Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн IV хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой хувийн хэвшлийнхнээс ирүүлсэн санал, дэлхийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын эсрэг авах арга хэмжээний талаарх танилцуулга зэргийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, манай улсад үүсэж буй эрсдэлийн талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өглөө. Дэлхийн тодорхой бус байдлын индекс түүхэн хугацааны хоёр дахь өндөр түвшинд хүрчээ. 2020 онд цар тахлын улмаас уг үзүүлэлт 56 хүрч байсан бол АНУ-ын сонгууль ба геополитикийн эрсдэлүүдийн улмаас 53 болжээ. Азийн хөгжлийн банкнаас мэдээлснээр Худалдааны дайны нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 0,4 хувиар, 2026 онд -0.7 хувиар, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2025 онд 0,4, 2026 онд 0.9 хувиар тус тус агших төлөвтэй байна. Энэ нөхцөл байдал нь уул уурхайн бүтээгдэхүүнээс голчлон төсвийн орлогоо бүрдүүлдэг манай улсад сөрөг нөлөө үзүүлж буй. Иймд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулах, “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөгжлийн банкийг экзим банк болгох, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг танилцуулав. Мөн тэрбээр “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл бол “Алсын хараа-2050” хөтөлбөрт туссан, хамтарсан Засгийн газрын зайлшгүй хийх ёстой асуудал. Тодорхойгүй байдал үүсэж, хөрөнгө оруулалт хумигдаж байгаа энэ цаг үед зах зээлээ тэлэх том боломж юм” гэлээ.
Манай улсын хувьд экспортын орлого өмнө оны мөн үеэс нэг тэрбум ам.доллароор бага, нүүрсний үнэ 38 хувиар буурсан ч нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны түвшинд байна. Зэсийн баяжмалын үнэ өмнөх оноос 19 хувиар, экспортын биет хэмжээ 26 хувиар тус тус өндөр байна. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар байна.
Мөн тус хуралдааны үеэр Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, харьяа сангуудын болон үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн (АМНАТ) хуваарилалтыг хийх хувилбаруудыг Сангийн яамнаас танилцуулав.
Танилцуулгуудтай холбогдуулан зөвлөлийн гишүүдээс гаргасан санал зөвлөмжийг нэгтгэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Эрчим хүчний дэд зөвлөлийн гишүүн Б.Баатармөнх Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг танилцууллаа. МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн байгууллагуудаас 270 гаруй санал ирүүлснийг нэгтгэн 12 санал, шийдэл дэвшүүлжээ. Эрчим хүчний тухай үзэл баримтлал нь анх 2001 онд батлагдсан бөгөөд өдгөө шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Тухайлбал, шинэ төслийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэх, тус салбарт барилга, үйлдвэрлэл, газар ашиглалт зэрэг 48 төрлийн зөвшөөрөл авдаг. Үүнийг хялбаршуулж, олон улсын жишгийн дагуу “Зөвшөөрлийн нэг цонхны үйлчилгээг” нэвтрүүлэх нь зүйтэй гэжээ.
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгчийн ангилал бий болгох, хэрэглээг гэрчилгээжүүлэх, Шинээр хөрөнгө оруулагчидтай тогтвортой байдлын гэрээ байгуулах зохицуулалтыг хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан төсвийн татаасын асуудлыг тодорхой болгож уялдуулах, Эрчим хүчний төслүүд дээр своп хэлцлийг ашиглах боломжийг олон улсын гэрээгээр шийдэх зэрэг хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа гэж хувийн хэвшлийнхэн үзсэн байна.
Ерөнхий сайд эрчим хүчний салбар дахь олон салангид ойлголтыг нэгтгэх, хууль эрхзүйн орчныг уялдуулан, сайжруулах шаардлагатай байгааг дурдаад анхаарал хандуулж, ажиллахаа илэрхийллээ. Мөн геополитик, геоэдийн засгийн нөхцөл байдал, худалдааны татварын огцом өөрчлөлт, хямрал нь манай эдийн засгийн урт болон богино хугацааны бодлогод сорилт болж, цар тахлын үетэй адил бэлэн байдлыг шаардаж байна. Үүнд хувийн хэвшлийнхний оролцоо, дэмжлэг хэрэгтэй тул хамтран ажиллах боломжуудын талаар санал гаргаж, нэгтгэн танилцуулах чиглэл өглөө. Цаашид Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаанд хувийн хэвшлийнхний хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн хөгжилд үр өгөөжөө өгөх томоохон төслийн талаарх мэдээллийг сонсож, Засгийн газраас зохих дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах механизмыг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.