Улс төр
ҮББХ: 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулж байна
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос 2023 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Г.Ганболд нар оролцов.
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо найман удаа хуралдаж, 16 асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны гишүүд Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажилласан гэдгийг Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин мэдээллийн эхэнд тэмдэглэлээ.
Мөн байнгын хорооноос Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшинг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мөн хөрөнгийн зах зээлээр дамжуулан аж үйлдвэржилтийн шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар Байнгын хорооны тогтоол гарган, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгчээ. Тухайлбал, Малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын ашиг шим, түүхий эдийн бодит нөөцөд тулгуурласан үйлдвэрлэл, технологийн паркуудын чиглэл, байршил, хүчин чадал зэргийг нэгдсэн бодлогоор зохицуулах, “Дархан арьс ширний цогцолбор” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлэх, баруун, зүүн бүсийн үйлдвэрлэл, технологийн паркийн /Ховд, Дорнод/ дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн байна.
Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн үр өгөөжийг дээшлүүлэх хүрээнд томоохон төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэй болгож, иргэдийн оролцоо хяналтыг сайжруулах, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан худалдаалах эрх зүйн зохицуулалтуудыг холбогдох хууль, тогтоомжид тусгах талаар Засгийн газарт чиглэл өгч ажилласан. Ингэснээр Төрийн банк болон “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийг нээлттэй хувьцаат компани болгож, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах бэлтгэлийг ханган ажиллаж байгааг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдав.
Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Ноолуурын салбарыг дэмжиж, самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх”, мөн “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг олон улсын жишигт хүргэнэ” гэж заасан.
Үүнтэй холбоотойгоор Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлаас баталсан ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, 2023 оноос хялгас ялгахаас дээш боловсруулалт хийгдэж чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохтой холбоотой тогтоолын хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа ноос, ноолуурын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцан, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзжээ.
2022 оны экспортын бүтцээс харахад манай улсын нийт экспортын 84.9 хувийг БНХАУ эзэлж байна. Манай улс нийт бэлтгэсэн ноолуурынхаа 70-80 хувийг зөвхөн угааж, 10 орчим хувийг самнасан байдлаар экспортолж, 10 гаруй хувийг бэлэн бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодын зах зээлд борлуулж байна. УИХ-ын тогтоолын дагуу ноолуураа самнаад гаргавал Европын холбооны улсууд болон бусад улсын зах зээлд нийлүүлж, нэг улсын хэт хараат байдлаас гарах боломжтой юм.
Ингэснээр угаасан ноолуурыг экспортод гаргахгүй, 4.5 мянган тонн хялгасыг нь ялгасан буюу самнасан ноолуурыг экспортолж, 2.1 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн борлуулж, салбарын борлуулалтын орлогыг 290 гаруй сая ам.доллароор өсгөх, 4000 гаруй ажлын байрыг шинээр нэмэгдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрүүд нь самнасан ноолуурын гол импортлогч улсууд болох Итали, Англи, Франц зэрэг улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гэрээ хэлцлүүд нэмэгдэж байгаатай холбогдуулан дотоодын үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх жилүүдээс 2.7 дахин нэмэгдэх төлөвлөгөөтэй байгааг Байнгын хорооны гишүүд хэллээ.
Дээрх тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 2023 онд 34 үйлдвэр 8,2 мянган тонн ноолуур худалдан авах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үйлдвэрүүдийн зүгээс ноолуурын үнийг бууруулахгүй байхад анхаарч ажиллахаа Засгийн газарт албан ёсоор мэдэгдсэн байна.
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулан дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажилласан.
Түр хорооноос хууль, эрх зүйн орчныг сайжруулах, санхүү төсвийн асуудлыг шийдвэрлэх, мал аж ахуйн болон мал эмнэлэг, газар тариалан, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий таван ажлын хэсгийг байгуулан ажиллуулжээ. Эдгээр ажлын хэсгүүд нийт 31 удаа хуралдаж, боловсруулсан санал дүгнэлтээ 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан байна.
Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх Түр хорооны тогтоолыг батлан гаргажээ.
ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС УИХ-ын 2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫН ТАЛААР:
1.Хууль, эрх зүйн чиглэлээр:
Монгол УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Хүнд болон Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Үүнтэй холбогдуулан дээрх үйлдвэрлэлд хамаарах салбар, оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан Хүнд болон Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын 2023 оны чуулганы хугацаанд хэлэлцүүлэн батлуулж, дээрх салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөжээ.
Мөн Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх, дэмжихтэй холбоотойгоор одоо үйлчилж байгаа холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, Ашигт малтмалын нөөцийн төлбөрийн давхардлыг арилгахтай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулахаар төлөвлөсөн байна.
2.Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих талаар:
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хүнд болон хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэх бүсүүдийг тодорхойлох асуудлыг ирэх намрын чуулганы хугацаанд хэлэлцэх юм байна. Үүнд;
1.Одоо байгаа үйлдвэрийн бааз, түүхий эдийн нөөцөд түшиглэн Дорноговь аймгийн “Алтан ширээт”, “Гэрэлт говь” зэрэг аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэх,
2.Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулах,
3.Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшинг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймагт мах боловсруулах болон мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрүүдийг кластерын чиглэлээр хөгжүүлэх,
4.Баруун бүсэд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг хийх “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах,
5.Уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн боловсруулдаг болох,
6.Төрийн өмчийн болон орон нутгийн оролцоотой компаниудын үр ашгийг тооцож, менежментийг сайжруулахад хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн болгох, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллах юм байна.
Дээрх зорилтуудыг хэрэгжүүлж ажилласнаар эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжиж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгох, аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой асуудлуудыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос гаргах бодлогын баримт бичгүүдэд тусган ажиллана гэдгийг Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин танилцуулав.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Байнгын хорооны гишүүн Ж.Батжаргал, Г.Ганболд нар сэтгүүлчдийн асуултад хариулт, мэдээлэл өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ