Нийгэм
“Юнивишн”-ий нэмж авсан төлбөрийг хэрэглэгчдэд буцаан олгоно
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун, ӨЗЗЗСГ-ын дарга Ч.Однасан, ХЭХЗСГ-ын дарга Ц.Тэрбиш нар Харилцаа холбооны зохицуулах хорооны Зах зээл, үнэ тарифын зохицуулалтын газрын дарга Д.Ариунболд, ахлах мэргэжилтэн н.Ганбат нартай уулзаж, Юнивишн ХХК-ийн зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн тарифын өөрчлөлтийг хянах явц болон холбогдох бусад асуудлаар ярилцаж тодруулга авлаа.
Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл уулзалтын үеэр “Юнивишн компани үнэ тарифтаа өөрчлөлт оруулах хүсэлтийг ирүүлсэн. Манай хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж нэмэлт судалгаа, мэдээлэл гаргуулсны үндсэн дээр дахин хэлэлцэхээр түр хойшлогдсон бөгөөд хянагдаж дуусах хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн үнээр төлбөр авахгүй байх тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн.
Мөн ШӨХТГ-аас ч энэ талаар шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу “Юнивишн ХХК” өмнөх сард нэмэгдүүлж авсан төлбөрийг дараа сарын төлбөрт суутган тооцох байдлаар хэрэглэгчдэд буцаан олгох, мөн хуучин тарифаар төлөлт хийсэн тохиолдолд таслалт хийхгүй, төлбөрийн зөрүүг нэхэмжлэхгүй байх зохицуулалт хийгдэж байгаа талаар урьдчилсан байдлаар бидэнд мэдэгдсэн.
Манай хорооноос үнэ тарифын өөрчлөлт оруулах асуудлыг хянаад эцэслэн шийдвэр гаргасан тохиолдолд уг өөрчлөлтийн талаар Юнивишн компани нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэлээ.
Мөн ШӨХТГ-аас хүргүүлсэн албан шаардлагад заасан хэрэглэгч зөвхөн гурвалсан үйлчилгээг хамтад нь авах биш телевиз, интернэт, суурин утасны дагнасан үйлчилгээг тус бүрд нь сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үйлчилгээ тус бүрийн үнэ тарифыг ХХЗХ-оос яаралтай судалж шийдвэр гаргахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.