Нийгэм
Утаанаас салах маш амархан, ердөө хагас кокс
Ч.ЧУЛУУН
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахтай зэрэгцээд өнөө уушигны дайсан утаа хаалга тогшиж эхэллээ. Гэр хорооллынхон ч хэдийнэ галаа түлээд эхэлчихэж. Намрын хүйтэн бороо гэрийн дээвэр дэлдэж байхад утаа гаргахгүй гээд хөвөнтэй хөнжилдөө бөмбөлзтөл чичирч хонолтой биш, шахмал түлшээ түлэн утаагаа үйлдвэрлэж л таарна. Одоохондоо яах вэ, айлууд өглөө оройдоо пийшингээ галлах байх. Харин өвлийн эхэн сар гаруут Монголын тэнгэрт утаа жинхнээсээ олгойдно. Ядарсан нэг нь хөлдөж үхэхгүйн тул гал гарч болох бүхнийг түлж эхэлнэ. Арваад жилийн өмнө гэрэл зурагчин, соёлын гавьяат Т.Чимгээтэйгээ хамтран Дэнжийн мянга, Далан давхрын айлууд шөнийн цагаар юу түлж байгаа талаар шөнийн сурвалжлага хийж явахдаа үнэмшихэд бэрх зүйлтэй нүүр тулсан. Түлээ, нүүрс худалдаж авах тэнхэлгүй иргэд дугуйн хаймар түлэх энүүхэнд. Хөлдөж үхсэн, муур, нохой, гөлөг түлж байсан гээд төсөөл дөө. Хөлдөж үхсэн ч амьтан л юм хойно арьс, яс ,мах нь тослог байдаг тул уугиад нэг шөнийн ая даадаг юм гэх нэгэнтэй таарсан. Тийм зүйлээс гарч байгаа утаа ямар хор хөнөөлтэйг хэлүүлэх юун. Ирэх өвөл ч тийм амьдрал үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй. Амьдрал жилээс жилд дордож байна шүү дээ, үнэндээ.
Ирэх долоо хоногоос шөнөдөө хасах хэм рүү шилжинэ. Ингээд л та бид утаат амьдралдаа морилж, зуны гурван сар түр амсхийсэн уушиг дахиад л хордож, хамрын нүхнээс минь нус биш тортог гоожих вий. Тэр их утаа униар, угаар, өмхий самхайг яаж шуухан давах талаар хорин жил дэвхцэж.
Шулуухан хэлэхэд, Монгол Улс утаатай тэмцэх аргаа олохгүй мунгинаж, мөлхсөөр 20 жил болсон юм биш үү. Тэр хэмжээгээр утаа хэмээх ёроолгүй сав руу тэрбум тэрбумаар нь цутгасаар. Утаа байх байдгаараа.Өнөөдөр мөн л утааныхаа асуудлыг ярьсаар. Харин утаатай тэмцэх нэрээр элдэв төсөл санаачилсан нөхдүүд баяжсан сураг дууллдаг. Утаатай хэрхэн тэмцсэн түүх цахим сүлжээнд он дарааллаараа байгаа тул түүнийг дахин нурших нь илүүц. Харин би сонирхож үзлээ. Бид чинь эхлээд энэ муу утаа чинь зуухнаас болоод байгаа юм байна гээд л утаа гаргадаггүй зуух гээчийг тарааж. Асуудал шийдэгдээгүй тул гэр хорооллыг дахин төлөвлөх замаар инженерийн шугамд холбох нь хамгийн зөв гарц гэж үзсэн ч санаан зоргийн ажил биш байж таарсан. Мэдээж шүү дээ. Аргаа бараад алдагдал хүлээн, хүлээн цахилгааны шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлсэн байх юм. Ирэх өвөл ч үзүүлэх биз. Энэ мэтчилэн мунгинаж явсаар буруутныг илрүүлсэн нь түүхий нүүрс байж таарч. Засгийн газар ч яаралтай арга хэмжээ аван нийслэлийн хэмжээнд Түүхий нүүрс түлэхийг хориглох тухай шийдвэр гарган шахмал түлшний үйлдвэр байгуулан тонн тонноор үйлдвэрлэж эхэлсэн. Түүнийгээ нутагшуулахын тулд хөөрхий Таван толгой түлш ХХК-ний ажилтан, албан хаагчид үйлээ үзсэн дээ. Өвөлжин гэр хорооллын гудамжаар бэдэрч айлын хаалга нүдэн, айлын пийшин зууханд үзлэг хийн, авгайд нь галаа хэрхэн түлэх, үнсээ яаж авахыг зааж өгсөн. Яг үнэндээ Монголын төр яндан хөөлөх хэмжээнд очтолоо “доошоо” орсон. Тэгэхгүй бол иргэд нь хэдэн арваараа угаартаж үхээд байсан юм чинь. Угтаа “Баяраа өөрөө ширээн дээрээс үсэрчихсэн юм байна лээ шүү дээ” гэдэг шиг иргэд өөрсдөө буруутай. Дулааны улирал эхэлмэц яндангаа таглаж бөглөхгүй хаячихаар зунжин орсон бороонд тоосго нь нурж пийшингийнх нь хоолойг бөглөж орхино. Үүний улмаас шаталт явагдах үед түлшнээс ялгарах утаа жам ёсоороо дээшээ сорогдох бус пийшингийн амаар гарч угаартдаг байна. Үүний буруутан нь төр болсон. Түүхий нүүрсээ түлж сурсан иргэдийг хүчээр шахмал түлш гээчийг бий болгож, түлүүлсэн гэдгээрээ төр бурууддаг. Гэтэл дэлхий дахин хэдийнэ түүхий нүүрсээс татгалзаж, кокс рүү шилжсэн байдаг. Харин манайх шахмал түлштэйгээ сууж буй. Гэхдээ үүнийг алдаа гэж бодохгүй байна. Дэлхий дахины туулсан замаар бидэнтэй ижил. Тэр л жамаар явж байна даа. Монгол Улсын нийслэл утаатай, агаарын бохирдол ихтэй хотуудыг тэргүүлсэн хэвээр. Салхитай өдөр цэлмэг тэнгэрийн хаяа харж баясчихаад салхигүй үед нь утаандаа хөвөөстэй. Бидний сонсохыг, ойлгохыг хүсэхгүй байгаа бодит үнэн энэ. Бид одоо яах ёстой вэ. Шахмал түлштэйгээ хорвоог барах уу. Өөр арга зам хайх уу. Энэ л бидний толгойн өвчин болоод буй. Тавантолгой түлшийн үйлдвэрлэж буй угаасан нүүрсний чанар муудаж байгаа тухай муу мэдээ чих дэлсээд байдаг. Үнэн бол арайхийж барьж авсан агаарын чанарын үзүүлэлт салхинд хийсч хуучиндаа очино хэмээн албаны нөхөд хэлж байна лээ.
Европ шиг хийгээр халаадаг болъё гэхээр өнөөдрийн утаагаа дахин 20 жил уушгилах гээд байдаг. Бээжин, Сөүл гэх мэт хүчирхэг эдийн засагтай хотууд ч хийн хэрэглээнд шилжиж хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй юм чинь Монгол Улсын хувьд цаг нь болоогүй байна. Тиймээс дэлхийн жишгийг даган хагас кокс руу шилжих явдал. Шилжсэн улс утаанаасаа салж чадсаныг үзээд ирлээ. Бээжингийн тэнгэрт од яралзаж буй харах Ши Жинпиний мөрөөдөл биелэхээд тун ойрхон иржээ. БНХАУ хагас коксийн цогц үйлдвэрүүдийг ар араас нь шил даран ашиглалтад оруулжээ. Өнөөдрийн байдлаар150 гаруй үйлдвэр хагас кокс үйлдвэрлэн дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй хөрш зэргэлдээ орших Солонгос, япон руу экспорлож эхэлсэн байна. Бидэнд хөтчилсөн хөтчийн танилцуулснаар, БНХАУ–ын нийслэл Бээжин болоод бусад томоохон хотууд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрмэгц хүнд үйлдвэрүүдээ яаралтай нүүлгэж, 2015 оноос хагас коксон түлш үйлдвэрлэхэд гол хүчээ хаях бодлого хэрэгжүүлсний үр дүнд утаанаасаа ангижирчээ. Үйлдвэрүүдийн дийлэнх нь жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автоматжсан цогцолбор үйлдвэр. Хүчин чадлын тухайд манайд яг тохирох юм байна лээ. Ямар өртгөөр босох бол гэх асуулт сэтгүүлч бүрийн амнаас гарч байсан. Бидний үйл ажиллагаатай нь танилцсан цогц үйлдвэрүүд манай мөнгөөр бол 500 тэрбум орчим төгрөгөөр боссон байна лээ. Манайд арай өндөр дүнгээр босох нь ойлгомжтой. Яаж ийж аргалж байгаад ганц ч болов үйлдвэртэй болохсон доо.
Хагас кокс бол коксжсон нүүрс биш гэдгийг та бүхэнд онцолж хэлэх байна. Нүүрсийг угаасны дараа 600-800 хэмд боловсруулахад гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдгийн нэг нь хагас кокс. Түүгээр нь манай дарга нарын ойлгуулах гэж үйлээ үзээд байгаа орчин үеийн технологийн шийдэл бүхий шахмал түлш үйлдвэрлэдэг аж. Тэрхүү түлш нь бидний хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний дараагийн хувилбар болох илчлэг өндөртэй, илүү шаталттай түлш гээд ойлгочиход гэмгүй. Харин хэрэглэхдээ мод өрж түүнийгээ цаасаар асаах бус зориулалтын аса уурыг ашиглах ёстой юм билээ. Үүнийг газар дээр нь нүдээр үзсэн хүний хувьд нэг бүрчлэн тайлбарлаж буй хэрэг. Эрчим хүчний яамныхан миний хэлсэнчлэн цогцолбор үйлдвэрийг оруулж ирэх саналаа төрд тавьжээ. Ингэхдээ Багануурын нүүрсний уурхайг түшиглэх гэнэ. Нүүрснээс хагас кокс ялгаж авах үйлдвэр байгуулахад хамгийн багадаа 18 сарын хугацаа шаардагдана гэж холбогдох албаны хүмүүс нь танилцуулсан. Нүүрснээс хагас коксоос гадна хий, давирхай ялгардаг. Цог үйлдвэр гэсний тухайд гаргасан авсан хийгээр цахилгаан станц нь цахилгаан үйлдвэрлэдэг бол хоёр дахь түүхий эд болох давирхайгаар нь нүүрсхимийн үйлдвэрүүд нь шатах тослох материал цаашлаад цардмал замын үндсэн гол материал болох битумыг гаргаж авдаг аж. Дашрамд өгүүлэхэд, Үйлдвэржилт өндөр хөгжсөн улсад бол нүүрс-хими-эрчим хүчний цогц үйлдвэрүүд хагас кокс биш давирхайг нь чухалчилдаг гэсэн.
Хагас коксон түлш гэдэг ийм л учиртай ажээ. Үнэндээ хятадууд нүүрсээр тоглож байна лээ. Хагас коксоор шорлогны нүүрс хүртэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буйгаа үзүүлж байсан. Шорлогны нүүрс гэхээр хус модноос гаргаж авсан гэх америк нүүрсийг л та бид мэддэг. Харин урд хөршийнхөн утаа ялгардаггүй, хүний эрүүл мэндэд нөлөө байхгүй байгальд ээлтэй технологи хэмээн томорч байдаг шүү. Тиймээс бидэнд хагас коксон түлш рүү шилжихээс өөр гарц байхгүй юм билээ. Хятадууд бидэнд нэг д зүйлийг хэлсэн. Тэр нь “Та бүхэнд шинээр унадаг дугуй зохион бүтээх шаардлага бий гэж үү” хэмээсэн явдал. Үнэндээ тийм. Бидний нэг муухай араншин бол аливааг монголчлох гэдэг эс бөгөөс өөрийн эрх ашгийн төлөө гүлдийж хэвтсээр цаг хугацаа алдан эдийн засгаараа хохирч үлддэгийн жишээ бол утаа. Утаа болохоо байлаа хэмээн улаанбаатарчууд боож үхэх шахдаг байсан бол эдүгээ Өвөрхангай, Дархан, Орхон, Дорноговь гээд аймгийн төвүүд утаанд идэгдэж буй. Тиймээс хагас коксон түлшний үйлдвэрийг оруулж ирэх, нутагшуулах тал дээр саналаа нэгтгэх хэрэгтэй байна.
Дэлхийн жишгийг дагахаас өөр зам бидэнд үгүй гэдгийг дахин дахин хэлье. Монгол утаа гэж тусдаа зүйл үгүй. Хамгийн том гарз хохирол бол эрүүл мэнд, цаг хугацаа. Хамгийн үнэ цэнэтэй хоёр зүйлийнхээ төлөө бүсээ чангалаад л болов зүтгэх цаг иржээ.
Тодорхой хэмжээний туршлага, нөөц бололцоо ч байна шүү дээ. Хагас коксоор хийсэн түлшийг энгийн хэрэглээнд нэвтрүүлж, хорт утаанаас салах явдал. Нийгэмд дуулиан, шуугиан дагуулаад байгаа хагас коксжсон түлшийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тодорхой бүсүүдэд туршилт хийж, энгийн хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан нь дэмжвэл зохих асуудал мөнөөс мөн. Энэхүү шийдвэр ирэх арванхоёрдугаар сарын 15-аас эхлэх бөгөөд 45 хоногийн турш айл өрхүүдийн хэрэглээнд нэвтэрнэ гэсэн үг юм. Ингэснээр хүссэн ч, эс хүссэн ч коксжсон түлшийг хэрэглэх нь тодорхой. Гэхдээ улс төр, нам, сонгууль ярихгүйгээр нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьж байгаа л бол Монгол Улс коксжсон түлшийг энгийн хэрэглээнд заавал нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгж байж Улаанбаатар утаанаасаа салах юм.
———— Ганзоооо доор бичсэн зүйлээр цонх хийгээрэй ————
– БНХАУ-ын Шань Ин мужид байрлах Сентай Нью шахмал түлшний үйлдвэр нь 2013 онд байгуулагдсан бөгөөд 100 гаруй хүнийг ажлын байраар хангадаг байна. Тус үйлдвэр нь хагас коксын шахмал түлш үйлдвэрлэдэг бөгөөд жилд 600 мянган тонныг энгийн хэрэглээнд нэвтрүүлж, зах зээлд нийлүүлдэг аж. Тус үйлдвэрийн ажил хавар зогсч есдүгээр сарын 15 -аас мужуудынхаа захиалгын дагуу үйлдвэрлэлээ эхлүүлж нийлүүлэлтээ эхлүүлдэг байна. Энэ үйлдвэрийн технологийн тухайд хагас кокс түлш үйлдвэрлэхийн тулд шороо, барьцалдуулагч, нунтаг кокс гурваа нийлүүлж, гурван төрлийн орцоор шахмал түлш үйлдвэрлэдэг аж. Коксжсон түлшнээс утаа гардаггүй бөгөөд угаартах тохиолдол өнөөг хүртэл бүртгэгдээгүй байна. Түүнээс гадна илчлэг өндөртэй тул дулаанаа удаан хадгалах, үнс бага гардаг хэмээсэн. Харин коксжсон шахмал түлшийг тусгай зориулалтын асаагчаар асаах бөгөөд тус үйлдвэр аргалаар зориулалтын асаагчийг үйлдвэрлэжээ. Мөн хийн газаар асааж болох аж.
-Шэнмү энержи девелопмент нь дэргэдээ химийн болон коксжсон түлшний цогцолбор үйлдвэр. Тус үйлдвэр нь 14 жилийн туршлагатай бөгөөд коксоор хийсэн түлш утаагүй, илчлэг өндөр, асахад хялбар, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэх тайлбарыг өгч байв. Тус үйлдвэр нь жилдээ 800 мянган тонн хагас коксжсон түлшийг үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн.
– Ван зонг вэй еэ шахмал түлшний судалгаа үйлдвэрлэл, борлуулалтын үйлдвэр нь 1999 онд байгуулагдсан бөгөөд нүүрс, коксжсон шахмал түлш, хими, цахилгаан станц зэргээс бүрдэнэ. Тус үйлдвэр нь техник, технологиороо БНХАУ-д нэлээд дээгүүрт эрэмбэлэгддэг аж. Түүхий нүүрс угаах үйлдвэр нь 900 мянган тонны хүчин чадалтай. Энэхүү үйлдвэр нь 150 мянган тонны дөрвөн ширхэг зуухтай дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, коксжсон шахмал түлш, шорлогны түлш, давирхай зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг байна. Гадны улс руу бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг гэж байлаа. Савлагааны хувьд манайх шиг 25 кг уутанд коксжсон шахмал түлшээ савладаг. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс хамгийн эрэлт хэрэгцээтэй нь коксжсон болон шорлогны түлш байдаг байна. Утаа гарахгүй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй учраас ийнхүү эрэлт хэрэгцээ их байдаг ажээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав