Улс төр
Л.Төр-Од: Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмж дэх 22 асуудлаас “энэ нь чухал” гэж онцлох боломжгүй
Улсын хэмжээнд хоёр шаттайгаар зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийн талаар “Транспаренси интернэшнл Монгол” ТББ-аас нэр дэвшиж Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон, эрх зүйч Л.Төр-Одтой ярилцлаа.
-Зөвлөмжид ямар асуудлуудыг тусгасан бэ?
-Зөвлөл хуульд заасны дагуу зургаан чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан. Эдгээрээс гол нь зөвлөлдөх санал асуулгыг ерөнхийд нь зохион байгуулах, асуултуудыг тодорхой боловсруулах, санал асуулгын үйл явц нээлттэй, ил тод болж буй эсэхэд хяналт тавих гэж харсан.
Нийт иргэдийн төлөөлөл болж санамсаргүй түүврээр сонгогдсон 1570 иргэн, эдгээрээс дахин санамсаргүй түүврээр сонгогдон зөвлөлдөх уулзалтад оролцсон 801 иргэний хэлэлцсэн бүх асуудлыг зөвлөл эрэмбэлж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлсон. Үүний зэрэгцээ тэр бүх асуудлыг шийдэх гарц, шийдэл, арга замын талаарх иргэдийн байр суурийг нэгтгэн, зөвлөмжид тусгалаа.
Зөвлөмжид дөрвөн багц сэдвийн хүрээнд 22 асуудлыг тусгасан. Олон нийтийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулах, жагсаал цуглаан зохион байгуулах бол төрийн зохих байгууллагад урьдчилан мэдүүлсэн байх зохицуулалтыг холбогдох хууль, журамд тусгах; ард түмний парламент дахь төлөөлөх чадавхыг сайжруулахтай холбоотой бүрэлдэхүүнийг өөрчлөх, олон талын төлөөллийг багтаах, сонгуулийн тогтолцооны реформ хийх талаар тодорхой зөвлөмж орсон. Нийгмийн багц асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа, удирдлагыг улс төрөөс хараат бус байлгах, төсвийг мэргэжлийн түвшинд удирдах, монгол иргэдийн хөдөлмөрийн үнэлэмжийг инфляц болон мөнгөний бодлогын хэлбэлзэлтэй уялдуулах асуудлыг цогцоор нь шийдэхийг зөвлөмжид тусгасан байгаа.
-Улс орны хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хоёр дахь удаагийн зөвлөлдөх санал асуулгын талаар Та хувийн байр сууриа илэрхийлээч?
-Монгол Улсын түүхэнд дөрөв дэх удаагийн зөвлөлдөх санал асуулга явагдлаа. 2015 оны арван хоёрдугаар сард нийслэлийн төсвийн зарцуулалт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал асуулга явуулж байсан. 2017 онд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсны дараа үндэсний хэмжээнд Та бидний мэдэх Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан. Гурав дахь нь Налайх дүүрэг уурхайн асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулж байсан бол энэ удаагийнх илүү өргөн хүрээнд буюу нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар зөвлөлдөх санал асуулга зохион байгууллаа. Өнөөдөр ийнхүү зөвлөмж хүлээлгэн өгснөөр бид ажил дууслаа гэж бодохгүй байна. Улсын Их Хурлын ирэх хавар, намрын ээлжит чуулган эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлд төвлөрч, харин Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд хамтран ажиллах юм байна.
Энэ ташрамд, иргэд тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхээр зөвлөлдөх санал асуулгыг санаачлах эрхтэй гэдгийг хэлмээр байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 500-аас дээш, дүүрэгт 300- аас дээш, аймагт 100-аас дээш, суманд 50-аас дээш тооны иргэд нэгдэн, нийтийн ашиг сонирхолд хамааралтай тодорхой асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах хүсэлт гаргасан бол харьяалах Засаг дарга болон ИТХ нь зохион байгуулах хуулиар хүлээсэн үүрэгтэй байдаг.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох; орон нутгийг хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар; хот, суурин газрын нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж зэрэг хэсэгчилсэн төлөвлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулна гээд заасан байгаа шүү дээ. Харамсалтай нь, миний мэдэж байгаагаар дээрх хүрээнд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан Засаг дарга, ИТХ одоогоор байхгүй.
-Зөвлөмжид Үндсэн хуультай холбоотой ямар нэг асуудал тусгагдсан уу. Олон нийт энэ талаар илүүтэй сонирхож байна?
-Зөвлөлдөх санал асуулгын оролцогчид 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах бусад хууль тогтоомжийг баталж, хэрэгжүүлэх асуудлыг олон удаа хөндсөн. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд тусгасан 30 орчим хуулийн 50 хувийг одоогоор батлаад байгаа. Харин үлдсэн 15 орчмынх нь төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шатанд байгаа бөгөөд эдгээрийг хэлэлцэн, баталж, үр дүнг үзэх нь зүйтэй гэдэг байр суурийг олонтаа илэрхийлж байсан. Аливаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөө 5-8 жилдээ нийгэмд бий болдог гэж үзэх юм бол 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр өгөөж, нөлөө нийгэмд, ард иргэдэд хүрээгүй байгаа гэж үзэж болох юм. Зөвлөлдөх санал асуулгын оролцогчдоос ч иймэрхүү байр суурь, саналууд гарч байсан.
-Зөвлөмжид туссан 22 асуудлаас Та алийг нь онцолж, анхаарч байгаа вэ?
-“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалтаас гарсан саналууд дээр үндэслэн нийтээ 500 гаруй асуулт боловсруулсан. Үүнийгээ 75 сэдвийн хүрээнд багцалсан. Эдгээрийг эрэмбэлэн, нягтлаад 130 асуулт болгож, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулан, хэлэлцүүлсэн. Дараа нь дахин нягталж, ойролцоо агуулгыг нэгтгэн эрэмбэлснээр 4 багц сэдвийн хүрээнд 22 асуултыг тодорхойлсон. Тиймээс эдгээр асуудлын тэр нь илүү чухал, энэ нь илүү анхаарууштай гэж онцлох боломжгүй юм. Ямартай ч “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага” сэдвийн хүрээнд төрийн болон төрийн албан хаагчдын хариуцлагын тогтолцоог сайжруулж, энэ агуулгаар олон нийтийг төлөөлөн ажилладаг, төрийн хянан шалгах бие даасан тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэдэг саналууд олонтаа давтагдаж байв. Хариуцлагын механизмийг бий болгох нь зүйтэй гэж байсан. Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах сэдвийн хүрээнд байгалийн баялгийн өгөөжийг шударга, тэгш хуваарилах тогтолцоог бүрдүүлэх асуудал олон давтамжтай хөндөгдөж байсан. Түүнчлэн баялгийн сангийн үйл ажиллагаа, хуваарилалтын талаар саналуудыг хэлж, тодорхой гарц шийдлүүдийг ярьж байсан нь зөвлөмжид туссан. Зөвлөлдөх уулзалтын оролцогчдын талаас илүү хувь нь орон нутгийн төлөөлөл байлаа. Тэд халамжийн хавтгайрсан тогтолцоог халж, хөдөлмөрт шилжихтэй холбоотой саналуудыг хэлж байсан. Оролцогчдын 70 орчим хувь нь хөдөлмөр эрхлэгч байсан бөгөөд тэд хөдөлмөрийн үнэлэмжийн талаар хөндөж, шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн нь мөн л зөвлөмжид туссан байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийнхээ үр өгөөжийн асуудлыг мөн хөндөж, тогтолцоог сайжруулахтай холбоотой саналууд олон гарч байсан.
-Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн үйл ажиллагаагаа хараат бусаар явуулж чадсан уу?
-Энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд 3-4 хэлбэрийн төлөөлөл багтсан гэж харж байгаа. Нэгдүгээрт, их сургууль болон шинжлэх ухааны академи зэрэг судалгааны байгууллагын төлөөлөл ажиллалаа. Хоёрдугаарт, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөл багтсан. Мөн гадаад улсад оршин суугаа иргэдийн төлөөлөл, насны бүлгийн тэнцвэртэй бүрэлдэхүүн ажиллалаа.
Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлөөс гадаад улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөллийг оролцуулах шаардлага тавьсан. Энэ дагуу гадаад улсад байгаа 11 иргэн санамсаргүй түүврийн сонголтоор сонгогдож, тэдний 8 нь эхний шатанд оролцсон.
Улсын Их Хурлаас Зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан болохоор хараат бусаар ажилласан эсэхд олон нийт эргэлзэх нь гарцаагүй. Тиймээс нэр дэвшигчийн нээлттэй сонсгол зохион байгуулах, хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг багтаах, мөн тухайн асуудлаасаа хамаарч дагнан ажилладаг мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах шаардлагууд бий гэж харсан. Цаашид Зөвлөлдөх зөвлөлийг илүү боловсронгуй болгох шаардлага бий хэмээн үзэж манай зөвлөлийн зүгээс үүнтэй холбоотой багц, дэлгэрэнгүй зөвлөмж гаргах юм.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ