Улс төр
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй нэр дэвшигчийн сонсгол хийлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана” гэж заасан.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр 01/1458 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нэргүйн Батчимэгийг, 01/1459 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Бадамдоогийн Ганболдыг, 01/1460 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Мөнхөөгийн Пүрэвсүрэнг тус тус нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны арван нэгдүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны арван нэгдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар тогтоосон.
Хууль зүйн байнгын хорооноос 20 хоногийн турш нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл, саналыг хүлээн авах талаар олон нийтэд мэдээлсэн бөгөөд нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл, санал ирүүлээгүй байна. Харин сонсголд оролцохоо илэрхийлсэн 6 хүн, сонсголын ажиглагчаар оролцохоо илэрхийлэн 3 хүн бүртгүүлсэн бөгөөд өнөөдрийн сонсголд оролцов.
Сонсголыг нээж Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хэлсэн үгэндээ “УИХ-ын үндсэн зорилт бол ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах явдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн болон парламентын засаглалын энэ суурь зарчмыг хэрэгжүүлэх нэг чухал арга зам бол УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, Улсын Их Хурлаас томилох албан тушаалд нэр дэвшигчийг иргэд, олон нийтийн оролцооны үндсэн дээр томилох юм. Энэ нь нэг талдаа тухайн албан тушаалтны хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангадаг бол нөгөө талдаа иргэдийн төрд итгэх итгэлийг бий болгодог” хэмээн дурдав.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар тодорхой өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан бөгөөд зөвхөн мэдлэг, ур чадвартай нь шатлан дэвшдэг, эрх зүйн шинэчлэлийг хийснийг Л.Мөнхбаатар гишүүн тэмдэглэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр “Шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл нээлттэй, ил тод, хараат бус байх, хууль дээдлэх зарчмыг баримтлан зохион байгуулах, шүүгчид нэр дэвшигчийн шалгалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрдэх, хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж 70 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд тус шалгалтад 50 түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэнд тооцож, тогтоол гарган мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оруулдаг байх, мэргэшил, ёс зүй, зан төлөвийг 30 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд 20 түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг уг шалгалтад тэнцсэнд тооцох, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт тус бүрд өгсөн оноо, тэдгээрийн нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэн өөрийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлэх гэх мэтээр сонгон шалгаруулалтыг нарийн тодорхой хуульчилсан.
Энэ шинэчлэлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид Н.Баярмаа, Д.Батбаатар нарын нэрийг дэвшүүлж Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсголыг долдугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж байсан бол өнөөдөр бид Н.Батчимэг, Б.Ганболд, М.Пүрэвсүрэн нартай нэр дэвшигчийн сонсгол хийх гэж байна” гэлээ.
Тус нэр дэвшигчийн сонсгол нь үндсэн хоёр зорилгыг агуулж байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга тэмдэглэсэн. Нэн тэргүүнд, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлагыг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, олон нийтийг нэр дэвшигчтэй холбогдуулан санал шүүмжээ хэлэх боломжийг олгох бол удаад нь Шүүхийн ерөнхий зөвлөл хууль тогтоомжид заасан нээлттэй, ил тод, хараат бус, хууль дээдлэх зарчмыг баримтлан нэр дэвшигчийг тодруулсан эсэхийг олон нийтэд танилцуулах боломжийг хангах зорилготой гэв.
Энэ нь нэг талдаа шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргээ Шүүхийн ерөнхий зөвлөл хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн биелүүлж байгааг харуулах бол нөгөө талдаа шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх чухал ач холбогдолтой аж.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар “Хууль сахиулагчид шударга бус шийдвэр гаргадаг, хууль дээдлэх зарчмаа умартдаг, ашиг сонирхлын зөрчилд автдаг гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд гарсаар байгаа бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгч бол тухайн асуудлыг дэнслэн үзэж эцсийн шийдвэр гаргадаг хамгийн хариуцлагатай албан тушаал төдийгүй шүүхэд итгэх иргэдийн итгэлийн сүүлийн цэг байдаг. Ийм ч учраас энэ албан тушаалд зөвхөн мэдлэг, ур чадвар, туршлагатай хүн шалгардаг байх ёстой.
Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах, мэдээллээр хангах үүргээ хуулийн дагуу чанд биелүүлснээр хараат бус шүүх бий болох учиртай.
Иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай хангах хамгийн эхний алхам бол мэдлэг ур, чадвар ёс зүйтэй шүүгчийг шилж олох ажил юм. Шүүхийн ерөнхий зөвлөл энэ чиг үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж чадаж гэмээнэ Монгол Улсын Их Хурлаас баталсан шүүхийн шинэчлэл амилна” хэмээн хэлсэн. Төгсгөлд нь, өнөөдрийн сонсголоор нэр дэвшигчдийг олон нийтэд таниулсан, мэдлэг ур, чадварыг нээн харуулсан, нэр дэвшигчид Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдвол анхаарах асуудлыг нь сануулсан үр дүнтэй сонсгол болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Ийнхүү сонсгол эхэлсэн бөгөөд эхлээд нэр дэвшигч Нэргүйн Батчимэгийг танилцуулсан юм. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нь 1975 онд Дорноговь аймагт төрсөн. 47 настай, эмэгтэй. Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1983-1993 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль, 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, 2011-2018 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2001 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх, Шүүхийн тамгын газар туслах шүүгчээр, 2001-2010 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчээр, 2004-2010 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр, 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн шүүгчээр, 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан бөгөөд 2016 оны 12 сараас одоог хүртэл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа аж.
Нэр дэвшигч Н.Батчимэг өөрийгөө танилцуулахдаа “Мэргэжлээрээ нийт 24 жил ажиллаж байна. Үүний гурван жил нь туслах шүүгч, 21 жил шүүгчээр ажилласан. Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчээр 3 жил, ерөнхий шүүгчээр 6 жил, Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 12 жил, үүнээс ерөнхий шүүгчээр 6 дахь жилдээ ажиллаж байна. Шүүгч нь ажил мэргэжлийнхээ хувьд өсөж хөгжих боломж нь дээд шатны шүүхдээ тэнцэн ажиллах гэж үздэг бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах болзол, шаардлагыг хангасан хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэв.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нэргүйн Батчимэгээс сонсголын оролцогч Э.Баярхүү, П.Бадамрагчаа, П.Мягмарцэрэн, Б.Батдэлгэр нар асуулт асууж, хариулт авсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан.
Дараа нь нэр дэвшигч Бадамдоогийн Ганболдын сонсголыг явуулсан. Тэрбээр 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1986-1996 онд Улаанбаатар хотын 34 дүгээр дунд сургууль, 1996-2000 онд Их засаг хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, 2000-2001 онд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Б.Ганболд нь 2000-2004 онд Их засаг хууль зүйн дээд сургуульд багшаар, 2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багшаар, 2009-2014 онд Түшээ дээд сургуульд багшаар ажилласан бөгөөд 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа талаар Л.Мөнхбаатар гишүүн танилцууллаа. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвших болсон үндэслэлийн талаар Б.Ганболд танилцуулсан юм.
Тэрбээр “Төрийн эрх мэдлийн хуваарилалтын онол, практикын асуудал” сэдэвт дипломын ажил бичиж бакалаврын зэрэг хамгаалсан бол “Гэмт хэрэг зүйлчлэлийн онолын зарим асуудал” судалгааны сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. Мэргэжлээрээ тасралтгүй 22 жил ажиллахдаа хууль зүйн их дээд сургуулиудад багшаар ажиллан, тэнхмийн эрхлэгчийн албыг хашиж байсан гэв. Хууль зүйн болон боловсролын салбарт зохих хувь нэмрээ оруулж байсан гэдгээ тэрбээр дурдаад “Мэргэжлийн дагуу жил бүр онолын сурах бичиг зохиож нийтийн хүртээл болгож ирсэн. Одоогоор 22 номын зохиогч. Мэргэжил эзэмшсэн цагаасаа шүүгч болох зорилгыг тавьж, өөрийгөө бэлтгэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлсэн. Улсын дээд шүүхийн шүүгчийн шалгалтад тэнцэж, холбогдох шаардлагыг хангана хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэлээ.
Нэр дэвшигч Б.Ганболдоос оролцогч Э.Баярхүү, П.Бадамрагчаа, Б.Батдэлгэр, П.Мягмарцэрэн, Б.Төрболд нар асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, Х.Нямбаатар нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлсэн.
Сонсгол Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэнгийн сонсголоор үргэлжлэв. Л.Мөнхбаатар гишүүн нэр дэвшигчийн талаар танилцууллаа. М.Пүрэвсүрэн нь 1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 40 настай, эрэгтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр арван жилийн сургууль, 1998-2003 онд Их засаг их сургуульд эрх зүйч, бакалавр, 2011-2014 онд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ. 2003-2004 онд “UB даатгал” ХХК-д хуулийн зөвлөх, 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газар шүүгчийн туслах, 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчээр, 2012 онд Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгчээр, 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа гэв. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвших болсон үндэслэлийн талаар нэр дэвшигч танилцуулахдаа “2015 онд Солонгос Улсад шүүхийн тогтолцоо, захиргааны удирдлагын чиглэлээр, 2016 онд Тайланд Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах арга техникийн чиглэлээр, 2020 онд Итали Улсад санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагааны арга техникийн талаарх мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвших болзол, шаардлагыг бүрэн хангасан хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэлээ.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэнгээс сонсголын оролцогч Б.Батдэлгэр, Э.Баярхүү, П.Бадамрагчаа нар асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, нэр дэвшигч М.Пүрэвсүрэнгээс хариулт авлаа.
Ийнхүү УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан бөгөөд Лхагва гараг (2022.11.30)-ийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
-
Улс төр4 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр4 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм2 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ