Нийгэм
Махны экспортын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлнэ
Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Хөдөө аж ахуйн бирж” ХХК болон Монголын махны холбоо хамтран “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Санамж бичигт “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр, Монголын махны холбооны Гүйцэтгэх захирал Н.Батсуурь нар гарын үсэг зурж, баталгаажуулснаар
- Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын дагуу бэлтгэгдсэн мал, махыг малчид, хоршоодоос мал төхөөрөх үйлдвэрт биржээр дамжуулан арилжих, цахим дуудлага худалдаа зохион байгуулах;
- Мал, мах худалдах жишиг үнийн мэдээллийг гаргаж байх;
- Махны экспортын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус нийт 7 байгууллага оролцож, холбогдох хууль тогтоомжийн дагуу баримт бичгийг бүрдүүлэн авдаг. Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгж нэг удаагийн экспортын баримт бичгийн бүрдүүлэлт хийхдээ нийт давхардсан тоогоор 54 баримт бичгийг бэлтгэдэг байна.
ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/372 дугаар тушаалаар ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан “Худалдааг хөнгөвчлөх замаар Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан махыг нэг цонхны бодлогоор экспортлох боломжийг судалж, танилцуулах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, “Экспортын нэг цонхны цахим нэгдсэн систем” нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тус системийг нэвтрүүлснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох эрх бүхий төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, “Экспортын нэг цонхны цахим нэгдсэн систем”-д тэдгээр байгууллагуудыг холбож, давхардал үүсэж буй баримт бичгийн мэдээллийг экспортлогч аж ахуйн нэгж 1 удаа оруулах боломжийг бий болгож, улмаар төрийн байгууллагын уялдаа холбоог ханган баримт бичиг бүрдүүлэлтийн шат дамжлага, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой юм.
Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь махны жишиг үнэ тооцоолох аргачлалыг гулууз мах, цул мах, экспортын хөлдөөсөн мах болон экспортын дулааны аргаар боловсруулсан мах гэсэн нэр төрөл тус бүрээр “Өртөг, зардлаас тооцох арга”-аар тооцоолон гаргаад байна.
Бирж нь махны үнийн мэдээллийг тогтсон хугацааны давтамжтайгаар зах зээлд мэдээлэх бөгөөд түүнийг үндэслэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч аж ахуйн нэгж үнийн тооцооллоо гаргаж худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг гүйцэтгэнэ. Ингэснээр Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг гадаад зах зээлд нэмэгдүүлэх, үнийн доод хязгаарыг тогтоох улсын бодлогыг хэрэгжүүлэх хөшүүрэг болох юм.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр52 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр53 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм50 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна