Нийгэм
Цана, чарганаас унаж гэмтсэн хүүхдүүдийн тоо эрс нэмэгджээ
Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, өдөртөө цас хайлан урсч, гудамж талбай болоод авто замын халтиргаа гулгаа ихэсч, автомашинууд хоорондоо шүргэлцэх, явган яваа хүн халтирч унаад гэмтэх тохиолдол цөөнгүй гарчээ. Сурагчдын амралт эхэлсэн цагаас хойш гэмтэл бэртэл авч түргэн тусламж авах хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн байна.
Халтиргаа гулгааны улмаас үүсэн гэмтлийн талаар ГССҮТ-өөс тодрууллаа. Тус төвийн ээлжийн эмч хэлэхдээ “Өдөрт манай яаралтай хүлээн авах түргэн тусламжийн тасгаар 300-400 хүн үйлчлүүлж байгаагийн ихэнх хувь нь хүүхдүүд байна. Тусламж үйлчилгээ авах иргэдийн ачаалал өглөө ажил эхлэх болон орой ажил тарах цагаар эрс нэмэгддэг. Сурагчдын амралт эхэлсэн цагаас хойш гэмтэл бэртэл авсан хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн. Амралтын өдрүүдээр хүүхэд, багачууд зориулалтын бус чаргаар хад, чулуу бартаатай замаар гулгаснаас үүдэн бэртэл авч байна.
Бага насны хүүхдүүдэд хэрэглүүлж буй цана, чарга болон гулгуулж байгаа зам талбайгаа аюул осол гарах талаас нь анхаарах хэрэгтэй. Энэ жил цас их орсноос үүдэн халтиргаа гулгааны улмаас тусламж, үйлчилгээ авч байгаа хүний тоо өмнөх жилүүдээс эрс их байна. Өмнөх оны халтиргааны улиралд 2021-2022 онд 1.269 хүнд цас, мөсөн дээр халтирч унасан гэх гэмтлийн шалтгаанаар тусламж, үйлчилгээ үзүүлсэн юм. Харин 2022 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сарын 31-нийн хүртэлх хугацаанд 3709 хүн гэмтэж бэртсэн шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэлээ.
Улсын хэмжээнд гэмтлийн тасгаар өчигдөр /2022.01.12/-ийн тоон мэдээллээр:
- Хаяттасгаар үйлчлүүлсэн хүний тоо 327
- Амбулаторын үзлэгийн тоо 432
- Хэвтэн эмчлүүлэгчийн тоо 405
- Нийт мэс заслын тоо 66 байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.