Улс төр
Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын ажиллагаанд “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмын хэлсэн үг
Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,
Манай баг, хамт олонд хайрласан урмын үгэнд тань баярлалаа. Өнөөдрийн энэ үйл явдлыг хамтдаа тэмдэглэх боломж, урагшлах замыг хамтдаа туулах сайн түншлэлийн харилцааг бодит ажил болгосон Таны хичээл зүтгэл, танай Засгийн газарт талархал илэрхийлье.
Хатагтай, ноёд оо,
Хоёр жилийн өмнө “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноосоо хойш би Оюу Толгойд ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллалаа. Манай Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд энэ төслийг урагшлуулах ажлыг голчлон хариуцаж ажилласныг дурдах нь зүйтэй.
Энэ цар хүрээний ярвигтай төслийг бодит ажил болгоно гэдэг амаргүй. Говь нутагт газар доор 1.3 км-ийн гүнд орших ийм хэмжээний хүдрийг олборлохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт, техникийн чадавх хэрэгтэйгээс гадна хамгийн чухал нь талуудад харилцан итгэлцэл шаардлагатай. Энэ бол урдаа тавьсан том зорилгыг гүйцэлдүүлэхийн төлөө хамтдаа мөр зэрэгцэн зогсож, бие биенээ түших итгэлцэл юм.
Эрхэм Ерөнхий сайд аа, жил гаруйхан хугацааны өмнө Тантай уулзсанаас хойш Рио Тинто групп итгэлцэл бий болгохын тулд шаргуу ажиллалаа. Өнөөдөр тэмдэглэж буй чухал мөчийн өмнө ирэхэд бидэнд энэ итгэлцэл туйлын чухал байлаа.
Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу угтах ирээдүй, хамтын замналдаа нэг мөр анхааран төвлөрөх боломжтой боллоо.
Зүтгэл шаардсан хүнд ажлууд биднийг хүлээж буй нь гарцаагүй, замд хөндөлсөх сорилтыг хөнгөнөөр төсөөлөмгүй. Гэхдээ энэ цаг мөчид нэгэн зүгт харж, дөрөө харшуулан урагшилж байгаа нь цугласан бидэнд урам зориг өгч байна.
Ийнхүү урагшлахдаа өнгөрсөн хугацаанд хүрсэн хамтын амжилт, бүтээлээ мартаж боломгүй.
Оюу Толгой бол аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг уурхайнуудын нэг билээ. Үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Энэ бол бидний хамгийн бахархууштай амжилт юм.
Оюу Толгойн ажилчид шат бүхэндээ өндөр технологи ашиглан, бүтээмжээрээ түүчээлж дэлхийн хамгийн орчин үеийн уурхайг байгуулахдаа хүн төрөлхтөнд нэн хэрэгцээтэй материалыг дэвшилтэт аргаар үйлдвэрлэхийг үргэлж зорьдог.
Өнөөдрийн энэ амжилтыг бүтээлцсэн баг, хамт олондоо би тусгайлан талархал илэрхийлье. Өнгөрсөн зургаан жилийн турш олон мянган монгол залуус, орон орны мэргэжилтнүүд энэхүү гүний уурхайг бүтээхээр хичээнгүйлэн ажилласан билээ.
Газрын гүнд ажиллаж байгаа уурхайчдыг өмнийн говь нутаг, нийслэл Улаанбаатар, Австралийн Брисбэн төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган ажилтан дэмжиж ажилладаг. Тэдэнд зориулан өдрийн гурван удаагийн халуун хоол бэлтгэж буй тогоочоос эхлээд суурилуулсан техник хэрэгсэл бүр, малтлагын метр бүрийг сайтар хэмжиж тооцоолсон инженер, уурхайн төлөвлөлт, төслийн баг гээд хүн нэг бүрд баярлалаа.
10 гаруй жилийн турш Оюу Толгойг дэмжиж ажилласаар байгаа Монголын олон зуун ханган нийлүүлэгч Та бүхэнд мөн талархал илэрхийлье.
Түүнчлэн төслийн маань нэг чухал хэсэг болж, бидэнтэй ажиллаж, биднийг халуун дулаанаар хүлээн авсан Ханбогд сум, Өмнөговийн иргэд Та бүхэндээ мөн баярлалаа.
Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу Толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ.
Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, Рио Тинтогийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно.
Энэ нь Рио Тинтогийн хувьд дэлхийн эрчим хүчний шилжилтэд нэн хэрэгцээтэй түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх стратегийн зорилтын чухал хэсэг юм.
Оюу Толгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хүртэл багагүй хугацаа шаардагдах ч яг энэ цаг мөч бидэнд хамтын түншлэлээр юунд хүрч чадахыг харуулж байна.
Бид урт удаан үргэлжлэх хамтын ажиллагааныхаа ердөө эхэн үедээ яваа гэдэгт итгэдэг. Цаашид үргэлжлэх хамтын ажиллагаа маань илүү үр дүнд хүргэх нь дамжиггүй.
Рио Тинто групп Оюу Толгойн шууд хөрөнгө оруулагч болсны үр дүнд “Эрдэнэс Оюу Толгой” компанитай илүү ойр хамтран ажиллаж, Оюу Толгойн жинхэнэ үнэ цэнийг бүтээлцэж, улмаар Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно.
Монгол Улс цаашид тогтвортой, бүх хүнд тэгш боломж олгох хөгжлийг товхинуулах хязгааргүй чадвартай гэдэгт би эргэлздэггүй. Оюу Толгой зогсолтгүй ажиллаж байгаа цагт уурхайг түшиглэн илүү их хөрөнгө оруулалт татаж, энэхүү бүс нутагт илүү олон төсөл хэрэгжүүлж, илүү олон ажлын байрыг бий болгож чадна.
Ирэх саруудад Ерөнхий сайд, Засгийн газартай хамтран ажиллаж, энэ ажилд Рио Тинто хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг тодорхойлохдоо таатай байх болно. Бид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахад бэлэн байна.
Угтах он жилүүдэд Монгол Улс хөгжин, цэцэглэхтэй зэрэгцэн дэлхийн зах зээлд өдөр алгасалгүй зэс нийлүүлэх энэхүү уурхай нь хувь эзэмшигчдэдээ өгөөжөө өгч, төсөвт орлого бүрдүүлсээр байх болно. Энэ бол бидний хамтын ирээдүйн суурь билээ.
Хатагтай, ноёд оо…
Аян замын нөхөр байж, хамтын түүхийг бичилцэж буй Та бүхэнд баярлалаа.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна