Нийгэм
Халтиргаа гулгаанаас сэргийлж 330 тонн бодис, 577.7 тонн давс цацлаа
Өнгөрсөн амралтын өдүүдээр буюу арванхоёрдугаар сарын 24-25-нд Улаанбаатар хот орчимд цас орсон тул халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн зам талбайн цасыг арилгах, давс бодис цацах ажил үргэлжилсээр байна.
Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа гүвээ, хотын гол магистрал төв замуудад давс, бодис цацах, тусгай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өгч, зохион байгуулалтын арга хэмжээг авлаа.
Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 18 байгууллагын 917 зам талбайн үйлчлэгч, тусгай зориулалтын 84 машин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Мөн алслагдсан замд цас хунгарлаж даваа гүвээ хаагдах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэн Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт, Өвөр гүнтийн замд давс, бодис цацлаа.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ бодис цацагч 13 машин, 60 гаруй техник хэрэгсэл, 371 хүний бүрэлдэхүүнтэйгээр шөнийн ээлжээр ажилласан бөгөөд зам талбайн үйлчлэгч нар явган зам, нуухны цэвэрлэгээ хийж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авч буй.
Арванхоёрдугаар сарын 24-25-ны өдрүүдэд орсон цаснаар 330 тонн бодис, 577.7 тонн давс цацсан бөгөөд одоогоор 1528.94 тонн бодис, 3660.24 тонн давсны нөөцтэй байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.