Нийгэм
Г.Ялалт: Харьяа дүүрэг, хорооноосоо хол байгаа иргэд цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэх боломжтой
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл үргэлжилнэ.
Үүнтэй холбогдуулан НЗДГ-аас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө. Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу нийслэл болон дүүргийн ЗДТГ цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах бөгөөд иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар буюу онлайнаар бүртгэлийн хүсэлтээ илгээх боломжтой.
Л.ЖАМБАЛСҮРЭН: НИЙТ БҮРТГЭЛИЙН 20 ОРЧИМ ХУВИЙГ ЦАХИМААР ХИЙСЭН
Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Л.Жамбалсүрэн цэргийн бүртгэлийн талаар “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа урт болон дунд хугацааны бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг цахимаар хүргэж буй. Энэ хүрээнд батлан хамгаалах үйлчилгээг цахимжуулах зорилгоор 2021 оноос цэргийн бүртгэлийг цахимаар хийж эхэлсэн. Өнгөрсөн жилийн хувьд улсын хэмжээнд нийт бүртгэлийн 20 орчим хувийг онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хийсэн байна” хэмээлээ.
Г.ЯЛАЛТ: 2023 ОНД 18 ХҮРЭХ, ШИЛЖИЖ ИРСЭН, ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГЭЭГДҮҮЛСЭН ИРГЭД ХАРЬЯА ХОРООН ДЭЭРЭЭ ОЧИЖ БҮРТГҮҮЛНЭ
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “2023 оны цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд явагдана. Цэргийн бүртгэлээ анхлан хийлгэж байгаа иргэд, мөн шилжиж суурьшсан, эсвэл цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлж, гээсэн хүмүүс эхлээд дүүрэг, хороондоо бүртгүүлж үнэмлэхээ авна. Ингэсний дараа бүртгэлийн хүсэлтээ цахимаар гаргах боломжтой. Бүртгэлийг дүүрэг, хороонд очихоос гадна цахимаар, мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний зургаан цэгт очиж хийлгэх боломжтой. Ингэснээр гадаадад сурч, амьдарч байгаа, түүнчлэн харьяа дүүргээсээ хол байгаа иргэд цаг алдалгүй бүртгэлдээ хамрагдах нөхцөл бүрдэж байна. Цэрэг татлагаар зарлан дуудах хуудас аваад бүртгэлээ хийлгээгүй, алба хаагаагүй хүмүүст энэ жилээс эхлэн хариуцлага тооцож эхэлнэ” гэсэн юм.
Б.БАТЗУЛ: ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ГУРВАН СУВГААР АВНА
“E-Mongolia” академийн төслийн менежер Б.Батзул цэргийн бүртгэлийг цахимаар хийлгэх талаар “Цэргийн бүртгэлийн хүсэлтийг бид гурван сувгаар авна. Тодруулбал, “E-Mongolia” гар утасны аппликейшн, www.E-Mongolia.mn вэб сайт болон төрийн үйлчилгээний операторуудаар дамжуулан хүсэлтийг хүлээн авна. Энэ жилийн хувьд бид системд зарим сайжруулалтыг хийлээ. Тухайлбал, иргэдийн оршин суугаа хаягаар цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийг хуваарилж байна. Мөн 18-аас дээш настай иргэдэд зориулан цэргийн үүрэгтний үнэмлэх авахыг сануулсан мессежийг системээр харуулж байгаа” хэмээв.
Иргэд нэгдүгээр сарын 4-20-ны хооронд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Иргэний бүрдүүлэх бичиг баримт:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Ажлын газрын үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3×4 цээж зураг 2 ш
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- Дээд офицер /Генерал/- 65 нас
- Ахлах офицер -60 нас
- Дунд офицер, ахлагч -55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ – 50 нас
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.