Нийгэм
Дэлхийн гүүр Турк
Ч.Чулуунцэцэг
Нэгэн дээвэр дор мөр зэрэгцэн амьдрах хан Султаны нутагт мөрөө үлдээх хувь надад байжээ. Учир нь энэхүү аялалд явахаас өмнө Дорнодын талд автомашины осолд орж үхэх дөхсөн юм. Тиймээс амьд үлдсэний баяр гээд Турк гараад шидсэн хэрэг. Энд сэм шивнэхэд, үхэх цаг нь ирэх аваас амьсгаа ч авч амжихаагүй юм билээ. Юун үр хүүхэд, эд хөрөнгө бодохтой манатай. Муу зүйл холуур холуур, түй түй. Битүүний өмнөх өдөр. Монгол түмэн үзэсгэлэн болгогч туулай жилээ угтах гээд унтах завгүй бужигнаж байх зуурт мань нь үүр шөнийн заагаар Хөшгийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудал дээр манаргаж явлаа. Нисэх буудал пиг. МИАТ, “Туркиш Эйрлайнс” гэсэн хоёр АВИА компани зорчигчдоо бүртгэхтэй зэрэгцээд явж байгаа, үдэн гаргаж байгаа нөхдүүдийн үнсэлтэд умбаад янзтай. Амьдрал нь сайн яваа үр хүүхдүүд эцэг, эхээ сар шинийн хөлд дарагдаж ядарна гээд гадагшаа аялуулдаг болсны жишээ энэ өдөр бүрэн утгаараа харагдаж байлаа. Чихний үзүүрт “Та хоёр мөнгөндөө нарийлж болохгүй шүү. Юу л үзүүлнэ гэнэ түүнийг нь үзээд байгаарай. Бидэнд чихэр боов, бэлэг сэлт битгий аваарай, өөрсөддөө л зориулаарай” гэх чимэгтэй үг сонсогдоно. Бас бяцхан үрсийнх нь “Эмээ надад шагай шүргэсэн даашинз, өсгийтэй туфль” хэмээн зүггүйхэн гуйлт ч жингэнэнэ. “Паспортоо сайн далд хийгээрэй, алдчихвал баларна шүү. Орой үдэш ганцаараа буудлаасаа гарч болохгүй шүү. Лалынхан аюултай байж мэднэ” гэх болгоомжилсон, анхааруулсан үгсийг хэлж л байх юм. Ийн зүсэн зүйлийн захиас, ерөөл дундуур зүссээр арайхийн бүртгүүлээд онгоцондоо суулаа. Войнг хэмээх 240 хүний суудалтай хоёр том агаарын хөлөг ар араасаа хөөрөн нар тосон дүүлсээр Туркийн нийслэл Станбулын нисэх буудалд үд дунд тэндэхийн цагаар 16 цагт газардав. Ингэж хэлэхээр хэдхэн цаг ниссэн юм шиг санагдаж магад. Үгүй шүү, бүхэл бүтэн 10 цаг уул ,үүл хоёроор хань хийсэн хэрэг. Станбулын н нисэх буудлын томыг яана, газар газрын түмэн хэлтний олныг яана. Жижигхэн Монгол Улсын жижигхэн АВИА компанийг D хэсэгт хүлээх авах аж. Тэр нь ядарсан, газар мэдэхгүй “хэлгүй” хүнд туулж барамгүй хол. Нүдний үзүүрт шагай давсан урт хар плажтай, толгой нүүрээ хар алчуураар дарж боосон, юу хэлж байгаа нь үл мэдэгдэх урт үгтэй, хатуу дуудлагатай харь хэлээр ярьсан, харь шашинтай хүмүүс өөд уруугүй гүйлдээд ээ дээ мөн чиг хэцүү санагдаж байсныг нуух юун. Бээжингийн онгоцны буудал дэргэд нь юу ч биш гээд төсөөл. Хятад үг чихэнд хэдийнэ наалдаж, зөөлөн сонсогдох болсныг энд ирээд л мэдэв. Хүний аяг аашаа гэж.
Хааны ордон, хатан гоёлоороо гайхуулах Станбул
Ази болон Европ тивийг дамнан орших Туркийн нийслэл Станбулд хавар хэдийнэ айлсчээ. Гудамж талбай нь нов ногоон. Гэвч хот нь зэгсэн саарал. Саарал, ногоон хоёр өнгө бие биедээ уусдаггүйг тэнд л мэдрэв. Далайгаар хүрээлэгдсэн энэ улсад ой байна аа байна. Онгон дагшин байж мэдэхээр балар ойн шугуйтай хаана ч таарч болно. Гэвч ой модтой, модоор баян улс гээд дүнзээр барьсан байшин, хөрөө рам нэгийг ч олж харсангүй. Гэтэл манайх яасан билээ. Байгаа жаахан модоо хөрөөдөж байшин ,хашааны банз болгоод дуусгаж орхисон. Ниргэсэн хойно нь хашгирав гэдгээр алдаагаа ухаарч, байгалийн экологийн тэнцвэрт байдал алдагдсан байна хэмээн шуугиж,” Тэрбум мод” үндэсний хөтөлбөр боловсруулан түүнийгээ хэрэгжүүлэхээр дээр, доргүй харайлдаж буй. Бас баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нь гээд уул толгодоо онгойтол ухаж шуудайлсан зүйл ч харагдаагүй. Харин байгалийн тогтоц, рашаан ус, үүх түүхээ эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгийг ч харин олох шиг болж байгааг хараад атаархсандаа арай л Аглуудалгүйхэн шиг явж ирлээ. Турк явах сургаар найк нөхөд маань “ газар хөдлөөд байгаа шүү, хэрэг байна уу явж” гэх тулгалтыг алхам тутамд хийж байсан ч нутагт нь очиход айж бэргэсэндээ нүд нь гурвалжилж дөрвөлжилсөн хүнтэй ер тааралдаагүй. Харин ч хоёр, гурван эхнэрээ дагуулсан, хүүхдүүдээ хөтөлсөн амгалангаас амгалан, хэнэггүйгээс хэнэггүй байж мэдэх нөхдүүд идэхийн дээдээр идэж буйтай алхам тутамдаа таарсан шүү. Ер нь туркчүүд хэнэггүй нь дэндсэн улс байж мэднэ. Лалын шашинтай улс үндэстэн гэхээр үс сахалдаа баригдсан хар эрээн том алчуур толгойдоо зангидсан, хахир хатуу , автомат буу мөрлөсөн эрчүүд л санаанд буух нь бий. Байдаг газраа байдаг л байх. Харин энд инээд алдсан, заль нь дэндсэн нөхдүүд л байна лээ. Оршил дүрслэлээ хойш тавин Станбулын тухай өгүүлье.
Станбул нь Туркийн хамгийн том хот, 21 сая хүн амтай гэж орчуулагч хүү Б.Бямбаа өгүүлсэн. Сардаа 60 сая жуулчин хүлээж авдаг гэхээр аялал жуулчлалын салбар маш их хөгжсөний илэрхийлэл биз ээ. Станбулын Таксимын талбайтай зэрэгцэн орших жуулчны гудамжийг Истикляль хэмээн нэрийднэ. Урт нарийхан тахир энэ гудамжаар өдөртөө гурван сая орчим жуулчин нааш цааш холхидог гэнэ лээ. Турк мөнгөн эдлэл, хивс, гар урлалаараа алдартай. Нүд эрээлжилсэн улаан эрээн гар хивс, ээмэг зүүлт тэргүүтний дээдийг тэндээс харж болно. Бараагаа харан суух наймаачид гадныхнаас залхсан шинжтэй байх ч хэн нэгэн хүн бараа руу нь нүд унагахыг андахгүй босч ирээд л орос, англи хэл холин авч өгнө. Авахаас өөр аргагүй байдалд оруулж орхино. Бас дэлхийн хаа ч байдаг гудамжны хоолны соёлыг Туркт ёстой л тултал нь хөгжүүлжээ. Үндэснийх нь хоол болох дөнэр, цагариган боорцог зэрэг нь алхам тутамд. Жуулчны гудамжинд жаахан орой болоод ирэхээр амьд хөгжмийн хамтлагуудын тоглолт жижигхэн баар, уушийн газар болгонд тоглодог нь сонирхолтой. Манайд ч гэсэн хамтлагууд тоглодог л доо. Гэхдээ тэндхийн хамтлагууд их сайндаа 20-30 м/кв талбайтай зааланд ёстой “бяц” авна. Тиймэрхүү жижиг талбай бүхий баараар дүүрэн бүхэл бүтэн гудамжтай. Чухам яг хэн нь ямар хөгжим тоглоод, ямар дуу дуулаад байгааг ялгаж сонсоход нэн бэрх. Хэдэн зууны насыг элээсэн эртний барилгуудын нэгдүгээр давхрууд эүгээ энэ мэт үйлчилгээний газар болон хувирчээ. Станбул жуулчдад зориулсан хот гэдгийг хэлэх нь зөв байх. Тиймээс жуулчин та мөнгөтэй л бол бүх зүйл чөлөөтэй. Архи, пиво чөлөөтэй. Өөрсдөө хийдэг шар айргийг нь амсч үзээрэй. Согтоогоод байхгүй ч зөөлөн амттай. Тамхийг бол эр эмгүй шахуу, хаа сайгүй татнаТуркийн ард түмний бас нэг гайхуулах зүйл нь цайны соёл. Нэг жижигхэн аягатай цай нь таван ам. Доллар. Аяганы хэмжээ нь ойролцоогоор 100 грамм орчим юм уу даа. Хаа сайгүй цайлж болох ямар л газар байна нөгөө хөөрхөн жижигхэн шилэн аягатай цайгаа уугаад, тамхиа татаад сууж байгаа харагддаг. Наймаа тохирсон байх аваас эзэд нь арын өрөөндөө урьж өнөөх цайгаараа дайлах аж. Цайг нь амтлан уух тусам үнээ буулгадаг байж ч мэднэ. Туркийн газар зүйн байршил нь тун өвөрмөц л дөө. Ази болон Европ тивийг дамнан оршдгийг газар зүйн хичээл үзсэн хэн ч гэсэн мэдэх биз. Хоёр тивийг Б, Д зааглан оршино. Тиймээс арван ам. доллар төлөөд таалагдсан завиндаа суун хоёр тивийн хооронд зорчино. Жуулчдыг суулгасан татлагат усан онгоц далайгаар аялна. Энэ хугацаанд хаанаас ч юм хүзүүндээ аппарат зүүсэн нөхөр гарч ирэн жуулчдын зургийг хэдэн янзаар авч кадр бүрээс арван ам. доллар нэхэж сандаргана. Харийн нутагт зургаа хаяад яах вэ гэх нэрэлхүү монголчууд тэдэнд доод тал нь 110 ам. Доллар төлж байж нэг юм сална. Хүнээс мөнгө салгана гэдэг бас нэг ухаан шүү. Туркчүүд ажил хийж өгөөд мөнгө салгадаг бол манайхан яадаг билээ. Нөгөөтэйгүүр, аялалын компаниуд жуулчдыг ирсэн даруйдаа мөнгөтэй гэдгийг нь мэддэг учраас аялалын хөтөлбөрийн эхэнд нь үнэт эдлэлийн дэлгүүрээр орох гэж тусгайлан зааж өгсөн байх вий. Усан онгоцны маршрутад ч тийм. Эргийн нөгөө талд жуулчдаа буулгаад буцна. Бүтэн хоёр, гурван цаг юу хийх билээ. Бэлэг дурсгал зардаг дэлгүүрээр хэсч баахан мөнгөө үрнэ. Тэдгээр газрынх нь бараа бүтээгдэхүүн ч харьцангуй үнэтэй л юм байна лээ. За тэгсгээд байж байтал усан онгоц маань дахиад баахан жуулчин ачиж авчраад эхний хэдээ буцаагаад аваад явна. Усан онгоцонд суунгуут цай ундаа уу гээд авчраад өгчихнө. Хүмүүс тасалбарын үнэнд нь багтсан биз гээд аваад уучихна. Гэвч хэсэг хугацааны дараа тооцооны хуудас бариад ирж бухимдуулна. Энэ мэт явган залиар яаж ийгээд л мөнгө салгаад байна. Турк улсад очсон хүний заавал үзэх газрын нэг бол уран барилгын хосгүй үнэт өв болох Султан Ахмедын сүм. Олон нийтэд “Цэнхэр сүм” хэмээн алдаршсан уг барилга архитекторын ямар лут шийдэл вэ гэж хэн ч уулга алдахаар уран тансаг баригдсан юм билээ. Уг сүмийн цогцолборт Султаны бунхан байрладаг. Ер бусын сүрлэг бөмбөгөр дээврийг харсан хэн ч бишрэм. Османы эзэнт гүрний хаанаар 14-хөн насандаа өргөмжлөгдсөн Султан Ахмедыг 19 настай байхад уг сүмийг барьж дуусчээ. Цэнхэр сүмд хаанд үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг зэрэг бүх л газрууд байрладаг байсан ажээ. Хэдэн зууны туршид оршин байсаар ирсэн энэ сүмийн гантиг шат нь элэгдэж, чулуун шалнууд хотойсныг бодвол мөн ч их цаг хугацааг туулсан нь илт. Султан Ахмедын сүмтэй зэрэгцэн Ариун Софиагийн сүм оршин байх бөгөөд 1520-иод он хүртэл бүтэн мянганы туршид дэлхийн хамгийн том сүм байсан гэдэг. Дээр дурдсан Истикляль буюу жуулчны гудамжнаас хэсэгхээн уруудахад цагтаа гэрэлт цамхаг байсан Галатай цамхгийг үзэж болно. 1450-иад оны ойролцоо баригдсан уг цамхаг хэдийгээр жуулчдын хөлд дарагдан, цэвэр арилжааны зориулалттай болсон байх хэдий ч хуучны сүрээ хадгалан оршсоор л байна. Истанбул хот ерөнхийдөө хуучны барилга маш ихтэй ч нэн орчин үеийн шилэн барилгууд уг хотыг чимнэ. Тэдгээрийн нэг нь Станбул Живахэр гэдэг нэртэй худалдааны төв юм. Уг төв одоогоор Европын хамгийн том худалдааны төв хэмээх алдрыг хүртээд буй. Олон улсын брэнд бүтээгдэхүүний дэлгүүрүүд, түргэн хоолны газрууд, ресторанууд, кино театр, тоглоомын төв, барилгын материалын дэлгүүр гээд байхгүй зүйл алга. Зөвхөн автомашины зогсоол нь гэхэд 2500 гээд төсөөл дөө. Аварга том бүтээн байгуулалт бүхий худалдааны төвийн нийт талбай нь 420 000 орчим м/кв . Очоод үзчихэд гэмгүй шүү.
“Гранд базаар” хэмээх хар захаар хүссэн, эс хүссэн ч явж л таардаг юм билээ. Үнэндээ Станбул моолын үнийг дийлэхгүй хүн зах л бараадаж таарна биз. Хэл устай хүнтэй л явахгүй бол нэмэргүй. Энэ зах XV зуунд байгуулагдсан. II Мехмет үүсгэн байгуулсан гэдэг. Энд юмны үнэ тэнгэрт тулна. Бас юу ч биш болтлоо бууна. Хэд гэж хэлэх вэ гэсэн байртай бодоод зогсчихно. Өмссөн хувцас энэ тэрд нь тааруулж үнээ хэлдэг байж мэднэ. Монголчууд оросууд шиг гоёдоггүй болохоор тэхий дундуур нь л үнээ хэлдэг байх. Энд онцолж хэлэхэд, Станбул хотын захиргаа түмэн бужигнасан энэ газрын аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Манай гурав, дөрөвдүгээр хороололтой дүйцэхүйц зах руу тээврийн хэрэгсэл нэвтэрдэггүй. Захаас нэлээн наана тусгай зогсоол дээр машинаа байрлуулчихаад км илүү байж мэдэх газар явган алхаад орж явчихна. Харин трамбайнд суучихвал дуртай газраа бууж болохоор юм билээ. Станбулд түгжрэлд авталгүйгээр дураараа явдаг ганц унаа бол орчин цагийн трамбай. Монголчууд тэндээс чадах чинээгээрээ алтан эдлэл худалдаж авдаг юм билээ. Бас хулгай ч хийдэг бололтой. Үүдэнд нь цагдаа зогсоод заавал металл мэдрэгчээр шалгана. Тэр дундаа монголчуудыг онцолж шалгаад байх шиг санагдсан. Зарим дэлгүүр монголчуудад үйлчлэхгүй болсон гэх сураг дуулдсан. Манай нөхдүүд хашраасан хэрэг. Туркт олон жил амьдарсан монголчууд аяаа олжээ. Дэлгүүрийн эзэдтэй тохирон газар дээрээс нь лайв хийж байна лээ. Худалдагч худалдан авагч хоёрын дундаас, ханшийн зөрүүнээс, бөөнөөр нь худалдаж авсан бараанаас багагүй мөнгө унагадаг болохыг тэдний хоорондын ярианаас олж мэдсэн. Монголчууд турк хивс рүү хошуурдаг болцгоож . “Ориг” хивс нь ёстой л “тэнгэрт тулсан” үнэтэй. Хивс зардаг бүхэл бүтэн гудамж байна лээ. Орос, германууд голдуухан ирж хивс авдаг бололтой. Хивсээ зарахын тулд шатааж, хайчилж гээд олон янзаар туршиж үзүүлнэ. Цардуул байхгүй, хэд ч угаасан элэгдэж муудахгүй гээд магтаж буйг хараад өөрийн эрхгүй инээд хүрсэн. Дараагийн дугаарт Анаталя хотын тухай өгүүлэх болно.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр12 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр12 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр12 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр10 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент1 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ