Улс төр
Б.Отгонтөгс: Иргэд идэвхтэй, оролцоотой байна. Зөв байна
Улс оронд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдээс асууж тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат амжилттай болж, өчигдөр (2023.02.02) дууслаа. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс мэдээлэл цуглуулалтын үйл явцад хяналт тавих ажлаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт ажиллаад иржээ. Түүнтэй ярилцлаа.
-Сайн явж ирэв үү? Зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны ажилд та хяналт тавьж оролцлоо. Иргэд санал асуулгыг хэрхэн хүлээн авч, яаж хандаж байна вэ?
-Сайн явж ирлээ. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, орлогч даргын хувьд зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатны санал асуулгын явц байдалд хяналт тавьж, хөдөө, орон нутгийн зарим нэгжид очиж хөндлөнгийн мониторинг хийлээ. Зөвлөлдөх зөвлөлийн дэргэд хяналтын комисс ажиллаж байгаа. Энэ хяналтын комиссын бүрэлдэхүүнд дандаа социологич, математикч, инженер, нийгмийн ухааны хүмүүс байгаа. Тус комисс бас санал асуулгын үйл явцыг давхар хянаж байна. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт явагдаж байгаа санал асуулгын явцтай танилцаад явж байхад иргэд их сайхан хүлээж авч байна. “Та 1570 иргэний дотор сонгогдлоо, аймаг, сумаа төлөөлөх нь байна” гээд яваад ороход төр, засгаа дээдэлдэг, сонгуульд санал өгөхдөө хүртэл нэр төрийн хэрэг гэж үздэг тэр хүмүүс “Өө, тэгэлгүй яахав” гээд л ажил төрлөө зохицуулаад, маш сайхан хүлээн авч, саналаа ч бас их сайн өгч байна. Миний хяналт тавьж ажилласан судалгааны багийнхан малчин айлаар ч орлоо, бизнес эрхэлдэг айлаар ч орлоо. Өндөр настай хүмүүс ч таарсан. Үндэсний статистикийн хорооны судлаач нар асуултаа асууж, бид тэр асуулт асуух, хариулт авах үйл явцыг зүгээр л ажиглаж байгаа шүү дээ. Асуултуудаа зөв асууж байна уу, хариулт өгч байгаа хүнд ямар нэгэн хэлбэрээр нөлөөлөх зүйл хийж байна уу, санал асуулга ном журмынхаа дагуу, хуулийн дагуу явагдаж байна уу гэдгийг хянаад л явж байгаа юм. Хажуугаас нь юм ярьж болохгүй, намын харъяалал энэ тэрийг нь бүр ч асууж болохгүй. Зүгээр л хүмүүсийн яриа хөөрөөг сонсож яваа гэсэн үг шүү дээ. Ер нь санал асуулга маш сайн, зөв сайхан явагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Ингэж явахдаа хүмүүсийн ярьж, хөөрөхийг анхааралтай сонсож байлаа. Зөвлөлдөх санал асуулга эхлэхээс өмнө энэ ажилд хүмүүс их анхааралтай хандаж байсан байна. Олон нийтийн сүлжээгээр хүмүүсийн илэрхийлж байгаа үзэл бодол, байр суурийг бас их ажиглаж харсан байна. Цахим ертөнц гэж том талбар байна шүү дээ. Үүгээр хүмүүс одоогийн Үндсэн хуулийг халж хаяад шинэ Үндсэн хууль батлах гэж, ийм халхавчлах санал асуулга явуулж байна гэсэн зүйл бичсэн байна. “Тийм л юм явах юм болов уу гэж бодсон чинь тэс өөр, улс орны эдийн засаг, нийгмийн асуултууд асууж байгаа юм байна” гэж тэр настай хүн ярьж байсан.
-Үнэхээр энэ асуудалд хүмүүс их санаа зовж байх шиг байна. Үндсэн хуулийг шинээр батлах асуудлыг зөвлөлдөх санал асуулгын асуултанд оруулж, иргэдээс асууж шийдүүлэх гээд байна гэсэн олон нийтийн ойлголтод та ямар хариулт өгөх вэ?
-Шинээр Үндсэн хууль батлах энэ тэр гэх мэт асуулт зөвлөлдөх санал асуулгын асуултууд дотор байхгүй. Одоо мөрдөж байгаа 1992 оны Үндсэн хуулийнхаа талаар л асуулт оруулсан. Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулга Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу явагдаж байгаа. Уг тогтоолд, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдээсээ санал асууж, зөвшилцөхөөр тусгасан. Түүнээс биш Үндсэн хуультай ямар ч хамаагүй. Залуучууд маш их бухимдаж, жагсаал цуглаан ч хийлээ шүү дээ. Энэ бухимдал хууль, эрх зүйн гэхээсээ илүү нийгэм, эийн засгийн асуудлуудтай холбоотой юм. Саяхан өрнөсөн цахим ертөнцөд үг хэлэх эрх чөлөөний асуудал байна, баялгийн сангийн хуваарилалт, 1072 хувьцааны өгөөжийн тухай асуудал байна. Энэ мэт олон асуудал байгаа. Зөвлөлдөх зөвлөл бүгдийг орхигдуулалгүй авч үзсэн. Зөвлөлдөх санал асуулга явуулах хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт зэрэг арга хэмжээний үеэр хүмүүс маш их зүйлийг ярьсан. Жагсаал цуглаан хийж байсан залуучуудын төлөөлөл, төр засгийн хариуцлагатай ажил хийж байсан хүмүүс, Улсын Их Хуралд суудалгүй ч гэлээ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг улс төрийн намуудын төлөөлөл, жирийн иргэд гээд олон хүн тал бүрийн санал бодол илэрхийлсэн. Тэдгээрийг Улсын Их Хурлын Тамгын газраас бидэнд нэгтгээд, ийм ийм хүмүүсийн санал ийм тийм давтамжтай ирсэн гээд гаргаж өгсөн. Дээрээс нь утсаар, цахимаар бас иргэд саналаа ирүүлсэн. Энэ хүмүүсийн дотор одоогийн Үндсэн хууль маань сайн ажиллахгүй байна, тиймээс шинэ Үндсэн хуультай болох ёстой гэсэн санал бодолтой сонгуулийн насны иргэд бас цөөнгүй байсан. Тиймээс ийм утга бүхий нэг асуултыг томъёолж зөвлөлдөх санал асуулгын асуултуудын дотор оруулсан байсан. Энэ нь нийгэмд асар том маргаан үүсгэсэн. Ингэж олон нийтээр асуудлыг хэлэлцэж, маргаан мэтгэлцээн үүсгэх нь зөв гэж бодож байгаа. Судлаачийн хувьд би үүнд тун их олзуурхсан. Юу вэ гэхээр, манай иргэд маш мундаг, хариуцлагатай байгаа нь үүнээс харагдаж байгаа юм. Ингээд нийгэмд өрнөсөн энэ маргаан мэтгэлцээний үр дүнд тэр асуулт зөвлөлдөх санал асуулгын асуултаас хасагдсан. Ер нь энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгын зорилго Үндсэн хуулийг өөрчлөх биш шүү дээ. 2017 онд яг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явж байхад өнөөдрийнх шиг ийм хэмжээний маргаан мэтгэлцээн өрнөж байгаагүй. Тэгэхээр манай иргэд өнөөдөр маш идэвхтэй байна, оролцоотой болж байна, зөв байна гэж би олзуурхаж байгаа. Энэ бол төр засаг, эрх баригчдад маш том дохио болж байна.
-Иргэдийн дунд бас нэгэн эргэлзээ яваад байгаа нь түүврийн олонлогийн тухай асуудал. Өөрөөр хэлбэл, иргэд 1570 хүн Монгол Улсын нийт хүн амыг төлөөлж чадахгүй гэсэн байр суурьтай байна. Үүнд тайлбар өгнө үү.
-Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл хуулийн дагуу Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж байна. Үндэсний статистикийн хороо мэргэжлийн байгууллагын хувьд санал асуулгын түүврийн хэмжээ буюу оролцох хүмүүсийн тоог тогтоох, хоёр шатны санал асуулга авах ажлыг хариуцаж байгаа. Хуулиар оногдсон үүргийнхээ дагуу тус хороо санал асуулгад оролцогчдын тоог 1570 хүнээр тогтоосон. Энэ түүврийн хэмжээг иргэд бага байна, цөөн байна гэж шүүмжилж байгааг би нийгмийн сүлжээнээс уншиж байна. Тийм биш л дээ. Эдгээр хүмүүс Монгол Улсын нийт хүн ам буюу 3.5 сая хүнийг ч төлөөлөхгүй. Сонгуулийн насны, 18 нас хүрсэн буюу сонгуульд санал өгөх насанд хүрсэн хүмүүсийг төлөөлнө. Манай улсын ийм насны иргэдийн тоо 2.1 сая байгаа юм. Мөн энэ хүмүүсийн 300 мянга нь гадаадад амьдарч байгаа. Тэгэхээр үлдэж буй 1.8 сая хүнийг л санамсаргүй түүврээр сонгогдсон 1570 иргэн төлөөлнө гэсэн үг. Энэ бол түүврийн бус алдаа гарч магадгүй гэж болгоомжлон, нэмж авсан тоо. Яг тулгаж, мөргүүлж зоосон тоо биш. Амьдрал баян шүү дээ. Түүвэрт сонгогдчихсон хүн эмнэлэгт хэвтчихсэн байж болно. Эс бол өөр аймаг руу явчихсан байж болно. Ажил төрөл гарах, юу эс тохиолдохыг тэр гэх вэ. Санал асуулга маш богинохон хугацаанд явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 1570 хүн бол эх олонлог болох 1.8 сая хүнийг хангалттай төлөөлж чадна гэсэн үг. Нэг жишээ хэлье. Зөвлөлдөх санал асуулга зөвхөн Монголд явж байгаа зүйл биш шүү дээ. Дэлхийн олон оронд үүнийг хэрэглэдэг. Хамгийн сүүлд, хэдэн жилийн өмнө АНУ-д зөвлөлдөх санал асуулга болсон. Тухайн үед тус улсад сонгуулийн насны 168.0 сая хүн байсан. Энэ 168.0 сая хүнийг төлөөлүүлж 500 хүнээс л санал авч байсан. Өөрөөр хэлбэл 50 муж улсаас 10, 10 хүн л сонгосон гэсэн үг. Ингээд 500 хүнээр нийт сонгогчдыг төлөөлүүлэн 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АНУ-ын нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг эрэмбэлж ярьсан юм байна лээ. Тэгэхээр манай улсын 1.8 сая иргэнийг 1570 хүнээр төлөөлүүлэх нь хангалттай юм. Намайг АНУ-тай Монголыг зүйрлэлээ гэж хүмүүс шүүмжилж магадгүй. Статистикийн онол, арга зүй гэдэг зүйл Америкт хэрэглэж байна уу, Монголд хэрэглэж байна уу гэдгээс үл хамааран томъёогоороо л явна.
-Зөвлөлдөх санал асуулгын эхний үе шат өндөрлөлөө. Удахгүй дараагийн үе шатны санал асуулга болно. Энэ хоёр үе шатны санал асуулгын ялгаа, онцлог юу юм бэ?
-Санал асуулгын эхний шат үе шатны асуултуудын хамгийн сүүлд, та энэ зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь үе шатанд оролцох сонирхолтой байна уу гэсэн асуулт байгаа юм билээ. Миний мониторинг хийж, ажиглаж оролцсон санал асуулгад хамрагдаж байгаа хүмүүсийн зарим нь ажил төрөл амжихгүй байх гэх мэт хариулт өгч л байсан. Гэхдээ ихэнх нь оролцоно гэж шууд хариулж байгаа юм. Тэгээд би бодсон л доо, хоёрдугаар шатны санал асуулгад эхний шатны оролцогчдын 50-аас доошгүй хувийг сонгоно гэсэн хуулийн заалттай ч гэлээ хүмүүс ийм их идэвхтэй байгаа юм чинь 55, 60 хувийг нь оруулбал илүү сайн шүү дээ. Хоёр дахь шатанд сонгогдсон хүмүүс Улаанбаатар хотод ирээд 15, 15 хүнтэй жижиг бүлгүүдэд хуваагдаж өөр хоорондоо зөвлөлдөж ярилцах юм. Санал асуулгын асуултуудад хөндөгдсөн асуудлууд чинь ийм учиртай юм байна, тийм үр дагавартай юм байна гэж зөвлөлдөөд, тодорхойгүй асуудал гарвал мэргэжлийн хүмүүсээс асууж ярилцаад явах юм. Энэ эхний шатанд иргэдийн хариулж байгаа байдлыг харахад маш буурь суурьтай, голтой хариулж байна гэж дүгнэсэн. Зөвлөлдөх санал асуулгын нэг онцлог нь санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон яг тэр хүнээсээ л хариулт авна. Түүнээс биш мал ахуйдаа явчихсан, отор нүүдэл хийж байгаа гэх мэтээр эзгүй байгаа хүмүүс байна л даа. Тэдний оронд гэрийнх нь хэн нэгнээс ч юм уу, за яахав эхнэр, нөхөр нь юм байна, аав, ээж нь юм чинь гээд өөр хүнээс авчихаж болохгүй. Ямар ч ажилтай, хаана ч явж байлаа гэсэн тухайн хүнээсээ л авна. Нэг сайн юм нь одоо манай үүрэн холбоо хаа сайгүй сүлжээгээ оруулчихсан, холбоо харилцаа авахад амар болсон байна. Отрын газарт ч утасны сүлжээ барьж байна. Тэгэхээр санал асуулгын хариулагдахгүй байх буюу статистикийнхны ярьдгаар түүврийн бус алдаа гарах магадлал бараг байхгүй юм байна гэж харсан.
-Хүмүүс санал асуулгын хоёрдугаар шатанд оролцох сонирхолтой байгаа нь тэдний идэвх, хариуцлагыг харуулахын зэрэгцээ бас санаа зовних зүйл багагүй байгаа харуулж байх шиг?
-Хүмүүс зөвлөлдөх санал асуулгын асуултуудыг хараад ийм чухал, нарийн асуудлыг бүх ард түмнээсээ асуухгүй байсан юм уу гэж гайхаж байна лээ. Энэ бол тухайн асуудлуудад ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм. Бүх ард түмнээс асуувал референдум болчихно л доо. Тэгээд ч энэ зөвлөлдөх санал асуулгынх шиг ийм олон асуулт асуудаггүй. Цөөн, тодорхой асуултанд тийм, үгүй гэдэг ч юм уу товч тодорхой хариулт авах аргачлалаар референдумыг явуулдаг. Энэ зөвлөлдөх санал асуулга бол сонгуульд санал өгөх насанд хүрсэн хүмүүсээсээ түүвэрлэж, эхний үе шатанд нийгэм, эдийн засгийн эдгээр нарийн асуудлуудаар урьдчилсан мэдээлэл өгөхгүй, хөндлөнгийн нөлөөнд автуулахгүйгээр яг тухайн хүний хувийн бодол юу вэ гэдгийг асуугаад, дараа нь хоёрдугаар шатанд нөгөө хүмүүсээ авчирч асуултуудад хөндөгдсөн асуудар бүрээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаад асуудаг онцлогтой. Мэдээллийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд өгөхгүй, тухайн сэдвээр тусгайлан судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач нар өгч, асуудлын эерэг тал нь юу юм, сөрөг тал нь юу юм гэдгийг нэг бүрчлэн ярина. Хоёрдугаар шатны санал асуулгад оролцохоор сонгогдсон хүмүүст урилга илгээхдээ холбогдох мэдээллийг нэгтгэсэн гарын авлагын хамт хүргүүлнэ. Энэ гарын авлага бэлтгэгдчихсэн байгаа. Маш ойлгомжтой, мэргэжлийн элдэв үг хэллэг, нэр томъёо байхгүй, энгийн иргэд уншаад ойлгохуйц хэл найруулгаар бичигдсэн байгаа. Энэ мэдээлэл, гарын авлагаа уншиж, тэнцвэртэй мэдээлэл авсан иргэд анх хариулахдаа мэдэхгүй байсан, мэдэхгүй гэж хариулсан асуултаа эргэж нухацтай харж, ул суурьтай хандана. Ингээд хоёр шатны санал асуулгынхаа дүнг Үндэсний статистикийн хороо нэгтгэн дүгнээд, энэ асуудлаар олон нийт ийм санаа бодолтой байна гэх мэтээр тодорхойлно. Зөвлөлдөх зөвлөл тэрхүү тодорхойлсон дүгнэлтийг авч хэлэлцээд, зөвлөмж гаргаж Улсын Их Хуралд танилцуулна.
-Зөвлөмжийн талаар бага зэрэг тодруулж тайлбарлахгүй юү? Үүнээр тухайн асуудлуудыг эцэслэн шийдчих гээд байна гэж харж, болгоомжилж байгаа хүмүүс олон байх шиг байна.
-Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг хүмүүс ямар нэгэн шийдвэр гэж ойлгоод байх шиг байгаа юм. 2017 онд батлагдсан “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуульд хоёр шатны санал асуулга авсны дараа Зөвлөлдөх зөвлөлийн боловсруулж танилцуулсан зөвлөмжийг Улсын Их Хурал “харгалзан үзнэ” гэж заасан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, ийм асуудлаар хуульд өөрчлөлт оруулах ёстой юм байна, энэ асуудал дээр болохоор тогтоол гаргахад болох юм байна, үүнийг нь эрчимжүүлэх учиртай юм байна гэх мэтээр цааш цаашдаа бодлого, шийдвэр гаргахдаа харгалзан үзээд явахыг хэлж байгаа юм. Зарим нь тийм ч ноцтой асуудал биш байна, ирэх жилүүдэд ийм, тийм юман дээр нь анхаараад, ингэж, тэгж шийдээд явахад болох юм байна гэх мэтчилэн харгалзаж үзнэ гэсэн үг. Зөвлөлдөх зөвлөл ч зөвлөмждөө асуудлуудыг тодорхой хэмжээнд эрэмбэлж танилцуулна. Ер нь цаашдаа Улсын Их Хурал зөвлөлдөх санал асуулгын мөрөөр маш их бүтээмжтэй, нухацтай, үр дүнтэй ажиллах шаардлагатай гэж би хувьдаа харж байгаа. Тэгээд эргэж иргэд, олон нийтдээ мэдээлэл өгөхгүй бол төр, засгийн үйл ажиллагааны тогтвортой байдалд ихээхэн сөргөөр нөлөөлж болзошгүй хэцүү нөхцөл байдал нийгэмд бий болчихсон байгааг бид хаа хаанаа ойлгох ёстой.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ