Нийгэм
Иргэдийн гар утсанд тусгай программ суулгаж, интернэт банканд нь нэвтрэн мөнгө хулгайлсан иргэдийг баривчилжээ
Иргэдийн гар утсанд тусгай программ суулгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэдийг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Тодруулбал, Худалдаа үйлчилгээ эрхэлдэг /Да Хүрээ, Сандэй плаза, Дүнжингарав, Хархорин, Мөнгөн Завьяа, Нарантуул болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдийн худалдагч зэрэг/ иргэдийн гар утсыг “…Утсаараа нэг яриулаач, утсаа өгч байгаач, таны утаснаас мөнгөө шилжүүлчихье…” зэргээр худал хэлэн авдаг.
Улмаар утсаа өгсөн иргэдийн гар утсанд тусгай программ суулгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан иргэн М, Г, М нарыг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Дээрх гэмт этгээдүүд нь тусгай программыг ашиглан иргэдийн интернэт банканд хууль бусаар халдан нэвтэрч дансанд байгаа мөнгийг хулгайлах, хадгаламж барьцаалан зээл авах зэргээр их хэмжээний хохирол учруулж байсан нь тогтоогдсон байна.
Иймд Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн иргэн М, Г, М нь гар утас худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй гар утсанд тус программыг суулган худалдан борлуулж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байж магадгүй аж.
Иймд иргэд шинээр гар утас худалдан авч байгаа тохиолдолд бүтэн шинэчлэл хийж, өмнөх мэдээллийг устгаж байж хэрэглэх, үл таних хүнд өөрийн гар утсаа өгч ашиглуулахгүй байх зэргээр өөрийн цахим аюулгүй байдлаа хангаж, дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.