Улс төр
Дэлхийн хүнсний аюулгүй байдалд Орос “буруугүй”
Дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүн, бордоо, эрчим хүчний үнэ өссөний улмаас дэлхийн хүнсний зах зээлд хямрал нүүрлээд байна. Оросын эсрэг авсан нэг талын томоохон хориг арга хэмжээнүүд нь урьд өмнө нь дөнгөж илэрч байсан сөрөг хандлагуудыг улам дэвэргэв. Хямралын үндсэн шалтгаан нь Барууны орнуудын системийн алдаанаас үүдэлтэй юм. Жо Байдены засаг захиргаа болон Европын комиссын шахалтаар эрчим хүчний салбарт сэргээгдэх эх үүсвэрийг түлхүү хэрэглэж, уламжлалт эрчим хүчний эх үүсвэрүүдийг халамжлахын оронд шахан гаргасан нь сөргөөр нөлөөлж, ОХУ-ын эсрэг чиглэсэн хязгаарлалтууд нь эрчим хүчний үнийн өсөлтийг өдөөсөн ба энэ нь тээврийн тарифыг нэмэгдүүлэхэд хүргэсэн. Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээнүүд болон байгалийн хийн үнийн хэлбэлзэл зэргээс болж бордооны үнэ 2020 оноос хойш гурав дахин өссөн байна. Үүний улмаас Европын томоохон бордооны үйлдвэрийн газрууд сул зогсож байгаа нь дэлхий даяар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл буурахад хүргэж, 2023 онд хүнсний хомсдол нүүрлэх эрсдэлд оруулаад байна.
Барууныхан хүнсний хямралын гол буруутнаар аливаа үндэслэлгүйгээр Оросыг буруутгахын зэрэгцээ хүнсний үнийн өсөлтөөс гол ашиг хүртэгч нь хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний дэлхийн эргэлтийн 75-90 хувийг хангах томоохон 4 корпорац (АНУ-ын «Archer Daniels Midland», «Bunge», «Cargill» болон Голландын «Louis Dreyfus») буюу «Том дөрвүүл» гэдгийг хэлэхээ “мартаад” байна. Тухайлбал, 2022 оны санхүүгийн жилд Cargill дангаараа борлуулалтаа 23 хувиар өсгөж, 5 тэрбум ам.долларын цэвэр ашиг олж, түүхэн дээд амжилт тогтоожээ. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь өөрсдийн мэдэлд байгаа улаанбуудайн нөөцийн талаарх мэдээллийг нуун дарагдуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хэсэгчлэн борлуулж байна. Барууны корпорацууд Оросыг дэлхийн хүнсний зах зээлээс шахан гаргаж, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд тодорхойгүй байдал үүсгэж, улам нэмэгдүүлснээрээ цаашид улам их ашиг олох өөрт таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Орос улс нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоо, эрчим хүчний тээвэрлэгч болон бусад чухал бүтээгдэхүүнийг экспортлох олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудын дагуу Ази, Африк, Латин Америк, Ойрх Дорнодын орнуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. Ийнхүү байр суурь нь Украины үр тариаг саадгүй экспортлох, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордооны экспортод тавьсан нэг талын хязгаарлалтуудыг арилгах тухай «Станбулын хэлэлцээр» гэгчийн үндэс суурь болсон юм. ОХУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоог гадаад зах зээлд борлуулахад бодитой ахиц дэвшил гараагүй ч хүнсний бүтээгдэхүүн хамгийн их хэрэгцээтэй байгаа улс орнуудын ашиг сонирхлыг хангах үүднээс Москва сайн санааны илэрхийлэл болгон энэ оны арваннэгдүгээр сард «үр тарианы хэлэлцээр»-ийг техникийн хувьд сунгахыг зөвшөөрөв. Үүнээс гадна өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй Африкийн орнуудад 500 мянган тонн хүртэл үр тариаг үнэ төлбөргүй нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Сүүлийн 4 сарын хугацаанд Орос улс 10.5 сая тонн үр тариаг гол төлөв Ази, Африкийн орнуудад экспортолжээ. Мөн дээрх хугацаанд 10 орчим сая тонн эрдэс бордоог дэлхийн зах зээлд нийлүүлсэн. Орос улс хүнсний хангамжийг нэмэгдүүлэх нь юуны түрүүнд буурай хөгжилтэй улс орнуудын ашиг сонирхолд нийцнэ гэсэн байр сууринаас ажиллаж байна. АНУ болон ЕХ-ны ялгаварлан гадуурхах хязгаарлалтын арга хэмжээний улмаас Оросын үйлдвэрлэгчид болон экспортлогчид банк санхүүгийн болон логистикийн хүндрэл, хэт өндөр даатгалын зардал зэрэг бэрхшээлүүдтэй тулгарсаар байна. Гэсэн хэдий ч Орос улс дэлхийн хүнсний зах зээлд найдвартай, хариуцлагатай оролцогч хэвээр байгаа бөгөөд хүнсний хомсдолд нэрвэгдэх эрсдэлтэй орнуудад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гол нийлүүлэгчдийн нэг хэвээр байна.
Оросын Холбооны Улсаас
Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ