Улс төр
Нэгдсэн хэлэлцүүлэг эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах сэдвийн хүрээнд үргэлжилж байна
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу зохион байгуулж буй “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2023.02.15) хоёр дахь өдрөө Төрийн ордонд эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Улсын Их Хурлын дэд дарга, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяа үдээс өмнөх нэгдсэн хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Баясгалан, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор М.Алтанбагана нар илтгэл тавьсан.
Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор Д.Сүнжид, СЭЗИС-ийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D) М.Түвшинжаргал, “Улаанбаатар Эрдэм” их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Б.Даваасүрэн, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, дэд профессор, зөвлөх эдийн засагч Б.Түвшинтөгс, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь, Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс нар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулах экспертээр ажиллав.
Улсын Их Хурлын дэд дарга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Зөвлөлдөх уулзалтад Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдон ирж, энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцож буй оролцогчдод талархал илэрхийлээд өнөөдрийн сэдвийн хүрээнд орон нутгийн эдийн засаг, жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнесийг хэрхэн дэмжих талаар санал бодлоо түлхүү хуваалцахыг хүслээ.
Нэгдсэн хэлэлцүүлэг доктор Б.Баясгалангийн эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах сэдвийн илтгэлээр үргэлжилсэн.
Монгол Улсын эдийн засаг уул уурхай, ашигт малтмалын бүтээгдэхүүнээс шууд хамааралтай. 1990 оноос хойш хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайн салбарыг чиглэсэн байдаг. Эдийн засгийн энэхүү хамаарлаас шалтгаалаад Монгол Улсын төсвийн орлогын 25 орчим хувийг жил бүр уул уурхайн салбарын орлогоос бүрдүүлдэг. Энэ ч үүднээс уул уурхайн салбарын орлого, ашигт малтмалын үнийн өсөлт, бууралт нь Монгол Улсын эдийн засагт хүчтэй нөлөөлдөг. 2023 оны улсын төсвийн орлогод таван их наяд төгрөгийг уул уурхайн орлогоос төвлөрүүлэхээр төсөвт тусгасан байгаа бөгөөд их хэмжээний орлогыг төсөвт төвлөрүүлэхдээ уул уурхайн баялгийг зөв захиран зарцуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсдэг гэдгийг илтгэгч онцолсон.
Уул уурхайн салбараас хамааралтай улс орнууд өөрийн онцлогоос хамаараад энэхүү шавхагдах нөөцийг иргэддээ тэгш хуваарилахаас гадна ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хуримтлал үүсгэх, гадаад зах зээлээс өндөр хамааралтай байдаг ашигт малтмалын орлогыг зөв захиран зарцуулах, эрсдэлээс хамгаалах зорилгоор баялгийн сан байгуулдгийг тодотгоод Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд уул уурхайн орлогын тодорхой хувийг төвлөрүүлж байгааг дурдлаа.
2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд газрын хэвлийн баялгийн үр, өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд тэгш хүртээх ёстой гэсэн зарчмыг агуулсан заалт тусгасан. Баялгийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг нийгмийн хамгааллыг сайжруулах, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулах нь зөв үү гэдэгт та бүхэн санал бодлоо хуваалцаж, шийдвэр гаргах ёстой гэдгийг онцлоод үндэсний баялгийн сангийн давуу болон сул талын талаар танилцуулсан.
Тэрбээр, баялгийн сан байгуулж буй нөхцөлд түүний удирдлага ямар байх вэ гэдэг нь хамгийн чухал, анхаарч үзэх ёстой асуудал гэдгийг тэмдэглээд олон улсын туршлагаас харахад баялгийн санг үндсэндээ хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллуулдаг гэж байлаа.
Бидний хувьд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж мэргэжлийн баг удирдсанаар тухайн сангийн эх үүсвэрээр улс орныхоо хөгжилд нэн шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Нөгөөтээгүүр, сангийн удирдлагыг ил тод, зөв сонгож чадахгүй нөхцөлд улс төрөөс хараат бус байх байдал алдагдах сул талтайг онцлов.
Баялгийн санд иргэдийн хяналтыг хэрэгжүүлэхэд мэдээллийн ил тод байдал чухал. Ийм механизмыг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хэчнээн мэргэжлийн баг ажиллууллаа ч энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй гээд үндэсний баялгийн сангийн удирдлагын баг нь улс төрөөс хараат бус бөгөөд мэргэжлийн байж, олон нийтийн хяналтад ил тодоор ажиллах шаардлагатай гэж байлаа.
Мөн баялгийн сантай холбоотойгоор орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн асуудал хөндөгдөх болсныг дурдсан. Томоохон аж ахуйн нэгжүүдийн зүгээс орон нутгийн хөгжлийг дэмжсэн төслүүдийг хэрэгжүүлдэг. Харин жижиг, дунд аж ахуйн нэгжүүд санхүүгийн чадавхаасаа хамаараад орон нутагтаа хөрөнгө оруулалт хийх, цаашлаад нөхөн сэргээлт хийгддэггүй зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн компаниудад байгаль экологи, хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа эрхлэх, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах, нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тодорхой бус байна. Иймд энэ чиглэлд анхаарах шаардлагатайг илтгэгч дурдсан.
Тэрбээр, томоохон бүтээн байгуулалт гэдэг өргөн цар хүрээтэй, их хэмжээний санхүүжилт шаарддаг, урт хугацаанд хэрэгждэг төслүүд байдаг. Ийм төслүүд хэрэгжсэнээр дэд бүтцийн салбараас гадна бусад салбарт зардал буурах, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг үр дүн үзүүлдэг ч экологийн тэнцвэр алдагдах, малчдын суурьшлын бүс хөндөгдөх зэргээр сөрөг үр дагаврууд гардгийг онцлоод энэ талаар жишээ татан дэлгэрэнгүй тайлбарлав.
Үргэлжлүүлэн доктор, дэд профессор М.Алтанбагана Төв банк үндсэн чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх баталгааг сайжруулах, төвлөрлийг сааруулж, бүсчлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор засаг захиргааны шинэчлэл хийх сэдвийг хөндсөн илтгэл тавьсан.
Тэрбээр илтгэлдээ, Төв банк хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг. Мөнгөний бодлого гэдэг нь төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой хадгалах, инфляцийг нам түвшинд байлгах, иргэдийн худалдан авах чадварыг сайжруулахад чиглэдэг гэдгийг тодотгоод мөнгөний бодлогын тогтвортой байдлыг хадгалах, хараат бус байдлын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Дараа нь төвлөрлийг сааруулж, бүсчлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор засаг захиргааны шинэчлэл хийх асуудлын талаар хөндөн ярьсан.
Монгол Улс 21 аймаг, 330 сум, нийслэл хотын 9 дүүрэг, 1639 баг, 171 хороотойг дурдаад асуудлын гол нь өнгөрсөн 30 гаруй жилийн турш хот суурин газар луу шилжилт хөдөлгөөн тасралтгүй явагдсаар байгаа шалтгаан нөхцөлийн талаар тодорхой мэдээлэв.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудал нь холбогдох хуулиар зохицуулагддаг. Иймд Үндсэн хуульд энэхүү нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, нутгийн иргэдийн саналыг үндэслэж Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэсэн заалттайг тодотгож байлаа.
Түүнчлэн Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахын тулд орон нутагт оршин суугч болон шилжин суурьшигч иргэдэд тусгайлсан дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж, мөн энэ асуудлын хүрээнд гарч болзошгүй давуу болон сул талын талаар тайлбарлаж байлаа.
Үүгээр нэгдсэн хэлэлцүүлгийн үдээс өмнөх хуралдаан түр завсарлаж, сэдвийн хүрээнд 54 хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилэв хэмээн Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм13 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ