Нийгэм
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг томуугийн үед хүүхдийн орны ачааллыг зохицуулах тушаал гаргав
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний үеийн хэвтүүлэн эмчлэх орны ачаалал нэмэгдэж буйтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тушаал гаргаж ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэл зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг түр шилжүүлэх зохицуулалтыг хийх үүргийг холбогдох албаныханд өглөө.
Уг зохицуулалтаар эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 18-20 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн 1-3, 25, 26 хороо, Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт, Чингэлтэй дүүргийн 8, 13, 14, 16, 19 дүгээр хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлэгт түр шилжүүлэх бөгөөд Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Амгалан”, “Өргөө” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд харьяаллын дагуу жирэмсэн эхчүүдийн амьсгалын замын өвчлөл, дотрын тусламж үйлчилгээг хариуцах юм.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн жилийн эцсийн буюу 52 дугаар долоо хоногийн томуу томуу төст өвчний мэдээгээр аймаг, дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 80.9 амьсгалын замын цочмог хүнд халдвартай ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.2 хувиар нэмэгдсэн. Энэ нь улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр нийтийг хамраагүй буюу алаг цоог тархалтын түвшинд байна.
2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүдийн 2088 орон дээр 1979 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь нийт орны ачаалал 90.7 хувьтай байгаа бөгөөд эмнэлгийн коридор, зориулалтын бус өрөөнд хэвтсэн хүүхэд байхгүй байгаа юм.
Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн төвөөр 1387 хүүхэд үзүүлснээс 844 нь орой 18 цагаас шөнө 00 цагийн хооронд эмнэлэгт хандсан байна. Эдгээрээс зөвлөгөө авч буцсан хүүхэд 1128, эмчилгээ хийлгэсэн хүүхдийн тоо 411 буюу 26.9 хувь нь байна. Коридор болон зориулалтын бус өрөөнд хэвтсэн хүүхэд байхгүй.
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед томуугийн шинж байдал, босго үзүүлэлтийг үндэслэн авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, өвчлөл дэгдэлтийн нөхцөл байдалд нийцүүлэн эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах, хүний нөөцийг нэмэлтээр ажиллуулан зохицуулалт хийж байна
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.