Нийгэм
Төв аймагт өвөлжилт хүндэрсэн тул шатахууны дэмжлэг үзүүлнэ
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр 13 аймагт өвөлжилт хүндрээд буй. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан өвөлжилт хүндрээд буй Төв аймагт энэ сарын 23-нд ажиллаад зарим сумдад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, шатахуун олгохоор шийдвэрлэжээ.
Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сумд 20-80 см цасан бүрхүүл тогтож, мал бэлчээрлэхэд хүндрэл үүссэн байна. Малчдын яриагаар өнгөрсөн 30 жилд байгаагүй цастай жил болж буй аж.
Эрдэнэ сумын хувьд нийт нутаг цасан бүрхүүлтэй, 1, 4, 5 дугаар багуудын нутаг дэвсгэрт малын бэлчээр муу, гуу жалгандаа 40-80 см , бусад газартаа 20-30 см цасан бүрхүүл тогтож, мал бэлчээрлэхэд хүндрэл үүсээд байгаа юм.
Малчид байгалийн хадлан 8256.5 тн өвс, ногоон тэжээл 1326 тн, үйлдвэрийн тэжээл 205 тн, гар тэжээл 1250 тн бэлтгэсэн. Сумын аюулгүйн нөөцөд өвс 70 тн, ногоон тэжээл 30 тн, үйлдвэрийн тэжээл 52,5 тн бэлтгэсэн байна. Аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлээс малчидад 1000 боодол өвс, 30 тн хивэг тэжээл, 500 боодол ногоон тэжээлийг хямдралтай үнээр олгосон байна.
Шадар сайд Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдуудад ажиллах үеэр өвөлжилтийн нөхцөл байдал, аймаг, сумын онцгой комиссын үйл ажиллагаа болон малчин өрхүүдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, шаардлагатай хэд хэдэн арга хэмжээг авахаар болжээ.
Тухайлбал, өвөлжилт хүндэрсэн зарим сумын онцгой комиссын ажиллах нөхцөл хүнд байгаа тул үйл ажиллагаанд нь шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж, сумдын аюулгүйн нөөцөд олгох өвс, тэжээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, өвөлжөө, хаваржаа руу зорчих гол замуудыг гаргахад сумын онцгой комисст шатахууны дэмжлэг үзүүлэх, УОК-с эхний ээлжид Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын ЭМТ-д туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон автомашин олгохоор болжээ.
Мөн мал ангилах, мах бэлтгэлийн ажлыг шуурхай зохион байгуулан, махны нийлүүлэлтийг эрчимжүүлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлж, хэрэгцээт өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр худалдаалах, Малын шилбэ муудахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч, малын био бэлдмэлийн хангалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.