Нийгэм
Байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхийг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр боллоо. Тус зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.
Тодруулбал,
- Улс, нийслэлийн бодлогын томоохон зорилтуудыг 2023 ондоо ажил хэрэг болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлж, салбар дундын уялдаа холбоог хангаж, нэгдсэн удирдлагаар хангах.
- Бодлогын хүрээнд түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэх ажлуудыг эрчимжүүлж, НЗДТГ-аас нэгдсэн удирдлага, бодлогоор хангаж ажиллах.
- Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, ухаалаг төрийн албыг төлөвшүүлэхэд анхаарах, төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах.
- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбоотойгоор нутгийн захиргааны зарим байгууллагуудын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах байдлыг алдагдуулахгүйгээр зохион байгуулж ажиллах.
- Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах, хот, хөдөөгийн хөгжлийн зохистой тэнцвэрийг хангах зорилгоор нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг хүн амынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх бодлогын чиглэлийг баримтлах Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах.
- Дотоодын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан үндэсний бараа, бүтээгдэхүүнээр “Сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн, арга хэмжээ”-г зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллах.
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.
- Нийтийн эзэмшлийн гудамж, орон сууц, гэр хорооллын гудамж дундах явган хүний зам болон аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын талбайн цас, мөс цэвэрлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд нь тогтмол Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.
- Орон сууцны хороолол болон гэр хорооллын хог хаягдлын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, машин, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж ажиллах.
- Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/1349 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.
- Нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагч, удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллахыг тус тус үүрэг болгов.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.