Нийгэм
Нэг тэрбумын эд хөрөнгө хулгайлсан этгээдүүд гадагш явахаар төлөвлөж байжээ
Цагдаагийн байгууллага 2021 оноос хойш Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.
Тодруулбал, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан У гэгч нь Д, Б, М, С нартай бүлэглэн, хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн, айлуудыг судалснаар алт, мөнгө болон үнэт эдлэл зэргийг хулгайлан, үнэт эдлэлийн ченжүүдэд худалдан борлуулж байсан нь тогтоогдоод байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, “Ноён сэврэй” хийцийн 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөрөгний шүрэн толгой, 15 ширхэг хөөрөгний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлсийг хураажээ.
Дээрх этгээдүүд нь хууль бус үйлдэл, хулгайлсан эд хөрөнгөө нуун далдлах, гэмт хэргийн улмаас олсон орлогыг хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээсэлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх замаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьсан, тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийнхээ гишүүдийг гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.