Нийгэм
Ц.Тулга: Барилгын чанар, аюулгүй байдалд бүх түвшинд анхаарах шаардлагатай
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас хотын барилга байгууламжуудын газар хөдлөлт тэсвэрлэх чадавхийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээний талаар тодрууллаа.
–Улаанбаатар хотын барилгын аюулгүй байдал, чанар, эрсдэлийн үнэлгээ ямар түвшинд байна вэ?
-Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн 29 мянган барилга, байгууламж Улаанбаатар хотод байдаг. Үүний 19 мянга нь 2002 оноос өмнө, 10 мянга орчим нь үүнээс хойш баригдсан.
Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өөрөөр хэлбэл, хотыг тойрсон газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд бий тул эрсдэлтэй нөхцөл үүсэж болзошгүй. Энэ утгаараа барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын стандартын асуудал анхаарал хандуулах ёстой, тулгамдсан сэдэв болж байна.
2010 оноос хойш Хот байгуулалт, хөгжлийн газар барилгын газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээг хийж эхэлсэн. 2023 оны байдлаар нийт 944 барилга дээр газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийгээд байна. Тухайн үеийн зөвлөмж, журмын дагуу 2002 оноос өмнө баригдсан нийтийн зориулалттай орон сууц, олон нийтийн барилгуудад энэхүү үнэлгээг хийж ирсэн юм.
-Эдгээр барилгын газар хөдлөлт тэсвэрлэх чадвар хэр байна вэ?
-2002 оноос өмнө баригдсан 1844 барилга байдаг. Үүний ихэнх нь буюу 1320 нь орон сууц, 524 нь олон нийтийн барилга байгаа юм. Эдгээрээс 900 гаруй барилгад газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээг хийхэд 354 нь тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн 98 барилгыг хүчитгэж бэхлэх шаардлагатай, үлдсэн нь газар хөдлөлтөд тэсвэртэй байна гэсэн үнэлгээ дүгнэлт гарсан байна.
-Газар хөдлөлтөд тэсвэргүй нь ямар барилгууд байна вэ?
-2002 оноос өмнө баригдсан барилгуудын хийц, бүтээцийн хувьд авч үзвэл ихэнх нь тоосгон барилгууд байна. Өөрөөр хэлбэл, 1940-1960 онд баригдаж эхэлсэн барилгуудын чанар, эдэлгээний хувьд анхаарах шаардлагатай, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үзэж байгаа юм.
-Тэгэхээр энэ барилгуудыг хэрхэх вэ, ямар арга хэмжээ авах вэ?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын ахлах байцаагч ашиглахыг хориглох шийдвэр гаргана. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн барилгыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах төслүүд хэрэгжээд явж байна. Тухайлбал, энэ төслийн хүрээнд Хан-Уул дүүрэг дэх Нэхмэлийн шар орчмын орон сууцны барилгуудад шинэчлэн барилгажуулаж төсөл хэрэгжиж буй.
Хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан барилгууд бий. Эдгээр барилгыг хэрхэн хүчитгэх вэ гэдэг нь тулгамдсан асуудал болж байгаа. Энэ тал дээр хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, өөрөөр хэлбэл хууль, дүрэм журам гаргах, стандарт норм батлах шаардлага үүссэн гэсэн үг.
Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх хоёрдугаар төслийн хүрээнд үүн дээр онцгой анхаарч байна. Эхний ээлжинд 10 барилгад хүчитгэл, бэхэлгээ хийх зураг төслийг боловсруулахаар төлөвлөсөн.
Мөн Улаанбаатар хотын барилгуудын дулаан алдагдлыг багасгах төслийг ХБНГУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн. Ингэхдээ хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан барилгад эхлээд бэхэлгээ, хүчитгэл хийгээд дараа нь дулаална гэсэн байдлаар ажил үргэлжилж байна.
Газар хөдлөлт тэсвэртэй гэсэн үнэлгээтэй барилгуудыг паспортжуулж байна.
2002 оноос хойш баригдаж байгаа барилгуудын тухайд материалын чанар, хийц бүтээц болон зураг төсөл дээр газар хөдлөлт тэсвэрлэх стандарт, норм нь хангагдсан гэж үзэх ёстой.
Гэхдээ сүүлийн 20-иод жилийн хугацаанд барилгууд яг технологи, зураг төсөл, хийц бүтээцийн стандартынхаа дагуу баригдсан уу гэдэгт хяналт тавих шаардлагатай. Энэ хүрээнд тодорхой үзлэг, шалгалт хийх шаардлага гарч ирж байна. Өмнө нь Мэргэжлийн хяналтын байгууллага энэ хөндлөнгийн буюу төрийн хяналтыг хэрэгжүүлж байсан. Гэхдээ барилгыг ашиглалтад хүлээж авахдаа бичиг баримтынх нь хувьд ч, зураг төслийнх нь хувьд ч бүрэн хянаж хүлээж авсан уу гэдгийг нягтлах, мөн шаардлагатай тохиолдолд үнэлгээ гаргахаар төлөвлөж байна.
-“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ, ямар үр дүн гараасай гэж бодож байна вэ?
-Зөвлөгөөний хувьд цаг үеэ олсон, нэн шаардлагатай арга хэмжээ гэж харж байна. Турк, Сирид болсон газар хөдлөлтийн үеэр хэр хэмжээний хохирол учирсныг бид харлаа. Байгалийн гамшгийг урьдчилан таах боломжгүй. Тэгэхээр бэлэн байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх нь нэн чухал.
Тиймээс ард иргэд, төрийн байгууллага, хувийн хэвшил гээд бүх түвшинд барилгын чанар, аюулгүй байдалд анхаарч, хууль журам, стандарт нормыг хангах шаардлагатайг энэ зөвлөгөөнөөр онцлон хэлэлцэх байх. Түүнчлэн бүтээн байгуулалтын явцад хяналтыг маш сайн тавих, материалын чанар, хийц бүтээц, зураг төслийн дагуу гүйцэтгэж буй, эсэхийг шалгах нь маш чухал гэдэг утгаараа энэ зөвлөгөөн ач холбогдолтой болно гэж харж байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө