Улс төр
Албан ёсны хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Гадаад хэргийн сайд М.Чавушолутай албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд сайд нар хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийв.
Хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлсэн үг:
“Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Чавушолу Таны урилгаар танай сайхан оронд албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна. Найрсаг, дотноор хүлээн авч, зочилж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэ айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 1992 оноос хойш буюу 31 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал гэдгээр онцлогтой.
Юуны өмнө өнгөрсөн сард Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь нас хохирч, ихээхэн гарз хохирол учирсанд дахин эмгэнэл илэрхийлж, монголчууд бид туркийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа гэдгээ нотлохыг хүсэж байна. Газар хөдлөлтөөс үүдсэн хүндрэл бэрхшээлийг туркийн төр засаг, ард түмэн бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Гадаад хэргийн сайд М.Чавушолутай хийсэн албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болж, хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын харилцааны олон чухал асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Монгол Улс “гуравдагч хөрш”, Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж байдаг.
Тухайлбал, хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааны түвшнийг ахиулж “стратегийн түншлэл”-д хүргэхээ талууд нотолж, ирэх жил тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтуулан дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Бид 10 жилийн өмнө Монгол, Туркийн худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилт тавьж байсан. Худалдааны эргэлт өнгөрсөн жил 110 сая ам.долларт хүрч, тавьсан зорилтоо бид хэрэгжүүлж чадсан нь чухал амжилт юм.
Манай хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэх боломж бий гэдэгтэй бид санал нэгдэж, худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 2 дахин өсгөж, 200 сая ам.долларт хүргэх зорилт тавьж ажиллахаар тохиролцлоо.
Экспорт, импортыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй баримт бичгүүд байгуулж, өнөөдөр бид гарын үсэг зурлаа. Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэх, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулахаар мөн тохиролцлоо.
Манай улс 70 гаруй сая толгой малтай бөгөөд жил бүр 25-30 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй. Мөн дэлхийн ноолуурын 40 хувийг дангаар нийлүүлдэг. Тиймээс мал аж ахуйн салбарт, тухайлбал, малын гаралтай бүтээгдэхүүний (арьс, шир, дайвар бүтээгдэхүүн) экспортыг хөнгөвчлөх зорилгоор хорио цээр, эрүүл ахуйн шаардлагуудыг харилцан нийцүүлэх чиглэлээр ажиллаж, мал эмнэлэг болон холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгдлээ.
Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тулгамдаж байсан тээвэр, логистикийн асуудлыг хоёр тал хэлэлцэн шийдвэрлэж чадсан. Тухайлбал, агаарын тээвэрлэгч МИАТ, Изинис, Туркиш Эйрлайнс зэрэг компани Улаанбаатар-Истанбул хооронд долоо хоногт өдөр бүр, Улаанбаатар-Анкара, Анталья хооронд долоо хоногт 5 удаа шууд нислэг үйлдэх боломжтой болсон. Мөн манай Иргэний нисэхийн ерөнхий газраас Туркийн “MNG AIRLINES” компанид Истанбул-УБ чиглэлд агаарын ачаа тээвэр гүйцэтгэх зөвшөөрлийг олгосон. Агаарын тээвэрлэлт эрчимжих нь иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, бизнес харилцааг идэвхжүүлэх, аялал жуулчлалыг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Турк Улсын “Туркийн зуун” хөгжлийн бодлого, зорилтуудыг харилцан уялдуулж, хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болохуйц томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх сонирхлоо онцоллоо.
Монгол Улсын Засгийн газраас хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, “Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах” зэрэг томоохон төсөлд Турк Улс манай улстай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Туркийн хүмүүнлэгийн дипломат ажиллагаа дэлхий нийтийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж байгаа нь цар тахлын үед, Орос, Украины хямралын үед тодоор нотлогдсоныг онцолж, бид энэ бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Мөн талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд өрнүүлж ирсэн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.
Энэ айлчлал хоёр орны харилцааны түвшнийг ахиулах, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал хэрэгжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт хамтын ажиллагааг баяжуулах, дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх зэрэгт хувь нэмэр оруулах үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэж байна.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна