Нийгэм
С.Төмөрдулам: Нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа барилгуудад урьдчилсан үзлэг шалгалт хийнэ
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдуламаас тодрууллаа.
-Барилга байгууламжийг ашиглалтад оруулах явц хэрхэн өрнөдөг вэ?
-Монгол Улсын хэмжээнд барилга барьж эхлэхээс ашиглалтад өгөх хүртэлх хугацаанд нийт 33 хууль, 26 дүрэм, 86 стандарт мөрдөгдөж байна. Ашиглалтад оруулах тухайд Засгийн газрын тогтоолын дагуу дүрэм баталсан байдаг. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 16 байгууллагын 16-18 хүний бүрэлдэхүүнтэй комиссын бүрэлдэхүүн барилга байгууламж дээр ажилладаг.
Аливаа барилга байгууламжийг ашиглалтад оруулахын тулд эхлээд хувь хүн, байгууллага, төрийн байгууллага мэдээж хүсэлт гаргах ёстой. Энэ хүсэлтээс гадна барилгын ажлыг эхлүүлсэн зөвшөөрөл, захиалагчийн дүгнэлт, зохиогчийн дүгнэлт гэсэн бичиг баримтыг эхний ээлжинд авч үзээд, үүнийхээ дагуу газар дээр нь очиж судалдаг. Ингэхдээ барилгын ажил дууссан байна уу, ямар шатандаа явж байна вэ гэдгийг судлаад төлөвлөгөө, хуваариа гарган батлуулаад энэ дагуу ажиллана.
Комиссын бүрэлдэхүүнд 16 байгууллагын 18 хүний төлөөлөл багтдаг тул мэдэгдэл хүргүүлэх, төлөвлөсөн хугацаанд газар дээр нь цуглуулах зэрэг зохион байгуулалтын ажлыг мөн хийдэг.
Барилга байгууламж дээр очсон комиссын бүрэлдэхүүнд байгаа мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл өөрсдийн чиг үүргийн дагуу баримт бичгүүдтэй танилцана, биет үзлэг хийнэ. Ингэсний дүнд Засгийн газраас баталсан дүрмийн дагуу санал хурааж барилга ашиглалтад оруулах, эсэхийг шийддэг.
Дүгнэлт гаргасны дараа шаардлагатай тохиолдолд ажлын 14 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэг даалгавар өгдөг. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн бол гарын үсгээр баталгаажуулаад Хотын стандарт, хяналтын газраас акт дүгнэлт гаргадаг.
-Энэ явцад ямар бэрхшээлүүд тулгардаг вэ, барилга ашиглалтад оруулахдаа юуг анхаарах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд бичиг баримтын бүрдүүлэлт муу байдаг. Энэ тал дээр хангалтгүй байх тохиолдол олон. Тэр дундаа зохиогч болон захиалагчийн дүгнэлтийг буруу бичдэг. Гэтэл зохиогч, захиалагч, гүйцэтгэгч гурав хяналтаа тавьж, шалгалтаа хийгээд дүгнэлтээ гаргаснаар барилга чанартай байна уу, стандартын шаардлага хангасан уу гэдэг нь тодорхойлогддог, маш чухал үзүүлэлт. Үүн дээр алдаа гаргах нь түгээмэл байдаг. Бид тэр дүгнэлтийн дагуу газар дээр нь биет үзлэг хийгээд алдаа гаргасан бол засуулна, стандартад нийцүүлнэ.
Үүнээс гадна түгээмэл гардаг нэг зөрчил нь батлагдсан зураг төслийнхөө хүрээнд барилгын ажил, гүйцэтгэлээ хийхгүй байх. Тухайлбал, зураг төслийнхөө дагуу авто машины зогсоолоо баталчихдаг, гэхдээ дараа нь хэмжээг нь багасгачихдаг тохиолдол байна. Ингэхээр галын аюулгүй байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх тал дээр хүндрэл учирна. Түргэн тусламжийн машин зогсох боломжгүй болно.
Тиймээс бид энэ зураг төслийн талаас нэлээд зөрчил, алдаа дутагдлыг арилгуулдаг, засуулдаг гэж хэлж болно.
-Тэгэхээр зураг төслийн дагуу барилгаа барьж байгаа, эсэх нь маш чухал байх нь?
-Тийм. Төрийн байгууллагын буюу хөндлөнгийн хяналтаас гадна Барилгын тухай хуулийн дагуу шат шатандаа оролцогч талууд бүгд хяналт тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ нь зохиогч, захиалагч, гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч, эрх бүхий байгууллагууд гээд бүгдэд хамаатай.
Зохиогчийн хяналтыг хэрэгжүүлээгүйгээс асуудал гарвал хэн хариуцах вэ? Эсвэл барилга байшингийн нэг давхрыг өөрчлөөд хана туургыг нь нурааснаар эрсдэл учирвал яах вэ?
Барилгын чанар, аюулгүй байдал гэдэг хүний амь нас, эрүүл мэндэд хамаатай маш чухал асуудал шүү дээ.
-“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Энэ зөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Барилгын зохиогч нь хэн бэ, захиалагч ямар үүрэгтэй вэ, гүйцэтгэгч компаниуд юуг анхаарах ёстой вэ гээд барилгын чанар, аюулгүй байдлын стандарттай холбоотой асуудлуудыг үүрэг хариуцлагаар нь ялгасан маш тодорхой мэдээллийг бид өгөх юм. Энэ талаар нэгдсэн ойлголттой болоод, хариуцлагыг хаа хаанаа хүлээж ажиллах нь зөвлөгөөнд оролцогч байгууллагууд, иргэдийн хувьд ач холбогдолтой, чухал сэдэв болно гэж харж байна.
-Төрийн хяналт шалгалтын тухай хууль шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор барилга байгууламжийг ашиглалтад оруулах тал дээр ямар өөрчлөлт гарсан бэ?
-Өнгөрсөн онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль шинэчлэгдсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд барилгын аюулгүй байдал, барилга угсралт талаасаа төлөвлөгөөт шалгалт, төлөвлөгөөт бус шалгалт, гүйцэтгэлийн шалгалт гэсэн ангиллууд байсан. Харин хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу урьдчилсан хяналт шалгалтыг хийж болно гэж заасан.
Тэгэхээр одоо нийслэлд баригдаж байгаа барилга байгууламжийн барилга угсралт, зураг төсөл, материал, хийцийн талаасаа стандартад нийцэж байна уу гэдгийг мэргэжлийн байцаагч нар, инженерүүд урьдчилсан байдлаар хянах боломжтой болж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд энэ жил баригдаж байгаа 669 барилга дээр барилга, дэд бүтцийн улсын мэргэжлийн байцаагч нар урьдчилсан үзлэг, шалгалт хийнэ.
Ингэхдээ хяналт, шалгалт гэхээс илүү зааварчилгаа өгөх, зөвлөн тусалж ажиллана. Барилга ашиглалтад орсны дараа иргэдийн аюулгүй байдлаас гадна барилгын гүйцэтгэлийн явцад тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ч аюулгүй байдал чухал. Тиймээс Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын хөдөлмөрийн хяналтын мэргэжилтнүүдтэй хамтраад аюулгүй байдлыг хангаж ажиллахад тусална.
-Тусалж, зөвлөгөө өгч ажиллана гэж та онцоллоо. Энэ талаар тодруулбал?
-Улаанбаатар хотод баригдаж байгаа энэ бүх барилгын бүтээн байгуулалт, угсралтын явцад чанар, стандартыг хангуулах тал дээр нэн тэргүүнд зөвлөн, зааварчилгаа өгч ажиллана. Тухайлбал, барилгын талбайн хашааг стандартын дагуу цэгцлэх, шинэчлэх, тороо татах гээд зөвлөөд явах юм. Мэдээж, алдаа зөрчил байвал хэрхэн арилгах, ямар арга хэмжээ авахыг хэлж өгнө, үүн дээр мөн хугацаа зааж өгнө. Алдаа, зөрчлөө заасан хугацаанд нь засаагүй, арилгаагүй бол хууль журмын дагуу хариуцлага тооцох асуудал яригдах юм.
-Ярилцсанд баярлалаа.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө