүүн болгон, цөмийн эрчим хүчинд ашиглах дэлхийн улс орны тоо өссөөр. Гэтэл бид нэрийг нь сонсоод, ямар ач холбогдолтойг нь ч ухаж ойлгохыг хүссэнгүй. Харин эсрэгээрээ амнаас ам дамжсан цуу ярианд итгэн эсэргүүцэх иргэд мөн л нэлээдгүй. Ураны исэл буюу бидний мэдэх “Шар нунтаг”- ийг газар доор уусган олборлох аргаар авдаг. Бусад уурхайн адил тэсэлгээ, өрөмдлөгө, хүдрийг бутлах гэсэн үйл явц байхгүй тул байгалийн олборлолтын арга ч гэдэг. Гагцхүү цооног гарган ураныг газрын дор уусган олборлох, байгаль орчинд хор нөлөө багатай төдийгүй дэвшилтэт технологи юм. Боловсруулах үйлдвэр- цооногийн талбайболовсруулах үйлдвэр гэсэн хаалттай эргэлт, битүүмжлэл сайтай шугам хоолойн сүлжээ ердөө л энэ.
Дэлгэрүүлвэл, газар доор уусган олборлох аргыг хэрэглэхэд уусгагч шингэнийг шахах цооногоор орд руу шахдаг ба шингэн нь чулуулаг дахь ураныг уусгаж олборлоно. Дараа нь ураныг өөртөө уусгасан шингэнийг олборлох цооногоор гадарга руу соруулан авч боловсруулах үйлдвэр лүү явуулна. Үйлдвэрт ураныг уусмалаас нь салгаж, баяжмалд хувиргана. Урангүй болсон шингэнийг шахах цооногоор буцааж орд руу шахна. Эндээс харахад энэ аргыг ерөнхийд нь битүүмж сайтай шугам хоолой, битүү хаалттай эргэлт гэж ойлгож болох нь. ГДУО аргын эхний давуу тал бол энэхүү аргыг 50 гаруй жилийн өмнөөс уран, зэс зэрэг металыг олборлоход туршиж, ашиглах боломжтойг нь бүрэн баталгаажуулсан байна. Дэлхийн ураны уурхайн 50 гаруй хувьд нь энэ аргыг ашигладаг гэхээр энэ арга бусдаас давуу талтай гэдэг нь ойлгогдож байгаа юм. Ураны олборлолт газар дор явагддаг тул гадна талаас бараг харагдахгүй. Ураны хүдрийг газрын гадарга дээр гаргаж ирдэггүй, хүнд даацын машин механизм ашиглахгүйн дээр хүдэр бутлах үйлдвэр барьдаггүй.
Гэвч олборлох явц бидний нүдэнд харагддаггүй тул уурхайн эргэн тойрны ард иргэдийг түгшээх магадлалтай, тиймээс энэхүү аргыг тайлбарлан таниулах нь чухал байдаг. Тоос босч, чимээ гарахгүй. Уламжлалт уурхайн аргуудтай харьцуулахад ус болон эрчим хүчний хэрэглээ нь 2-5 дахин бага байдаг ба нүүрсхүчлийн хий /CO2/-н ялгарал нь ч мөн бага. Нүх гаргаж, хаягдал чулуулгийн овоолго, хаягдал үүсгэдэггүй тул экосистемд үзүүлэх нөлөөлөл нь бүр ч хязгаарлагдмал байдаг. Мөн түүнчлэн эрчим хүчний зарцуулалт бага, цөөн тооны тоног төхөөрөмж шаарддаг, цацрагийн шарлага бага, байгаль орчинд үзүүлэх (бохирдол зэрэг) нөлөө багатай, бага агуулгатай хүдрийг олборлох боломжтой учир нөөц ашиглалт өндөр, бусад аргаар олборлох боломжгүй ордоос уран гарган авах боломжтой гээд давуу талууд ихтэй.
Ер нь ГДУО арга бол эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай арга, техник юм. Хөрөнгө, зардал багатай байдаг. Мөн үйл ажиллагааны зардал нь уламжлалт уурхайнхаас 2-4 дахин бага. Хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх хугацаа нь ч богино буюу хоёроос таван жилийн хооронд хөрөнгө оруулалтын өгөөжөө хүртэж эхлэх боломжтой. Ер нь олборлолт болон үйлдвэрлэлийн процессыг энгийнээр хамгийн ойлгомжтой тайлбарлахад газрын гүнд байгаа элстэй холилдсон ураныг ГДУО аргаар химийн бодис бүхий шингэний тусламжтайгаар шингэрүүлэн тусгай хоолойгоор үйлдвэрлүү татна. Харин үйлдвэрт ирсэн шингэнийг синтетик давирхай бүхий танкаар оруулж давирхайндаа наан ураныг нь ялган авна. Цааш өтгөрүүлэх төхөөрөмжид оруулан өтгөрүүлээд хамгийн сүүлд шахагч төхөөрөмжөөр шар нунтаг болгон хамгаалалттай битүүмжилсэн торхонд тосон авч хадгалдаг гэсэн ийм л товч тодорхой ойлголт юм шүү дээ. Харин хайгуул, судалгаа нөөцийн тухайд манай орны зүүн болон зүүн өмнөд хэсэгт 1940-өөд оны сүүлээр геологийн сэдэвчилсэн судалгааны ажил хийгдсэнээр цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа эхэлсэн гэж үздэг бөгөөд судалгааны ажил үндсэндээ 1990 он хүртэл үргэлжилж геологийн судалгаа, хайгуулын өргөн хүрээтэй ажил хийгдсэн. Судалгаанд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь хамрагдсан байна. Монгол Улсын Ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд хайгуул хийж, нөөцийг нь тооцоолсон 13 ордын 192.2 мянган тонн металл ураны нөөцийг бүртгэгдээд байна.
Сургалтыг нээж АМГТГын дарга Л.Баярмандал хэлсэн үгэндээ “Өнөөдрийн энэ сургалт сүүлийн гурван жилийн хугацаанд ГДУО технологийн талаар төр захиргааны байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан хоёр дахь удаагийн сургалт болж байгааг онцлон хэлэх нь зүйтэй. Уг аргыг анх удаа 1963- 1965 онд UTAH International/ Pathfinder компани АНУ-ын Wyoming-ийн Shirley Basinийн ураны ордод ашиглажээ. 1996 онд ISL аргыг уламжлалт аргаар олборлох боломжгүй бага агуулгатай тунамал ордуудад, ялангуяа АНУ болон Төв Азид өргөн хэрэглэх болсон байна. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны Засгийн газрын тогтоолоор УУХҮЯнаас “Газрын дор хүхрийн хүчлээр уран олборлоход мөрдөх техникийн зохицуулалт нэртэй гарын авлагыг ”Олон улсын атомын энергийн агентлагаас 2001 онд гаргасан ураныг газар дор хүчлээр уусгах техникийн гарын авлага дээр үндэслэн гаргасан байдаг. Дэлхийд 60 жилийн түүхтэй ГДУО технологи нь уранаас гадна бусад зэс алт, никель, кобальт зэрэг бусад ашигт малтмалыг олборлоход ашиглах боломжтой хямд төсөр, богино хугацаанд барьж угсрах, хянах боломжтой, ухаалаг уул уурхайн арга болж улам хөгжсөөр байна” гэдгийг онцлов.
Г.Батжаргал: Нөөцөө нэмэгдүүлж хойч үедээ, ирээдүйдээ жинхэнэ “Ногоон эрчим хүч”-тэй улс орныг бий болгохын төлөө л ажиллах хэрэгтэй
Сургалтын үеэр Бадрах энержи ХХК-ийн дэд захирал Г.Батжаргалтай тус сургалтын ач холбогдол болон хэрэгжүүлж буй төслийн тухай ярилцлаа.
-Ярилцлагын эхэнд өөрийгөө болон компанийхаа тухай товч танилцуулвал?
-Монгол-францын хамтарсан компанийг 2016-2017 онд байгуулагдсан гэж үздэг бөгөөд Мон-Атом компанийн саналаар намайг дэд захирлаар тиймээс. Тус компанид дэд захирлаар ажиллаад, таван жил болж байна.
-Газар дор уусган олборлолт (ГДУО) сэдвээр сургалт зохион байгуулагдаж байна, уг сургалтын ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
-Ач холбогдол нь туршилтын үйлдвэрлэлд ашиглаж байгаа уг технологи нь манай орны нөхцөлд тохирч, цаашид үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглах боломжтой гэдгийг тодорхойлж чадсан явдал юм. Энэ ололтоо бусдад зааж сургана гэдэг бас л нэг ач холбогдол шүү дээ. Бид туршилтын явцад 10 тонн шар нунтаг олборлоод байгаа ч том үйлдвэрлэл эхлэхэд жилд 2500 тонн олборлох боломжтой болно. Тиймээс энэ технологи монголын геологийн нөхцөл байдалд зохицож, нийцэж байна гэдгийг л таниулж байгаагаараа томоохон ач холбогдолтой. Уг технологи нь геологийн ямар нөхцөлд ажилладаг, ямар боловсруулалтын үйл явцыг хийдэг, яаж гарч байна гээд энэ бүхнийгээ баталж авч байгаа нь ач холбогдол гэж үзэж болно.
-Зөөвч-овоо төслийн талаар яривал?
-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр Зөөвч-овоо ордын нөөц 93 мянган тонн гэдэг нь дахин батлагдсан. Жилд 2500 тонн шар нунтаг үйлдвэрлэнэ гэж үзвэл наанадаж 30 жил цаашлаад 30-с ч илүү жил ажиллах, үйлдвэрлэл явуулах боломжтой. Бид 93 мянган тонн ураны нөөцийг 100 хувь ашиглах боломжгүй 72 хувийг нь гаргаж авах юм байна гэж тооцож байгаа ч ГДУО аргын давуу тал нь сорчлон ашиглах нь маш бага түвшинд байдаг тул аль болохоор тэнд байгаа зүйлийг бүхэлд нь авах зорилго тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нэг жижиг торлолоор тэнд байгаа нөөцийн 72 хувийг л аваад байгаа. Харин том торлолын үр дүн эцсийн байдлаар гараагүй байна.
-Туршилтын үйлдвэрлэлийн явцад гаргаж авсан шар нунтгийн тухайд та юу хэлэх вэ?
-Өнөөдрийн байдлаар гаргаж аваад байгаа 10 тонн шар нунтагаа өөрсдийн үйлдвэрлэлийн талбайд хадгалж байна. Ойрын жилүүдэд зах зээлд гаргаж борлуулахгүй. Шар нунтгийг хатаах үйлдвэрлэлийн процесс байдаг, тэр нь хийгдээгүй дутуу байгаа учраас зах зээлд борлуулахад үнэд хүрэхгүй гэж үзэж байгаа. Тиймээс том үйлдвэр баригдтал хадгалах байх. Ямар нэгэн бүтээгдэхүүн зараад ашиг олоод байгаа юм байхгүй гэдгийг онцлон хэлмээр байна. Манай компанийн хувьд орлого “0”, зөвхөн хөрөнгө оруулалт хийгээд л явж байна.
-Орлого “0” бол өнөөдрийн байдлаар хэдий хэмжээний зарлага гараад байгаа вэ?
-Энэ компани 25 жил манай улсад ажилласан байна. Дунджаар жилд 10 сая ам.доллар зарцуулсан гэхээр 25 сая ам.долларыг “Орано майнинг” компаниас ураны эрэл хайгуул болон туршилтын үйлдвэрийн хөрөнгө оруулалт зэрэгт зарцуулжээ. Сүүлийн үед 260 сая ч гэж яригдаж байна. Харин “МонАтом” төрийн өмчит компанийн хувьд өөрийн эзэмшлийн 34 хувьдаа зохих ёсны бүртгэлтэй хөрөнгө оруулалт хийгээгүй.
-Хөрөнгө оруулалтын гэрээ болон том үйлдвэр баригдах бэлтгэл ажил ямар шатандаа явж байна?
-Хамгийн том хувьцаа эзэмшигч “Орано майнинг” компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулъя гэдэг саналыг тавьсан. Энэ гэрээний төслийг “Орано майнинг”, “Мон-Атом”, “Эрдэнэс Монгол” компаниуд хамтран бэлтгэж байна. Удахгүй Засгийн газрын түвшинд ажлын хэсэг нь байгуулагдаж “Орано майнинг” компанитай гэрээний талаар яриа, хэлэлцээр хийж эхлэнэ гэдэгт найдаж байгаа, яагаад гэвэл манай компанийн туршилтын үйлдвэр дуусч байгаа. Бид техник эдийн засгийн үндэслэлээ /ТЭЗҮ/ шинэчлэн, тодотгож үүнийгээ үндэслэн хоёр талаасаа ярилцаж, тохирох байх гэж найдаж байна. Тиймээс энэ ажлаа шаргуу, шуурхай хийх нь хамгийн чухал байна. Учир нь ураны зах зээл их эрэлттэй сайн байгаа, нөгөөтэйгүүр дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт яригдаж байна. Үүнтэй тэмцэхэд цөмийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа манай урд хөрш болон Азийн улс орнуудад Солонгос, Энэтхэгт хэрэглээ нэмэгдэж байна. Манайд бэлтгэгдэж байгаа шар нунтаг нь цөмийн реакторуудын түлшний гол түүхий эд болдог гэдэг утгаар нь авч үзвэл ажлаа шуурхайлах ёстой гэж бодож байна.
-Манайд гаргаж авсан шар нунтгийн хор нөлөө болон ач холбогдлыг уншигчдад тайлбарлаж өгөөч?
-“Уран” гэхээр л иргэд айдас, аймшиг, аюул гэж хүлээж авч байна. Цөмийн байгууламжийн дэлбэрэлт /Чернобыль/, осол /Фүкүшима/ зэргээс үүдэн цөмийн байгууламжийн түүхий эдийг” аюул” гэж хараад байна. Монгол улсад үйлдвэрлээд байгаа шар нунтгийг гараар барихад хор нөлөө байхгүй ч цацраг идэвхит ашигт малтмал учраас цацраг ялгаруулах нь мэдээж. Тиймээс түүнийг стандартын дагуу зөв саванд, зөв хадгалах л чухал. Аливаа зүйлийг стандарт, аюулгүй ажиллагаа, горим гээд бүгдийг чанд сахиж ажиллаж чадвал айх юу байх вэ, тиймээс уранаас айх шаардлагагүй л гэж хэлье дээ. Улаанбаатар хотоо утаагүй, агаарын бохирдолгүй болгоход магадгүй бага оврын цөмийн эрчим хүчний станцыг ажиллуулснаар энэ асуудалд цэг тавих боломжтой. Гэвч цөмийн эрчим хүчний станцтай болно гэдэг хүссэн хүн болгон хийчихдэг амар ажил биш. Засгийн газраас бодлого, зорилго тавьж байж хэрэгжүүлэх байх. Одоогоор бид зөвхөн түүхий эд л гаргаж байна, цөмийн реактор гэдэг нь олон жилийн ажиллагаа шаардсан, хөрөнгө оруулалт шаардсан маш том ажил. Цөмийн эрчим хүч нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй гэдэг утгаараа үүнийг ашиглаж байгаа орнууд агаарын бохирдолгүй, цэвэр агаартай байна. Цөмийн эрчим хүч цахилгааныг нийлүүлэхээс гадна дулааныг бий болгодог. Үүгээрээ нарны болон салхин цахилгаан станцуудаас ялгаатай. Тиймээс манай улс ураныхаа нөөц баялгийг зөв зохистой ашиглах хэрэгтэй. Жишээлбэл Казакстан улс гэхэд жилд 20-25 мянган тонн уран олборлон экспортолж байгаа ч өөртөө цөмийн эрчим хүчний станц алга, маш хурдацтай зарж борлуулснаар нөөцгүй болох ирээдүй харагдаж байна. Тиймээс бид уранаа дөнгөж ашиглаж эхлэх гэж байгаа тул бусад улс орнуудын ашигтай туршлагыг сайн судалж, нэвтрүүлэх хэрэгтэй. Түүнчлэн нөөцөө нэмэгдүүлж хойч үедээ, ирээдүйдээ жинхэнэ “Ногоон эрчим хүч”-тэй улс орныг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй.
-Манайд ураны хайгуулын ажил ямар байдаг юм бол?
-“Бадрах энержи” ХХК-ийн хувьд хайгуулын лиценз байхгүй, харин ашиглалтын гурван лицензтэй. Кожи-Говь компани хайгуулын нэг лицензтэй. Цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын лицензийг төрийн байгууллагаас одоогоор олгохгүй байгаа. Зөвлөлтийн геологичдын тооцоолсноор манай улсад нэг сая тонн ураны нөөц байж магадгүй гэсэн судалгаа байдаг. Иймээс ураны бусад шинэ ордыг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарч, дэмжиж ажиллах хэрэгтэй болов уу. Тэр цагт бид Канад, Австрали лугаа адил хүчтэй улс орон болоход маш том тус дэм болох байх. Уран бол стратегийн хувьд өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.
-Ураны тухайд нэмж хэлэх зүйл байна уу?
-Зарим нэг хүмүүсийн явуургүй үйл ажиллагаа, амнаас ам дамжсан цуу ярианд итгэн ураныг аюул, аймшиг гэж харахаас илүүтэй бусад ашигт малтмалтай адилхан газрын эрдэс баялаг гэдэг талаас нь хүлээн аваасай гэж хүсч байна. Харин бид уранаа зөв цаг хугацаанд нь зохистой, маш сайн ашиглах цаг нь ирсэн гэж хувь хүнийхээ хувьд боддог. Үүнийгээ ч өөрийн эргэн тойрны хүмүүстээ зөвөөр ойлгуулахыг хичээдэг.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав