Нийгэм
Нийслэлд цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 4-нд эхэлнэ
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийнэ.
Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу нийслэл болон дүүргийн ЗДТГ цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах бөгөөд иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар буюу онлайнаар хүсэлтээ илгээх боломжтой.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг энэ сарын 4-нөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан. Иргэд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ.
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. 18 нас хүрч буй иргэний хувьд хороондоо очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой” хэмээв.
И-Монгол Академийн салбар хоорондын зохицуулалтын газрын төслийн менежер Б.Батзул “Цэргийн бүртгэлийн хүсэлтийг гурван сувгаар авна. Тодруулбал, “e-Mongolia” гар утасны аппликейшн, www.e-Mongolia.mn вэб сайт болон төрийн үйлчилгээний операторуудаар дамжуулан хүсэлтийг хүлээн авна. Энэ жилийн хувьд бид системд зарим сайжруулалтыг хийсэн. Тодруулбал, иргэдийн оршин суугаа хаягаар цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийг хуваарилж байна. Мөн 18-аас дээш настай иргэдэд зориулан цэргийн үүрэгтний үнэмлэх авахыг сануулсан мессежийг системээр харуулж байгаа. Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй, эсвэл хаясан, гээсэн бол эхлээд цэргийн үүрэгтний үнэмлэх авсны дараа цахимаар бүртгэлд хамрагдах шаардлагатай. Тиймээс энэ мессежийг хүсэлт илгээхээс өмнө харуулж байгаа. Түүнээс гадна цэргийн бүртгэлийг цахимаар хийлгэх зааварчилгаа видео бэлдсэн” хэмээлээ.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй бөгөөд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.
Мөн цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.